Үндэсний шигшээд өөр хүмүүс ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Үндэсний шигшээд өөр хүмүүс ирлээ

Үндэсний шигшээ багууд дундаас хамгийн өндөр рейтингтэй харагддаг байсан жүдогийн шигшээгийн дасгалжуулагчдыг сольж, өөрчлөх тухай асуудал үндсэндээ өнөөдрөөр дуусгавар болж байна.

Есдүгээр сард болсон 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальгүй ирсэн нь ийн дасгалжуулагчдыг өөрчлөх шалтгаан болсон гэдгийг Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд удаа дараа тайлбарлаж байгаа.

Тус холбооны удирдлагууд дэлхийн аваргын дараа гаргасан энэ дүгнэлтдээ үндэслэн БТСГ-т жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг өөрчлөх хүсэлтэй байгаагаа уламжилж, сонгон шалгаруулалт явуулах саналаа есдүгээр сарын дундуур хүргүүлсэн. Хэдийгээр спорт холбоонд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг дур мэдэн өөрчлөх, өөрсдөө сонгон шалгаруулалт явуулах эрх байхгүй ч БТСГ-т холбооны зүгээс санал тавьсан тэр үетэй давхцан жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлсэн тул хорооны зүгээс энэ багтай холбоотойгоор сонгон шалгаруулалт явуулахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Тэгвэл ахлах дасгалжуулагч Ч.Насантогтохыг есдүгээр сарын 28-нд ажлаас гарах өргөдлөө өгсний дараа жүдо бөхийн үндэсний шигшээ багийн бусад дасгалжуулагчид болох Д.Баттулга, Х.Болдбаатар, П.Нямлхагва, Д.Нармандах, Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд  нар бүгд мөн л өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ БТСГ-ын удирдлагуудад хүргүүлсэн байна.

Уг нь ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох ажлаас чөлөөлөгдөхдөө шигшээ багийн бусад дасгалжуулагчдыг ажлаа үргэлжлүүлэн хийх боломжоор хангаж өгөхийг хүсээд, ахлах дасгалжуулагчид Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарыг санал болгосон юм. Хэдийгээр ДАШТ-нд амжилтгүй оролцсон асуудалтай холбоотойгоор дасгалжуулагчдад хариуцлага тооцож болох ч тэднийг бүгд нэгэн зэрэг ажлаа хүлээлгэж өгөх шийдвэр гаргахад юу нөлөөлөв гэдэг асуудал өнөөдөр хамгийн чухал асуулт болж байна.

Нэгэнт байдал ийм дээрээ тулж, үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилт тасалдахад хүрсэн тул БТСГ-ын зүгээс Монголын жүдо бөхийн холбооны саналыг үндэслэн өчигдөр Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан байгаа.

Шалгаруулалтад найман дасгалжуулагч оролцохоор болоод байсан ч өчигдөр хоёр нь ирээгүй, зургаа нь шалгалт өгчээ. Тодруулбал, “Алдар” спорт хорооны дарга О.Балжинням, самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга Г.Жамсран, “Аврагч” клубын дасгалжуулагч Ц.Шийрэв, “Женко” спорт клубын эмэгтэй багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, Биеийн тамир, спортын дунд сургуулийн багш Г.Эрдэнэбат, “Хангарьд” спорт хорооны дасгалжуулагч Ш.Бат-Орших нарын хүмүүс өчигдрийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн байна.  

Сонгон шалгаруулах комиссын зөвлөл өнөөдөр шалгалтын дүнг БТСГ болон Монголын жүдо бөхийн холбооны удирдлагуудад танилцуулна. Ингэснээр эдгээр өрсөлдөгчдөөс шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дөрвөн дасгалжуулагчийн нэрсийг БТСГ-ын зүгээс өнөөдөр тодруулах ёстой. Дүнг албан ёсоор зарлаагүй байгаа ч “Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар О.Балжинням аварга сонгогдох нь бараг тодорхой. Жүдогийн холбоо энэ бүхнийг урьдаас төлөвлөсөн байсан” гэж ярих хүмүүс цөөнгүй байв.

Ямартай ч өнөөдөр Монголын жүдо бөхийн шигшээ баг шинэ ахлах дасгалжуулагчтай болно, бас шинэ дөрвөн дасгалжуулагчийг шигшээ багт урих болно. Гэхдээ олимпийн өмнөх жил гар нийлсэн дасгалжуулагчдыг бүгдийг нь нэгэн зэрэг ажлаас чөлөөлж, цоо шинэ хүмүүсийг шигшээ багт авчирч байгаа энэ алхам зөв гэдэгт эргэлзэх хүн олон байна.

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж