
Эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6 (2:1, 5:3, 4:2) харьцаатай, улмаар Колумбын боксчин Сейбер Авиллатай тоглож, 13:12 (3:3, 5:2, 5:7) харьцаатай ялалт байгуулсан тэрбээр медалийн төлөөх тоглолтод боксын эх орон гэгддэг Кубын тамирчин Йосвани Вейта Сотог эхний үе өндөрлөхөөс 16 секундын өмнө хүнд цохилтоор буулган авсан билээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 49, 56, 64, 75 болон -91 кг-ын жингийн хагас шигшээ тоглолтууд Монголын цагаар 18.00 цагаас эхлэх бол 52, 60, 69, 81 ба +91 кг-ын тулаанууд 22.00 цагаас эхлэх юм.
Сануулахад, дэлхийн аваргын рингэнд гарч тулалдсан Монголын бусад ширэн бээлийтнүүдээс 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт Камеруны боксчин Бабу Махаман Смайлаг 20:10 харьцаатай, дараа нь Сент-Люсия улсын тамирчин Линдель Марселлинийг 20:6 (6:2, 8:2, 6:2) харьцаатай, улмаар Ираны боксчин Мехди Толутибандпийг 24:9 (8:4, 9:2, 7:3) харьцаатай илт давуу ялснаар медалийн төлөөх тулаанд шалгарсан. Харамсалтай нь, хүрэл медалийн төлөөх тоглолтод энэ жилийн Европын аваргын хүрэл медальт, Италийн тамирчин Винченцо Мангиакапред 11:16 (3:4, 3:2, 5:10) харьцаатай ялагдал хүлээсэн юм. Хэдийгээр медалийн тавцанд гарах боломжгүй болсон ч тэр Лондонгийн олимпийн эрхийн болзол хангасан.
Харин 52 кг-д Гавьяат тамирчин Н.төгсцогт, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай, 60 кг-ын жинд ОУХМ Б.Жавхлан нар шөвгийн 16-гийн шатанд ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Мөн 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат, 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр нар нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 75 кг-ын жинд ОУХМ Т.Чулуунтөмөр эхний тулаандаа Сербийн тамирчинтай тоглож, оноо тэнцсэн ч туслах оноогоор ялагдал хүлээсэн билээ.