
Мэдээлэлд дурдсанаар Засгийн газрын зүгээс улс орныхоо эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2009 онд -1.6 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт 2010 онд зургаан хувь, 2011 оны сүүлээр 20 орчим хувьд хүрэх төлөвтэй байгааг дуулгалаа. Хэдийгээр 2008-2009 онд санхүү эдийн засгийн хямрал нүүрлэж, банк, санхүү, дэд бүтцийн салбаруудад хүнд цохилтонд орсон ч, Олон улсын валютын сан болон бусад санхүүгийн байгууллага, мөн УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд энэ бүхэн ард хоцорч өнөөдрийн эдийн засгийн өсөлт бий болсон гэдгийг мэдэгдэж байна.
Мөн нэг хүнд ногдох ДНБ 3000 ам.доллартай тэнцэж байсан бол ирэх онд 5000 ам.долларт хүрнэ. Уул уурхайн эрчимтэй хөгжлийг дагаад ажлын байрууд олноор бий болж, 56700 иргэн шинээр ажилтай болсон гэсэн таатай мэдээллийг дуулгалаа. Өөрөөр хэлбэл, дээрх хэмжээний иргэн ажилтай болсноор ажилгүйдлийн төвшин нэг оронтой тоонд шилжиж 8.7 хувь руу орсон юм байна. Ажилгүйдлийн төвшин буурснаар өрхийн орлогод эерэгээр нөлөөлж, хүн амын бодит амьжиргаа дээшлэх таатай боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Түүнчлэн Засгийн газар байгалийн баялгаас олж байгаа орлогоо иргэн бүртээ тэгш хүртээхэд анхааран ажиллаж буй. Энэ ч үүднээс Хүний хөгжил сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрт бэлнээр болон бэлэн бусаар мөнгө олгохоор болсон. 2008 онд амласан 1.5 сая төгрөгийг өгөх зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байгаа гэдгийг мөн тэмдэглэлээ.