
“Улс төрийн тойм” сонины саяхны нэгэн дугаарт гарсан А.Эрдэнэбат, П.Анужин нар Ерөнхий сайдыг эхнэртэй нь “атгажээ” гэх нийтлэлд бичсэнээр бол А.Эрдэнэбат гэгч Шивээ-Овоогийн ордын лицензийг эзэмшдэг “Шинэ-Шивээ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал бөгөөд өөрийгөө “Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын итгэмжит хүн, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн дүү” хэмээн тодотгодог ажээ.
Ардын намын залуу боловсон хүчний нэг гэгдэх болсон энэ залуугийн эхнэр П.Анужин мөн л Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүний албыг хашдаг нэгэн гэнэ. Өмнө нь тураах төв ажиллуулж, бизнесээрээ дамжуулан нэр нөлөө бүхий улстөрч эрхмүүдийн эхнэр, улстөрч эмэгтэйчүүд, урлаг соёлын алдартнуудтай дотно нөхөрлөх болсон энэ бүсгүй өдгөө Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй хамтран “Монгол туургатны 100 эрхэм” ток шоу хөтөлж байгаа юм.
МАН-ын лидерүүдтэй ийн дотносох болсон А.Эрдэнэбат гэж залуугийн талаар сонирхолтой нь өнөөдрийн ихэнх хэвлэлүүдэд “МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн Амалхааны Эрдэнэбат нь бизнесийн хамтын ажиллагаа, гэрээ хэлцлийн заалт, тохиролцооныхоо сахилга батыг байнга зөрчиж, итгэл эвддэг нэгэн тул түүний зүгээс хамтран ажиллах хөрөнгө оруулалт хийх санал ирсэн нөхцөлд эрсдлээс сэргийлэх, хянамгай байхыг Монголын нийт ард иргэд, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд нөхөрсгөөр сануулж байна. Эрсдэл танаас холуур өнгөрөг” гэсэн “Сэрэмжлүүлэг”-ийг англи, монгол хэл дээр нийтлүүлсэн байх юм.