“Facebook” Орост салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“Facebook” Орост салбараа нээлээ

Олон улсын онлайн нийгмийн харилцааны сүлжээ “Facebook” Оросын Москва хотод салбараа нээлээ гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ. Тус компани Оросын үүрэн телефоны операторуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Дэлхий даяар 400 гаруй сая хэрэглэгчтэй “Facebook” дэлхийн хамгийн том нийгмийн харилцааны сүлжээ юм. Түүний гол өрсөлдөгч “My Space” 2009 онд Орост салбараа нээсэн ч зардлаа багасгах үүднээс буцаан хаасан. “Facebook” компани Оросын гол гурван үүрэн телефоны оператор болох “MTS”, “Vimpelcom”, “Megaton” нартай хамтран ажиллах болно. Тус вэб сайт одоогоор дэлхийн 100 гаруй гар утасны операторуудтай хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сараас Их Британий тэргүүлэх гар утасны оператор “Vodafone” компани “Facebook” рүү үнэгүй мессеж бичих үйлчилгээ эхлүүлсэн. “Facebook” компани Орост ашигтай ажиллана гэдэгт зарим мэргэжилтнүүд эргэлзэж байгаагаа нуухгүй байна. Судалгааны “TNS Gallup Media” компани “Facebook” Орост 4.9-6.5 сая орчим л хэрэглэгчтэй болох байх гэж тооцоолж байгаа юм. Харин “Facebook”-ийн гол өрсөлдөгч Оросын нийгмийн сүлжээний “VKontakte” компани одоогийн байдлаар 18 сая орчим хэрэглэгчтэй байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж