Нөөцийн махны чанарт сэтгэл дундуур байна

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны чанарт сэтгэл дундуур байна

Энэ жилийн хувьд манай улс таван сая малаа зуданд алдаж, үүнээс үүдэн
махны үнэ урьд урьдаас өндөр байна. Тиймээс нийслэлийн удирдлагууд
нөөцийн махыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаалж эхэлсэн. Одоогийн
байдлаар махыг дүүрэг бүрт гэрээт дэлгүүрээр зарж борлуулж байна. Гэвч
нөөцийн махны чанар сайнгүй байна гэж хэрэглэгчид хэлж байна. “Миний
дэлгүүр” сүлжээний 102 дугаар салбараар үйлчлүүлэгсдийн сэтгэгдлийг
сонслоо.
Хэрэглэгч Ч.Урнаа:
-Өнгөрсөн жилээс эхлэн нөөцийн махыг дүүрэг бүрт худалдах болсон нь сайн
хэрэг. Өмнө нь Хүчит шонхор зах руу очиж авч чадахгүй, очсон ч оочер
дугаар ихтэй байдаг байсан. Гэхдээ энэ жилийн хувьд нөөцийн махны үнэ
харьцангуй гайгүй ч чанарын хувьд жаахан тааруухан байна.
Өндөр настан Г.Галт:
-Энэ жил дан богийн мах бэлтгэсэн юм байна. Бас олон хүнд хүртээх гэж
бага багаар ууталсан нь хавирга голдуу, идэх юм хомс л харагдлаа.
Туранхай мах шөл ч гардаггүй юм шүү дээ. Тийм болохоор үнэтэй ч гэсэн 
үхрийн цул махнаас нь авлаа гэсэн юм.
Манай улс жилд найман сая орчим толгой мал хүнсэнд хэрэглэж, 230 орчим
мянган тонн мах үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ өөрийн үйлдвэрлэлээр
бүрэн хангадаг. Хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн нийт махны дөнгөж 10
хүрэхгүй хувь нь мал нядлах үйлдвэрүүдэд бэлтгэгдэж, 12 мянган тонн
махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулдаг байна. Бэлтгэж буй махны 25-30
хувийг үхрийн, 35-40 хувийг хонины, 10-15 хувийг ямааны, 15-20 орчим
хувийг адууны мах эзэлдэг аж. Харин жилд 200 орчим тонн гахайн мах
үйлдвэрлэж байгаа нь уг төрлийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий
эдийн хэрэгцээг хангаж чадахгүй байна гэсэн мэдээллийг албаны эх сурвалж
хэлж байлаа. Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж