
-СоцИнтернийн Ази-Номхон далайн бүс нутгийн хорооны хурлыг Монгол Улсад хийх болсон шалтгааны талаар тодруулахгүй юу. Оролцогчид талууд бас хэрхэн хүлээн авсан юм бол. МАН гишүүнээр элсээд хэр удаж байгаа вэ?
-Дэлхийн СоцИнтерн гэдэг бол зөвхөн нэг тивийнх биш дэлхийн хэмжээний байгууллага болчихоод байна. Нийтдээ 160-170-аад нам энэ байгууллагын гишүүн болсон. Дэлхийн улстөрийн намуудыг нэгтгэсэн ийм том байгууллага СоцИнтернээс өөр байхгүй л дээ. Энэ үзэл санаа дэлхийд Европт анх бий болоод одоо Ази, Африк, Латин Америкт хүчээ авч байна. Тийм учраас энэ СоцИнтернийн бодлогоос зөвхөн нэг бүс нутгийн бус нийт дэлхийн хөгжил хамаарч байна. Манай нам энэ байгууллагын гишүүн болоод нэлээд хэдэн жил болж байна. Монгол оронд ардчилсан хөгжил шинэчлэл өрнөсөн цагаас эхлүүлээд хөлөө зөв олох гээд нэлээд эрэл хайгуул хийсэн. Тодруулж хэлбэл, 1990-ээд оны сүүлээр тэр үеийн намын удирдлагууд намын бодлого боловсруулж СоцИнтернийн гишүүнээр элсэх ёстой юм байна, өөрийнхөө бодлогыг энэ чигт төвлөрүүлж явуулах нь зүйтэй юм байна гэдэг шийд гарсанаас хойш бид гурав дөрвөн жил ажиглагч байдлаар оролцож байгаад гишүүн болсон. Өнөөдрийн уулзалтыг бид хоёр дахь удаагаа өөртөө хүлээж авч, зохион байгуулж байгаа юм. Одоо бид дэлхийн бүх улстөрийн намууд тэр дундаа зүүн төвийн намуудын анхаарал татаж байгаа эдийн засгийн хөгжлийг хүний хөгжилтэйгээ яаж холбох юм бэ. Жишээлбэл, уул уурхайг байгаль орчны хамгааллын зөв бодлоготойгоо яаж хослуулах вэ гэсэн тулгамдсан асуудлууд зөвхөн Монголд биш, дэлхий даяараа ийм асуудалд орчихоод байгаа. Энэ асуудлаар ярилцая нэг. Хоёрт, дэлхийн эдийн засаг банк санхүүгийн байдал амаргүй байна. Хямралын хоёр дахь давалгаа ирж байгаа гэсэн харанга дэлдээд эхэллээ. Жишээлбэл, Европт болж байгаа үйл явдлууд, Америкт болж байгаа банк санхүүгийн зах зээл дээр хүндрэл бэрхшээлүүд маш хүчтэй илрээд гараад ирлээ. Ийм нөхцөлд СоцИнтернийн намуудын нэлээд хэсэг нь Засгийн эрх барьж байгаа намууд байгаа. Нэлээд хэсэг нь Засгийн эрх бариагүй ч гэсэн хүчтэй сөрөг хүчний байр суурьтай байгаа. Энэ том том бодлогуудыгаа хоорондоо яаж зохицуулах юм бэ гэсэн асуудлаар ярилцах, хэлэлцэх сайхан бололцоо олдлоо гэж бид үзэж байгаа. Энэ талаар ч гэсэн өнөөдөр манай СоцИнтернийн ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала гуай ярсан.
-Танай намаас ямар асуудлыг тавьж хэлэлцүүлэх вэ?
-Манай талаас хоёр асуудал тавьж хэлэлцүүлье гэж байгаа. Ялангуяа эдийн засгийн хөгжил ба байгаль орчны асуудал гэдэг эмзэг асуудал дээр МАН-ын байр суурь юу юм бэ гэдэг талаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын дэд дарга Н.Энхболд илтгэж танилцуулна. Нөгөө нэг асуудал нь Социал демократ үзэл социалист үзэл соцИнтернийн үзэл санааг дэлхий даяар хөгжин дэлгэрүүлэхэд Ази Номхон далайн бүс нутгийн онцлог нь юу байгаа юм бэ, давуу тал нь юу байна. Бэрхшээл нь юу байна, энэ чиглэлийн манай бүс нутгийн намууд юун дээр анхаарах хэрэгтэй байна гэдгээ аминчилж ярина. Ийм сайхан бололцоо олдож байна. За тэгээд өөр бусад асуудлууд. Жишээлбэл, СоцИнтернийн хүрээнд ерөнхийдөө өөрчлөлт шинэчлэлтийг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Том байгууллага учраас хоорондоо ярих зөвлөх асуудлууд бий Хойтон жил СоцИнтернийн их хурал маань болно. Тэрний өмнө гишүүн намууд тодорхой асуудлуудыг тавиад тэрэндээ гарц олох ёстой. Ер нь 30-аад асуудлууд бий түүнийгээ ч энэ удаад хэлэлцэнэ.