Эрчим хүчний салбарын бэлтгэлтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарын бэлтгэлтэй танилцав

Засгийн газрын өчигдрийн хуралдааны эхэнд түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав. Үүнтэй холбогдуулан түлш, эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 11 дүгээр сарын 01-ний дотор дуусгахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна. Мөн дулааны станцуудын нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан нүүрс гаргах, вагоноор тасралтгүй хангах, нүүрс хүлээн авах ажлыг сайтар зохион байгуулж дээр дурдсан хугацаа гэхэд 20 хоногийн нөөцтэй болгохыг ч үүрэгджээ.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын дизель станцад дутагдаж байгаа дизелийн түлшний 120 сая төгрөгийн татаасыг ч шийдвэрлэхээр боллоо. Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт баригдаж байгаа дулааны станцуудын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах болсон байна. 

Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн явц өнгөрсөн сарын сүүлийн байдлаар 85 хувьтай гарчээ. Харин дулааны станц, шугам сүлжээний тоноглолын их засвар, шинэчлэлийн ажлын явц 87 хувь, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийнх 70 хувьд хүрчээ. 2009 оноос “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгож эхэлснээр станц, уурхайн хоорондын төлбөрийн хүндрэл арилж эхэлжээ. Салбарын хэмжээнд дулааны цахилгаан станцууд 21 хоногийн нүүрсний нөөцтэй болжээ.

Өнгөрсөн өвөл гал алдаж багагүй хүндрэл учруулж байсан Увс аймгийн Улаангом хотын дулааны хангамжийн найдвартай ажиллагааг хангах, өвлийн бэлтгэлийг нь хангуулах зорилгоор Эрчим хүчний газар, “Увс дулааны станц”-тай нэг жилийн гэрээ байгуулан ажиллаж засвараа бүрэн хийж дуусчээ. Дизель станцтай Завхан аймгийн Улиастай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг эрчим хүчний  үйлдвэрүүдийн дизель болон цахилгаан шугам сүлжээний их засвар 80-85 хувьтай байна.

“Есөнбулаг эрчим хүч” компанид төсвийн хөрөнгөөр шинээр 2 дизель станц суурилуулсан бөгөөд 25 хоногийн түлшний нөөцтэй болжээ. Харин Улиастай 24 хоногийн нөөцтэй байгаа аж. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдын нар, салхи хосолсон цахилгаан станцад горимын тохируулга болон засвар үйлчилгээг хийж дуусчээ. Түлшний салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэлийн явц 90 хувьд хүрсэн бөгөөд Багануурын уурхай 90, Шарын гол 87,6, Шивээ-Овоо 91,5, Адуунчулууны уурхай 89,5, хувьтай гарчээ.


МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫХОН ХУРАЛДАНА

Хэлэлцэх асуудлын дараалалд энэ сарын 13-ны өдөр Брюссель хотноо болох Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 14 дүгээр хуралдааны асуудлыг хэлэлцлээ. Уг хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийг Шадар сайд М.Энхболд ахлах аж. Тус хуралдаанаар улс төр, эдийн засгийн байдал болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл солилцож 2011-2013 оны Хөгжлийн хамтын ажиллагааны баримжаалсан хөтөлбөрийн чиглэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцах гэнэ.

Мөн хоёр орны хамтын ажиллагааны хэлэлцээрийг эцэслэн байгуулах, Ерөнхий сайдыг Европын Холбоонд айлчлуулах, Европын холбооны Дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээх, “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас улсаа хасуулах, худалдааны тусгай хөнгөлөлтийн системийн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэх юм байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДЫН ЦОЛНЫ НЭРИЙГ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖИВ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч нь шадар түрүүч, тэргүүн түрүүч, дээд түрүүч, офицер нь шадар дэслэгч, тэргүүн дэслэгч, дээд дэслэгч, шадар ахмад, тэргүүн ахмад, дээд ахмад, комиссар гэсэн цолтой байдаг. Энэ нь албан хаагчдаас иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, харьцахад одоо хэрэглэж байгаа цолны нэршил ойлгомжгүй, олон улсын хэмжээнд тогтсон цэргийн болон цэрэгжсэн байгууллагын албан хаагчийн цолны нийтлэг ойлголтоос гажууд, гадаад орон, олон улсын болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцахад бэрхшээлтэй, бүрэн утгаараа орчуулагддаггүй, оновчгүй байдаг зэрэг хүндрэл учруулдаг байна.

Иймээс дэлхий нийтийн жишиг, албаны онцлог, албан хаагчийн нийтлэг эрх ашигт нийцүүлж цолны нэрийг өөрчлөх нь зүйтэй гэж Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар боллоо. Ийн өөрчлөлт орсноор онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч ахлагч нь дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, офицер нь онцгой байдлын дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа гэсэн цолтой болох бөгөөд Ерөнхий газрын удирдлага нь цэргийн дээд цолтой болох юм.

Б.ЭНХМАА

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж