Оюутолгойгоор хамтарсан мэдэгдэл гаргана

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Оюутолгойгоор хамтарсан мэдэгдэл гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, Засгийн газрын  Шадар сайд М.Энхболд,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар бараалхаж, цаг үеийн асуудлаар санал солилцов.  Ерөнхийлөгч  УИХ-аар хэлэлцэж байгаа УИХ-ын сонгуулийн хуулийн тухай, Оюутолгойн гэрээний эргэн тойронд сүүлийн үед болж буй үйл явдал зэрэг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, оролцогчдын саналыг сонссон юм.  Ерөнхийлөгч Сонгуулийн хуулийг сайн боловсруулж гаргах, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унаж, Европын орнуудад  эдийн засгийн хямрал эхэлж буй энэ үед  ХХI зууны бүтээн байгуулалт болсон Оюутолгойн гэрээ тойрсон маргаанаа зогсоож, нэг өдрийн өмнө боловч ашиглалтад оруулах, нэг төгрөгийн боловч хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ.  Оюутолгойн хувьцааны үнэ сүүлийн өдрүүдэд хоёр дахин унасан тухай ч уулзалт дээр дурдагдав. “Ардчилал, нээлттэй байдал гэхээр хэн дуртай нь үг хэлдэг биш, үндэсний эрх ашиг байх ёстой. Монголыг харсан дэлхийн нүд чих нээлттэй байна. Асуудлыг дотроо ярья. Оюутолгойн хөрөнгө оруулалт ярьж байтал асуудал үүсвэл байдал хэцүү болно. Ашиглалтад орох хугацаа хойшилбол Монголд хохиролтой. Эдийн засгийн өсөлтийн гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой хамаатай. Оюутолгойн асуудлыг Улаанбаатарт л ярих ёстой. Гадаад, дотоод хаана таарсан газраа мэдэгдэл хийгээд байх нь буруу” гэлээ. Оюутолгойд дэд бүтэц, цахилгаан хангамжийн бэрхшээлтэй асуудал бий. Түүнийг хэрүүл маргаангүй шийдэж болно гэсэн юм. Мөн тэнд ажиллагчдын эхнэр, хүүхдэд ажил, сургууль хэрэгтэй. Цэрэгт татагдсан мэт байдалд ажиллуулж таарахгүй гэсэн саналыг Ерөнхийлөгч гаргалаа.


Ерөнхий сайдын мэдэгдсэнээр Оюутолгойгоор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан тогтоолын дагуу хөрөнгө оруулагчидтай ярьж, Монгол Улсын хувь хэмжээг яаж нэмэгдүүлэх вэ гэсэн асуудлыг тавьжээ. Оюутолгойн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчид удахгүй хамтарсан мэдэгдэл гаргах гэж байгаа ажээ. Бүтээн байгуулалтыг тасалдуулалгүй ирэх жилээс үр ашгаа өгөх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Бичгээр хоёр талаас зөвшилцвөл гэрээнд өөрчлөлт хийж болох юм байна гэжээ. Мөн “Оюутолгой бол Монголын эдийн засгийн хувьд томоохон төсөл юм. Бид энэ төслийг зогсоох ёсгүй. Хөрөнгө оруулагчдын хувьд мэдээж Монголын Засгийн газрын зүгээс тавьсан саналд хүндэтгэлтэй хандсан. Гэхдээ яг одоогоор бидний саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Учир нь бид энэ гэрээний үр дүнг ч харж амжаагүй байна. Дараа жилээс үр ашгаа өгч эхлэх ёстой. Монголын тал дахь үр ашгийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бид ажиллана. Ингэх нь ч угаасаа гэрээний хүрээнд нээлттэй асуудал бөгөөд бид бичгээр харилцаж байгаа. Харин гагцхүү эргэлтэд орж эхлээгүй байгаа энэ төслийн үр ашгийн талаар бид одоо хэлэлцэх нь эрт байгаа юм” гэсэн талаар хэллээ.


Оюутолгойн асуудлаар УИХ-ын хаалттай хуралдаанд Засгийн газар байр сууриа илэрхийлэх боломжтойг Ерөнхийлөгч хэлсэн юм. Оюутолгой бол Монголын эдийн засгийн бие даасан байдлын баталгаа, Монголын нэрийг сайнаар ч, муугаар ч гаргаж чадна шүү гэдгийг Ерөнхийлөгч онцолж байв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хувьд Ерөнхийлөгч дэмжихгүй, хориг тавина гэдгээ өмнө нь мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг бүхэлд нь эсэргүүцэхгүй байх. УИХ-ыг 99 гишүүнтэй болгох чиглэлээр л эсэргүүцсэн байх” хэмээсэн ч Ерөнхийлөгч Үндсэн хуульд гар хүрэхийг бүхэлд нь дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. “Үндсэн хуульд бид өмнө нь өөрчлөлт оруулж сургамж авсан. Өмнөх долоон өөрчлөлт хэл ам дагуулсан. Өнөөдөр сайн юм хийлээ гээд суудаг. Харин маргааш тэр нь юу болох бол. Тэр талаас харж байна. Сонгууль хүртэл цаг хугацаа бага үлдсэн. Үндсэн хууль ярьж нийтийн хэлэлцүүлэг явуулбал цаг үеийн асуудлаас анхаарал холдох болно. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө Үндсэн хуульд ямар нэг байдлаар гар хүрч болохгүй” гэж Ерөнхийлөгч хэллээ.


УИХ-ын даргын тайлбарласнаар Сонгуулийн хуулиар Төрийн байгуулалтын байнгын хороогоор санал хурааж гүйцээгүй, нэгдсэн ойлголтод дөхөж байгаа бөгөөд дараагийн долоо хоногт чуулганы хуралдаанаар оруулж шийдэх боломжтой ажээ. Хуулийн 96-97 хувь дээр санал нэгдсэн, улс төрийн шийдэл л хүлээгдэж байгаа гэдгийг Ө.Энхтүвшин дарга тайлбарлалаа. 


Мэдэгдлийг ЭНД дарж үзнэ үү.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж