Хариу гомдол чуулганы танхимд үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Хариу гомдол чуулганы танхимд үргэлжлэв

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой гэсэн гишүүдийн шаардлагаас улбаалаад Засгийн газрын чадамжийг ч хөндөж мэдэхээр халуун гал дүрэлзсэн өдрүүдийн буухиа ерөнхийдөө өнгөрөгч баасан гаригийн Засгийн газрын мэдээллийн цаг хүртэл үргэлжилсэн долоо хоног өндөрлөв. Үүгээр сүүлийн хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн Оюутолгойг тойрсон асуудал цэг тавигдаагүй ч эхний тайлал  тодорхой болсон гэж хэлж болохоор байна. УИХ-ын гишүүдийн шаардлагаар Засгийн газар Оюутолгойн орд газарт хөрөнгө оруулагчдыг хэлэлцээрийн ширээний ард урьсан урилга тус ордод хөрөнгө оруулагчид төдийгүй дэлхийн санхүүгийн зах зээл дээр цогнойн гарч ирж байсан Монголтой хамааралтай компаниудын хувьцааны үнийг унагаж болзошгүй нь гэсэн айдаст таамаглал Монгол Улсын Засгийн газар болоод “Айвенхоу майнз” болон “Рио Тинто” компаниуд хамтран мэдэгдэл гаргаснаар хэсэгтээ л намжсан болов уу.

Үүний өмнө нь буюу өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга, Ерөнхий сайд болоод намуудын төлөөллийг хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтын дараахан буюу тухайн өдрийн 20.00 цагт дээр өгүүлсэн хамтарсан мэдэгдлийг олон нийтэд зарласан билээ. Харин энэхүү мэдэгдлээс улбаатай гомдол УИХ-ын чуулганы танхимд үргэлжиллээ. Ерөнхий сайдыг УИХ-д мэдээлэл хийхээс өмнө Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхийг шаардаж байсан УИХ-ын нэр бүхий 20 гишүүн мөн хэвлэлийнхэнд хандаж, цаашид ард түмнээсээ дэмжлэг авч, үгээ тод дуугарна гэж мэдэгдээд амжсан билээ. Ингээд өнгөрсөн долоо хоногийн улс төрийн болоод эдийн засгийн амьдралд өрнөсөн хамгийн гол дуулианы тайлал, үргэлжлэл болсон баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы талаарх тоймыг хүргэж байна.
   
ЗЭЭЛДЭГЧИЙН ТҮҮХ ХАДГАЛАГДАНА

Өнгөрөгч баасан гаригийн чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар үндсэндээ хоёр хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болсон. Эхэнд нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийсэн аж.

Хуулийн төслийг гол агуулгыг тайлбарлавал иргэн, аж ахуй нэгжид зээл олгохдоо зээлтэй эсэхийг нь тодорхойлохтой холбоотой харилцаа, зохион байгуулалтыг хуульчлах тухай аж. “Одоо ч зээл авахад Монголбанкнаас зээлийн мэдээлэл гаргуулдаг шүү дээ” гэж бодож байгаа бол энэ харилцаа нь өнөөг хүртэл бүрэн гүйцэд хуульчлагдаагүйтэй холбоотой гэнэ.

Боловсруулсан хуулийн төслөөр зээлийн мэдээлэл хэт нээлттэй байх нь иргэн аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөж болзошгүй учир энэ хуулиар зээлийн мэдээллийг солилцох журмыг нарийвчлан, Монголбанкнаас зээлийн мэдээллийг ашиглах солилцох байгууллагад зөвшөөрөл олгох цуцлах, хяналт тавих, мэдээллийг цуглуулах, хадгалах, нууцлалыг хамгаалах, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа явуулах этгээдийн дүрмийн сангийн доод хэмжээг тогтоож, мэдээллийн санд ажиллах хүн боловсрол туршлагатай, ял шийтгэл эдлэж байгаагүй байх, зээлийн мэдээлэлд хууль бусаар өөрчлөлт засвар оруулбал хүлээлгэх хариуцлага, мэдээллийн үйлчилгээ үзүүүлэх болох мэдээллийг хэрэглэх этгээдийн хооронд байгуулах гэрээний стандартыг тодорхой болгож, үйлчилгээний төлбөрийг хэрхэн тогтоох зэргийг хуульчилж байгаа аж.

Ингээд хэлэлцүүлгийн үеэр зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгана гэж байнгын хорооноос санал оруулсныг төсөлд зааснаар буюу сайн мэдээллийг 10 жил, сөрөг мэдээллийг зургаан жилээр хадгалан лавлагаанд тусгана гэж өөрчлөөд эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үүний дараа Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцэхээр болсон юм. Монгол улсад өнөөдөр дөч гаруй мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 9500 Улаанбаатарт 30 гаруй мянган буу орон нутагт байдаг ба эдгээрийн эзэмшигчдэд зориулсан хуулиар ямар зохицуулалттай байх нь удахгүй тодорхой болохоор боллоо.

ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЭРХЭЭ ЭДЭЛЧИХСЭН ГЭВ

Үдээс хойшхи чуулганы хуралдаан Засгийн газрын мэдээллийн цагаар үргэлжиллээ. Засгийн газрын үйл ажиллагааны тайланг Ерөнхий сайд С.Батболд танилцуулав. Мэдээллийн эхэнд эдийн засгийн нөхцөл байдлын талаар “Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 3000 орчим ам.долларт хүрээд байна. Эдийн засгийн өсөлт тогтвортой байвал 2012 оны эцэст хөтөлбөрт дэвшүүлсэн 5000 долларт хүрэх бололцоо бүрдэнэ. Сүүлийн гурван жилд нэгдсэн төсвийн орлого 88,6 хувь, нэгдсэн төсвийн зарлага 72,9 хувьд хүрлээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалт тогтмол 28,6 хувиар өсч, нэгдсэн төсвийн алдагдал 42.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 50.3 хувиар, үүнээс гаалийн татварын орлого 1.6 дахин өсч 1 их наяд 23 тэрбум 312 сая төгрөгт хүрсэн” талаар эерэг мэдээллийг танилцуулсан ба энэ талаар сүүлд нь гишүүдийн зүгээс “гаднаас мөнгө авчрах гэж яарахын оронд дотоод дахь нөөцөө ашиглаач, Хөгжлийн банкны хөлдөө орохыг хүлээсээр байтал бүтээн байгуулалт зогсчихлоо. Тендер их оройтож зарлагдаж байна” гэх сүүдэрт буй асуудлыг ч гаргаж ирсэн байна.

Засгийн газрын “Рио Тинто”, “Авейнхо майнз” компанитай хамтран мэдэгдэл гаргасантай нь холбогдуулан Ерөнхий сайдаас асуулт асуух нь тодорхой байсан тул хэрхэн тайлбар хийх нь хүлээлт үүсгэж байв.

Ерөнхий сайд ч энэ өдрийн гол сэдэв болох Оюутолгойн асуудалд танилцуулгынхаа багагүй хэсгийг зориулсан байв. Тэрээр “Одоо Оюутолгойн төслийн бүтээн байгуулалтын ажил 50 хувьдаа хүрээд байгаа. Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалтад шууд болон гэрээт хэлбэрээр нийтдээ 11,000 гаруй монголчууд өнөөдрийн байдлаар оролцож байгаа бөгөөд энэ оны сүүлч гэхэд ил уурхайд 600 орчим хүн ажлын байртай болохоор байна.Төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжин үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа эхлэх үед нийт ажилчдын 90 гаруй хувь буюу 3500 гаруй монголчууд байнгын ажлын байраар хангагдах болно. Оюутолгой төслийн хүрээнд ажил үйлчилгээ гүйцэтгэж, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Монгол Улсад бүртгэлтэй нийт 2500 гаруй аж ахуйн нэгжүүд төслийн үйл ажиллагаанд оролцож байна. Зөвхөн энэ онд гэхэд 240 гаруй сая ам.долларын ажил, үйлчилгээг гүйцэтгэхээр байна. Оюутолгой төслөөс Монголын талын олох нийт 29.1 тэрбум ам.долларын 19.2 тэрбум ам.долларын орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх татварын орлогоос бүрдэнэ. Оюутолгойн төслийн нийт ашгийн 59 хувийг татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг хэлбэрээр Монгол Улс авна. Оюутолгойн төслийн гэрээнүүд, үйл ажиллагаа нь бүх талаараа өө сэвгүй сайхан болсон гэж хэлэхгүй. Үүнийг ч Засгийн газар ойлгож байгаа. Энэ оны зургадугаар сард Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл болох “Эрдэнэс МГЛ”-д санхүүгийн ихээхэн ашигтай зүйл заалтыг харилцан тохиролцсон. Тус төслийг удирдан авч явж буй “Рио Тинто” компани аливаа нэг төрийн өмчийн этгээдэд хувиа зарах, шилжүүлэх тохиолдолд Монгол Улсаас бичгээр зөвшөөрөл авах гэрээг ч бас харилцан тохирсон. Хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйлд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолд дурдсаны дагуу өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийх байр сууриа Засгийн газар есдүгээр сарын 23-нд илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар хоёр талаас санал солилцож, хамтарсан мэдэгдэл өчигдөр гаргалаа. Мэдэгдэлд “Хөрөнгө оруулалтын гэрээний 15.30-д “Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасан. Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний энэхүү зүйлд заасан эрхийн дагуу холбогдох өөрчлөлт оруулахаар санал солилцох байр сууриа илэрхийлсэн гэж “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компаниуд үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас илэрхийлсэн байр суурийг “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компани хүндэтгэн үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэн дэмжиж байгааг талархан тэмдэглэж байна” гэв.

Уг мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьсан ба Н.Батбаяр Засгийн газар болоод “Рио тинто”, “Айвейнхоу майнз”-ийн хамтарсан мэдэгдлийг шүүмжилж,  “Ерөнхий сайд хүнийхээ хувьд ганцаараа шийдэж гаргасан уу, эсвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан уу” гээд энэ асуудлыг хэлэлцсэн хуралдааны протоколыг нэхэв.

Үүнийх нь хариуд Ерөнхий сайд С.Батболд “Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг бий. Засгийн газрын гишүүд оролцсон ажлын хэсэг байдаг. Ажлын хэсгийнхний хувьд  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан тогтоолд дурдсаны дагуу Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар яриа хэлэлцээр хийх байр сууриа илэрхийлэх ажлын хэсэг байгуулсан. Бүрэлдэхүүний хувьд өргөн. Ингээд өргөтгөсөн төрийн институциудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцсон байгаа. Ажлын хэсгүүд эцэслэн ярилцсаны үр дүнд Ерөнхий сайд дээр ажлын үр дүн танилцагдаж хэвлэлийн мэдэгдэл гарсан. Хэвлэлийн мэдэгдэл буюу Засгийн газрыг төлөөлж мэдэгдэл хийх байр суурь эрх Засгийн газарт тэр дундаа Ерөнхий сайд ажлын хэсэгтэй зөвшилцөж, ажлын хэсгийн саналын дагуу гаргах эрх байдаг юм” гэж хариулав.

Оюутолгойн гэрээг ярьсны араас Тавантолгойн асуудал мөн яригдсан бөгөөд энэ талаар Ерөнхий сайд “УИХ-аас баталсан 2010 оны 39 дүгээр тогтоолд хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж нэгдсэн консерциумтай хэлэлцээр хийж, дамжин өнгөрөх тээвэр, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл,  урьдчилгаа төлбөр зэрэг асуудлуудыг тохиролцох үүрэг өгсөн. Энэ асуудлуудаар Цанхийн баруун хэсгийн талбайд гадаадын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хэлэлцээр хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад бид тодорхой санал зөвлөмжүүдийг авсан байгаа. Яриа хэлэлцээрийг ид идэвхитэй үргэлжлүүлж байна. Энэ асуудлыг бид ойрын хугацаанд эцэслээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, УИХ-даа өргөн бариад ойрын хугацаанд шийдэх ёстой. Зүүн Цанхийн ажил эхлээд явж байгаа. Баруун Цанхийн үйл ажиллагаа эхлэх нөхцөл бүрдсэн нөхцөлд Монгол Улсын иргэд бүрэн хэмжээгээр нь 536 ширхэг хувьцааныхаа үнэ цэнийг олж авна. Одоо бол нэг дугуй нь хөдлөөгүй байна. Тийм учраас бүрэн хэмжээгээр үнэ цэнийг нь олгоод яг одоо олон улсын жишгийн дагуу бүрэн хэмжээгээр нь үнэ цэнэтэй хувьцаа болгож үнэлгээг нь эцэслэх ажлыг бид хамтдаа шуурхайлж хийх ёстой. Энэ ажил одоо ид хийгдэж байна” гэлээ.

Хариулт шаардсан асуудал олон, асуулт тавих гишүүд их байсан тул Засгийн газрын мэдээллийг цаг сунган сонссоор энэ удаагийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж