П.Сэрдамба хүрэл медалийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба хүрэл медалийн эзэн боллоо

Олимпийн наадмын эрх олгох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Есдүгээр сарын 26-нд эхэлсэн ДАШТ-ий хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр үргэлжилж байгаа юм.

Дэлхийн аваргын найман жинд найман тамирчнаа илгээсэн Монголын баг тамирчдаас 49 кг-ын жинд Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба хагас шигшээд Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Шин Жун-Хунтай тоглож, ялагдал хүлээлээ. Улаан булангаас гарч тоглосон манай тамирчин 11:20 (4:4, 3:7, 4:9) харьцаатай ялагдсан юм. Хэдийгээр медалийн өнгөө хувиргаж чадаагүй ч манай тамирчин Лондонгийн олимпийн эрхээ өвөртөлж, боксын дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо.

П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6 (2:1, 5:3, 4:2) харьцаатай, улмаар Колумбын боксчин Сейбер Авиллатай тоглож, 13:12 (3:3, 5:2, 5:7) харьцаатай ялалт байгуулсан бөгөөд медалийн төлөөх тоглолтод боксын эх орон гэгддэг Кубын тамирчин Йосвани Вейта Сотог эхний үе өндөрлөхөөс 16 секундын өмнө хүнд цохилтоор буулган авсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж