
Монголын чөлөөт бөхийн холбоо, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын хамтран байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-тай хамтран зохион байгуулж буй тус тэмцээн өнөөдөр 14 цагаас Хан-Уул дүүргийн БТСХ-ны зааланд эхэллээ.
Анх удаа зохион байгуулж буй хөвгүүдийн багийн аварга шалгаруулах тэмцээнд 1993 оноос хойш төрсөн өсвөрийн тамирчид оролцох эрхтэй бөгөөд 46кг, 50кг, 54кг, 63кг, 69кг, 76кг, 84кг, +100кг-ын жинд /Нэг баг найман тамирчинтай байна/ өрсөлдөх юм байна. Тэмцээнийг чөлөөт бөхийн лигийн тэмцээний дүрмийн дагуу шүүх аж. Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчдын амжилт, ур чадварыг ахиулахад тодорхой үүрэг гүйцэтгэх, өндөр ач холбогдолтой тус тэмцээнд нийт есөн дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид оролцох талаар зохион байгуулагчид хэллээ.