Уолл Стрийтийн хөдөлгөөн хүрээгээ тэлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Уолл Стрийтийн хөдөлгөөн хүрээгээ тэлэв

Нью-Йоркийн санхүүгийн дүүрэгт хэдэн мянган иргэд оролцсон эсэргүүцлийн жагсаал дахин өрнөж, бусад хотуудад өртөөлжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нийгэм дэх шударга бус хуваарилалтыг эсэргүүцсэн америкчууд Бруклиний гүүрнээс уруудан Уолл Стрийтэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх үеэр цагдаа нар 500 гаруй хүнийг баривчилсан юм. Америкчууд тус улсын баялгийн 50 хувийг хүн амын ердөө нэг хувь эзэмшиж байгааг эсэргүүцэж байгаа билээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийнхэн хүчирхэг үйлдвэрчний эвлэлүүдтэй нэгдэж, жагсаал улам өргөжиж байгаа ажээ. АНУ-ын зарим коллежийн оюутнууд ч жагсаалд нэгдэж байгаа гэнэ. Өчигдөр буюу лхагва гаригт Бостон, Чикаго, Лос-Анжелес болон Сан Франциско зэрэг хотод эсэргүүцлийн тайван жагсаал өрнөсөн байна. “Occupy Wall Street” буюу “Уолл Стрийтийг эзлэх” эсэргүүцлийн хөдөлгөөн гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.  Нью-Йорк дахь эсэргүүцлийн жагсаалд үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй нийлсэн 5000 гаруй америкчууд одоогоор нэгдээд байгаа юм байна.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын нэг, “Багш нарын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Майкл Мулгрю гэгч “Ройтерс”-ын сурвалжлагчид “Америкт шинэчлэл хийх цаг болсон. Бид үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө үүнийг хийж байна” хэмээн ярьжээ.  “Occupy Wall Street” хөдөлгөөн өнгөрсөн есдүгээр сарын 17-нд эхэлсэн бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үүдэнд иргэд эсэргүүцэл илэрхийлэн суулт хийж эхэлсэн юм. Түүнээс хойш  эсэргүүцлийн хөдөлгөөнийнхэн  “Zuccotti” паркт хэдэн арваараа суулт хийж байгаа юм байна. 2012 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни Нью-Йорк хотод эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг “Ангийн тэмцэл” гэж нэрлэсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж