“Барса” 3:1 “Арсенал”

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

“Барса” 3:1 “Арсенал”

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнөөс эхэллээ. Энэ жилийн Аваргуудын лигийг зүй ёсоор чимж байсан нэгэн сугалаа бол Испанийн аварга “Барселона” болон Английн “Арсенал” багуудын тулаан байсан юм. Өнгөрсөн жил мөн л хоорондоо таарч, “Барса”-гийн ялалтаар өндөрлөж байсан бол энэ удаад ч Каталоны баг илүүрхлээ. Талбайдаа хийсэн эхний тоглолтод Лондонгийн “Их буучид” 2:1 харьцаатай хожоод байсан ч өнгөрсөн шөнийн тоглолтод “Барселона” Кэмп Ноу цэнгэлдэхдээ өрсөлдөгчөө буулган авч чадсан юм. Өнгөрсөн жил “Арсенал”-тай хийсэн тулаанд дөрвөн гоол оруулж байсан Лионель Месси өнгөрсөн шөнийн тоглолтод дубль хийснээр багаа шөвгийн наймд үлдэхэд голлох үүргийг гүйцэтгэв. Тоглолтын эхний хагасын нэмэлт цагт Месси тооны харьцааг нээсэн юм. Гэвч хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад Серхио Бускетс булангаас ирсэн дамжуулалтыг мөргөж, өөрийнхөө хаалганд оруулснаар тоглолтын тооны харьцаа 1:1 болон тэнцжээ. Энэ гоолоос хойш хэдхэн хормын дараа буюу 57 дахь минутад Робин ван Перси шүгэл дуугарсны дараа хаалга руу бөмбөг цохисноор талбайн шүүгчээс хоёр дахь шар картаа авч, багаа 10-ууланг нь талбайд үлдээсэн. Голланд довтлогч өөрийнхөө энэ харамсалтай үйлдлийг цэнгэлдэхийг дүүргэсэн 95 мянган фанатын дуу дэндүү чанга байсан учир шүглийн дууг сонсоогүй хэмээн тайлбарлажээ. Нэгэнт талбайд хүн дутуу болсон учир “Их буучид” хамгаалалтандаа анхаарч, харин “Барса”-гийн довтолгоо ширүүсч эхэлсэн. Улмаар 69 дэх минутад Шави, 71 дэх минутад Месси гоолдсоноор Каталоны баг Кэмп Ноу цэнгэлдэхдээ 3:1 харьцаатай ялалт байгуулж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:3 харьцаатай дараагийн шатанд шалгарлаа.

Мөн өчигдөр Украйны “Шахтёр Донецк” Италийн шилдгүүд болох “Рома”-г талбайдаа хүлээн авч, 3:0 харьцаатай хожсоноор хоёр тоглолтын нийлбэрээр 6:2 харьцаатай ялалт байгууллаа. Италид болсон эхний тоглолтод 3:2 харьцаатай хожсон “Шахтёр”-оос Виллиан дубль хийж, Эдуардо нэг гоол оруулснаар талбайдаа итгэл төгс ялалт байгуулжээ.

Харин өнөөдөр Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд үргэлжилнэ. Италийн “Тоттенхэм” талбайдаа “Милан”-ыг хүлээн авах бол “Валенсия” Германд очиж, “Шальке 04”-ийн талбайд зочилно.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж