Гэр хорооллыг цэвэр, бохир усны шугамд холболоо

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг цэвэр, бохир усны шугамд холболоо

Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төсөл /НААСТ/-ийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Дамбадаржаагийн гэр хорооллын 96 өрх, найман байгууллага цэвэр усанд холбогджээ. 1997 оноос хойш хоёр үе шаттайгаар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хоёрдугаар шат ийнхүү биеллээ олж, өнгөрсөн долоо нээлтээ хийсэн юм.  Дэлхийн банкны санхүүжилтээр 1,2 тэрбум төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэсэн төслийн хүрээнд айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир усны шугамд холбосноос гадна бие даасан бага оврын цэвэрлэх байгууламжийг ч ашиглалтад оруулжээ.

Энэ талаар Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн нэгжийн удирдагч Л.Бадамхорлоогоос цөөн асуултад хариулт авлаа.

-Амжилттай хэрэгжиж дуусаад нээлтээ хийж буй энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн гэр хорооллын 96 айл, найман байгууллагыг цэвэр, бохир усанд холбоод, бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх бага оврын байгууламжийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө. Энэ ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийсэн. Нийт 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэй.

-Мэдээж гэр хорооллын айлуудыг цэвэр, бохир усны шугамтай холбоно гэдэг олон талын ач холбогдолтой…?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Тэдгээрээс, ялангуяа гэр хорооллын дэд бүтцийг хэрхэн шийдэх, усан хангамжийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг загвар болохуйцаар хэрэгжүүлж чадсан нь энэ төслийн гол ач холбогдол юм. Мөн дээрх 96 айл цэвэр, бохир усны шугамд холбогдсоноор нэгдүгээрт, эдгээр өрх айлын ундны усны чанар сайжирснаар эрүүл ахуйн нөхцөл дээшилж, элдэв халдварт өвчний тархалт ч буурахад бодит хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгож байна. Түүнээс гадна энэ олон хүүхэд, эмэгтэйчүүд, гэр хорооллын оршин суугчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, 100-гаад жорлон чөлөөлөгдсөнөөр хөрсний бохирдлыг багасгаж байгаа юм. Ер нь цаашдаа гэр хорооллыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдэхэд ямар техникийн шийдэл байж болох вэ гэдгийг туршсан эхний том алхам болж байгаа юм. Түүнчлэн бидний хувьд энэ төслөөс туршлага хуримтлууллаа, техникийн шийдлийг тодорхой хэмжээнд тодорхойлж, хэрэгжүүлж чадлаа. Сар гаруй хугацаанд туршиж үзсэн. Бүх зүйл хэвийн, сайхан ажиллаж байна.

-Гол нь хүйтний улиралд хэрхэн ажиллахаас төслийн үр дүн шалтгаалах байх?

-Тийм ээ. Бид төслийн үр дүнгээс сургамж хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын усны хангамжийн асуудлыг яг ийм бие даасан байдлаар шийдвэл Монголын хүйтний улиралд хэрхэн давж туулах вэ гэдгийг энэ өвөл харж, үр дүнг нь үзэх ёстой. Тиймээс төслийн туршид хамтран ажиллаж, нэг баг болж ажилласан Ус сувгийн удирдах газар, төслийн гүйцэтгэгч компаниудын зүгээс энэ өвөлд ихээхэн анхаарал хандуулж, өвлийг амжилттай давахын тулд гол анхаарлаа чиглүүлэн ажиллана гэж бодож байгаа.

-Энэ төсөл амжилттай хэрэгжиж, цэвэр, бохир усны шугамд холбосон нь гэр хорооллынхны хувьд их том зүйл гэж ойлгож байна. Иргэд, оршин суугчид ч сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байна?

-Тэгэлгүй яахав. Зарим айлын жорлон, угаалгын өрөө орон сууцны айлуудынхаас ч илүү гоё, сайхан болсон байна. Иргэд өөрсдөө амьдралын нөхцөлөө сайжруулахын тулд хөдөлмөрлөж, өөрсдөө бас суралцаж байна. Цэвэр, бохир усны шугамд холбогдсон дээрх айл өрхийн эзэмшилд байгаа газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш ч эрс өссөн. Оршин суугчид үнэхээр баяртай, сэтгэл хангалуун байгаа. Бид ч анхнаасаа төслийн талаар айл болгонд тусгайлан танилцуулж, нэг бүрчлэн гэрээ байгуулж ажилласан. Цэвэр, бохир усны шугам татахын тулд айлуудын хашаа хороонд нүх ухах зэргээр тав тухыг нь алдагдуулж, багагүй хүндрэл учруулж байсан ч иргэд их сайхан дэмжиж, тусалж ажилласан. Гүйцэтгэгч компанийн ажилтнуудыг халуун цай, хоолоор дайлж, чадлаараа дэмжиж байлаа. Жинхэнэ хамтын ажиллагааны хөдөлмөрийн үр дүн гэдгийг үзүүлж чадсан шүү.

-96 айлаас гадна найман байгууллага гэж байна. Тэдгээр нь ямар байгууллагууд байгаа вэ?

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, гал унтраах анги, хороод, эмнэлэг гээд дандаа төрийн үйлчилгээний байгууллагууд байгаа.

Цэвэрлэх байгууламжийн тухайд?

-Цэвэрлэх байгууламжийн тухайд хоногт 90 метр.куб бохир ус татаж аваад, цэвэрлэх хүчин чадалтай. Энэ хүчин чадал бол зөвхөн эдгээр 96 айл, найман байгууллагаар хязгаарлагдахгүй. Цаашид техникийн хүчин чадлыг өргөжүүлж, дахин 15-20 хувиар нэмэгдүүлэх нөөц бололцоог бодолцож байгуулсан байгаа. Бохир усыг татаж аваад цэвэрлэхэд процесст 100 хувь Германы технологи нэвтрүүлсэн. Цаашдын үйл ажиллагааг Ус сувгийн удирдах газар хариуцаж ажиллана.

-Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд энэ удаагийн ажлаас гадна нийслэлийн хэмжээнд ямар, ямар ажил гүйцэтгээд байна вэ?

-НААСТ хоёр үе шаттай хэрэгжсэн юм. Энэ удаагийн ажлаар хоёрдугаар үе шат дуусч байгаа гэсэн үг. Эхний үе шат 1997-2003 онд хэрэгжиж, долоон гэр хорооллыг цэвэр усны шугамд холбосон. Харин хоёрдугаар төсөл 2004 оноос эхэлж, Баянхошуу, Чингэлтэй, Дамбадаржаа, Дарь-Эх гэсэн дөрвөн том гэр хорооллыг цэвэр усны шугамд холбосноос гадна сүүлийн жил гаруй хугацаанд Дамбадаржаагийн гэр хорооллын 100-гаад айл өрх, найман байгууллагыг цэвэр, бохир усны шугамд холболоо. Төслийн хүрээнд дээрх дөрвөн гэр хорооллыг цэвэр усны шугамд холбохдоо худгуудыг нь цэвэр усны төв системд холбодог юм. Ингэснээр худгаас усаа авдаг иргэд усны машин ирэхийг хүлээлгүйгээр, хүссэн үедээ очоод усаа авах боломжтой болсноос гадна ундны усны шаардлага хангасан, хлоржуулсан ус гэр хорооллын иргэдэд хүрэх болсон юм. Дээрх туршлагаас үндэслэн бид гэр хорооллын айл өрх бүрт хүрч, бохир усны шугамд холбохын тулд техникийн шийдлийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар судалж, нарийн тооцоолсны үндсэн дээр дээрх ажлыг амжилттай гүйцэтгэж дууслаа. Ажиллагааны хувьд найдвартай, сайн ажиллана гэж найдаж байна. Хамгийн гол нь өвлийн улиралд хэрэглээ бага байгаа нөхцөлд хөлдөөхгүй байх гэдэг л бидний зүгээс гол анхаарлаа хандуулах зүйл болж байна.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж