
Тус хурлыг нээж СоцИнтернийн ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала хэлсэн үгэндээ “СоцИнтернийн төлөөлөгчид Монгол Улсад дахин хүрэлцэн ирж энэхүү Ази-Номхон далайн бүс нутгийн хурлыг хийж байгаадаа баяртай байна. МАН бол СоцИнтернд маш идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бүрэн эрхт гишүүн нам юм. Бидний үнэт зүйлсийг эрхэмлэж улс орондоо төдийгүй бүс нутагтаа ардчиллыг бэхжүүлэх, нийгмийн ардчиллыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй МАН-ын үйл ажиллагааг СоцИнтернийн гэр бүл бид бүхэн үнэлдэг.
Дэлхийн эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй байгаа өнөө цаг үед эдийн засгийн асуудал мөн дэлхийн дулаарал, байгаль экологийн асуудалтай холбож хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэхээр бид цуглараад байна. СоцИнтерн нь Ази-Номхон далайн бүс нутагт үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж гишүүнчлэлээ өргөжүүлж байгаа төдийгүй, манай байгууллагын гишүүн олон намууд засгийн эрхийг барьж, бодлогоо хэрэгжүүлж бидний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж байгаа нь таатай байна” гэлээ.
СоцИнтернийн Ази-Номхон далайн бүс нутгийн хорооны ээлжит хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад олон зүйл шинэчлэгдэн хувьсан өөрчлөгдөж, буйг гадаадын төлөөлөгчдөд онцоллоо. Мөн энэхүү 20 жилийн 16 жилд нь МАН сонгогчдынхоо дэмжлэгийг авч Засгийн газрыг тэргүүлэн ажилласан болохыг онцлон тэмдэглэлээ. МАН уугуул нэрээ сэргээсэн явдал нь ч, хөгжилтэй нягт холбоотой болохыг чухалчиллаа.
Одоогоос зургаан жилийн өмнө СоцИнтернийн Ази-Номхон далайн анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан. Энэ удаагийн хурал түүнээс сэдвийн хувьд өөр, эдийн засгийн өсөлтийг байгаль орчныг хамгаалах асуудалтай хэрхэн холбож, уях вэ гэсэн өргөн сэдвийг хөндөх болж буйг хэлсэн юм.
Энэ удаагийн СоцИнтернийн Ази-Номхон далайн бүс нутгийн хорооны хуралд Грек, Швед, Зүүн Тимор, Энэтхэг, Австрали, Пакистан, Камбож, Бирм зэрэг орны төлөөлөгчид оролцож буй юм. Мөн тус хуралдааныг зохион байгуулж байгаа МАН-аас УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн С.Баяр, Байгаль орчны дэд сайд н.Жаргалсайхан, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын нарын хүмүүс оролцож байна.