Стив Жобс таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Стив Жобс таалал төгслөө

Apple компанийн үүсгэн байгуулагч, Цахиурын хөндийн амьд домог Стив Жобс өчигдөр таалал төгссөн тухай компанийнхан мэдээллээ. Тэрбээр  56 настай байсан ба нойр булчирхайн хорт хавдраар өвчилж, эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн наймдугаар сард албан тушаалаа өгсөн юм.


Өчигдөрхөн болсон Apple-ийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга дээр түүнийг ирж магадгүй эсвэл видео дуудлагаар холбогдож болох юм гэж олон хүн таамаглаж байсан ч танилцуулга түүнгүйгээр болсон билээ.


Олон мянган хэрэглэгчдийнх нь хамгийн их итгэл хүлээлгэдэг Стив Жобс ийнхүү шинэ бүтээгдэхүүнээ өлгийдөн авсан өдрөө таалал төгслөө.

Компанийн эмгэнэлд "Стив Жобс бол бүх л амьдралынхаа турш шинэ шинэлэг бүхнийг санаачилж, үргэлж өсөн дэвшихийн төлөө зогсолтгүй чармайн ажиллаж байсан эрч хүч, хүсэл тэмүүлэл, цог золбоо, сүр жавхлангийн эх ундрага байлаа. Стивийн гайхалтай эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, цөхөршгүй эрэл хайгуул
корпорацийн тоо томшгүй олон шинэ санааны ундарга болж, бид бүгдийн
амьдралыг ирээдүйд хөтөлсөөр ирсэн. Стив Жобс дэлхийг өөрчилсөн хүн" хэмээжээ.

“Microsoft”-ын босс Билл Гейтс “Стив Жобсын бүтээсэн үйл хэргийг хэдэн
үе дамжин шагшин магтах биз ээ. Түүнтэй хамтран ажиллаж байсан нь бидний
хувьд нэр төрийн хэрэг” хэмээсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама,
тэргүүн хатагтай нар Америкийн хамгийн агуу зохион бүтээгчдийн нэг Стив
Жобс таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, дэлхийг өөрчилж чадах
итгэл, үнэмшилтэй, сэтгэлгээний өндөр түвшинд хүрсэн, гайхалтай
авьяастай хүн байсан” гэжээ. 


Түүнчлэн Нью-Йорк хотын захирагч Майкл
Блумберг түүнийг  Альберт Эйнштейн, Томас Эдисон нарын адил суут
ухаантан байсан гэж эмгэнэлдээ дурьдсан юм. Стив Жобс өнгөт iMac
компьютер, iPod болон iPhone –ийг дэлхий дахинд “бэлэглэсэн” нэгэн.


Харамсалтай нь тэр “Apple” корпорацийн  iPhone –ийн хамгийн сүүлийн шинэ
загвар iPhone 4S –ийг дэлхий нийтэд танилцуулсан өдөр нас барсан юм.
Жобс өнгөрсөн нэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас тэрээр
“Apple”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа Тим Кукт шилжүүлсэн билээ.

Албан тушаалаа өгсний дараа тэрээр “Apple корпорацийн хамгийн их
ажилтай,  амжилттай өдрүүд бидний урд байгаа. Тэр өдрийг би тэсэн ядан
хүлээхийн зэрэгцээ өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэж хэлж
байсан юм.
Түүний нас барсан мэдээг сонссон олон зуун хүмүүс эмгэнэл илэрхийлж, түүний зургийн өмнө лаа асааж, цэцэг өргөсөөр байна.

Стив Жобс гэж хэн байсан бэ?

Мөрөөдлийг бодит амьдрал болгосон Стив Жобс хэн бэ?

Стив Жобс 1955 оны хоёрдугаар сарын 24-нд нь  Сан
Франциско хотод оюутан аав ээжийн анхны хүү болон мэндэлжээ. Түүнийг
төрсөн эцэг эх нь хүүгээ Пол Жобс түүний эхнэр Клара Жобс нарт
өргүүлжээ. Стив ахлах сургуульд сурч байхдаа  Стив Возняктай
танилцсанаар тэдний урт хугацааны нөхөрлөл бас бизнесийн түншлэл эхэлсэн
юм. 1972 онд Калифорни мужийн Купертино хотын дунд сургуулийг төгсч,
Ореган мужийн Портланд хотын Рийд коллежид санхүүгийн чиглэлээр
суралцахаар элсчээ. Гэвч тун удалгүй сургуулиа хаясан байна1974 оны
намар Жобс энэтхэгийн програм хангамжийн их сургуульд суралцахын тулд
тэр үедээ л шилдэг видео тоглоом үйлдвэрлэгч компанид тооцогддог байсан
Atari-д техникчээр ажиллаж эхэлсэн байна. Улмаар зардлын мөнгөө олсон
даруйд энэтхэгийг зорьжээ. Тэнд очоод Энэтхэгийн үндэсний хувцас өмсөн,
үсээ хусаад Буддын шашны заншлын дагуу гэгээрэлд хүрэхээр бясалгал хийх
болжээ.  Тэрээр энэ үеийг өөрийнх нь амьдралд 3 чухал зүйл авчирсан
хэмээн талархаж явдаг юм. Жобсын санаачилгаар Рональд Вайн, Стив Возняк
мөн Интел компанид инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Майк
Маркула нар хамтран “Apple” компанийг байгуулж, 1976 оны дөрөвдүгээр
сарын 1-нд компаниа бүртгүүлжээ.Анхны бүтээлээ “Apple” хэмээн нэрлэж,
зах зээлд гаргасан нь тун амжилттай болсон юм. Apple I-ийн дараа Apple
II, анхны лазерийн принтер, компьютерийн программ хангамжийн DTP
/Desktop Technology Publishing/ зэргийг зохион бүтээж цахиур хагалж
байлаа.

Гэвч
амжилтын зэрэгцээ уналт тэднийг тойроогүй юм. Apple III, Lisa зэрэг
бүтээгдэхүүнүүд нь төдийлөн амжилт олоогүй ба алтан хамтрагч Стив Возняк
осолд орон, компаниас гарсан нь компанид хүнд цохилт болж байжээ.
1980-аад оны эхээр Apple компанийн хамгийн хүчтэй өрсөлдөгч IBM
Microsoft компанийн DOS үйлдлийн систем суулгасан IBM персонал компьютер
худалдаанд гаргажээ.

Ширүүн өрсөлдөөн дунд Apple компанийн нэр
хүндийг хэвээр байлгахаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байсан
Стив  Жобс удирдах зөвлөлтэй таарамжгүй болсны улмаас 1988 оны
гуравдугаар сард компаниасаа гарсан юм. Ингээд Стив Жобс “Next
computers”-ыг үүсгэн байгуулж,  компьютер, түүний хэрэглэгдэхүүний зах
зээлд хүч түрэн орж иржээ. 1996 онд Apple компани Next компанийг 429 сая
ам.доллараар худалдаж авахаа мэдэгдэж, Жобсыг эргүүлэн авч чадсан юм.
Ийнхүү Жобс Apple-д эргэн ирснээр IMac, iPod, iPhone зэрэг шинэ
бүтээгдэхүүн гаргаж, электрон барааны зах зээлд хаанчилж эхэлсэн
юм.Бизнесийн талбарт гялалзсан амжилт үзүүлж байсан ч Стив Жобс эрүүл
мэндийн хувьд томоохон асуудалтай тулгарсан юм.

Анх
2004 оны эхээр нойр булчирхайн хорт хавдар туссан нь оношлогдсон. Олон
төрлийн эмчилгээ хийлгэж 2004 оны долдугаар сард хавдраа авахуулах мэс
засал хийлгэж, амжилттай болсон тухай зарлаж байлаа. Хавдар бүрэн
эмчлэгдсэн гэж үзэж, химийн болон туяаны эмчилгээгээ зогсоосон юм. Харин
үүнээс хоёр жилийн дараа түүний эрүүл мэндийн тухай таагүй мэдээлэл
дахин тархаж, хэдэн жилийн нас үлдсэн тухай нь эрээ цээргүй мэдээлж
эхэлсэн юм. Удаан хугацааны турш эмчилгээ хийлгэсэн ч нааштай үр дүн
гараагүй учир 2009 онд Теннесс мужийн Мемфис хотын эмнэлэгт элэг
шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Үүнээс жил хагасын дараа буюу энэ
оны нэгдүгээр сарын 17-нд тэрбээр компанийн Ерөнхийлөгчийн албан
тушаалаа хүлээлгэн өгч ерөнхий захиралын албан тушаал хашиж эхэлсэн юм.

Гэвч
Ерөнхий захирлын албаа долоон сарын дараа буюу өнгөрсөн наймдугаар сард мөн хүлээлгэн өгч, удаан хугацааны хамтрагч Тим Кук түүнийг залгамжлан үлдсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж