Усан хангамж, татуургын ашиглалтыг хуульчилна

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Усан хангамж, татуургын ашиглалтыг хуульчилна

Зургаан сарын өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “хэлэлцэх нь зүйтэй” хэмээсэн нь хотын усан хангамж, ариутгах татуургын ашиглалтыг хэрхэн хуульчлах тухай нэгэн хавтаст хэргийг дахин нээсэн юм. 

Дахин гэхийн учир нь энэхүү шинэчилсэн найруулгын төсөл нь 2010 онд Улсын Их Хуралд өргөн баригдаж, улмаар анхны хэлэлцүүлгийн шатандаа дахин боловсруулагдахаар болж, Засгийн газарт буцаагдаж байсантай холбоотой.

Дахин боловсрогдож өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлд ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, орон нутгийн байгууллагын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, хүн амыг ундны усаар хангах үйлчилгээний үнэ, төлбөрийг тогтоох механизмыг боловсронгуй болгохыг эрмэлзжээ. Мөн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг шинээр байгуулах, ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, төвлөрсөн системд холболгүйгээр өөрийн эх үүсвэрийг шинээр бий болгох, Байгалийн нөөц ашигласны төлбөрийг төлөхөөс зайлсхийх зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж байх. Ус сувгийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор барилга байгууламж, шугам сүлжээг өмчлөх эрхтэй холбогдсон харилцааг зохицуулах зэрэг өөрчлөлт, нэмэлтүүдийг тусгажээ. Уг хууль  батлагдсанаар хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх төрийн байгууллагуудын хүлээх үүргийн зааг ялгаа тодорхой болж, тэдгээрийн хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, усны эх үүсвэр, усны  чанарт төр, олон нийтийн зүгээс хяналт тавих нөхцөл бүрдэж, хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангахаас гадна байгаль орчныг бохирдуулах, усны нөөц хомсдох зэрэг сөрөг үр дагавраас сэргийлэх гэнэ.  Мөн барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөх эрхийн асуудал тодорхой болж ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлдэг ашиглагч байгууллагын үүрэг, хариуцлага дээшилж, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах  боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид  үзжээ.

Уг хуулийн төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн  Н.Батбаяр шинээр барьж буй барилга байгууламжид тавигдах стандартын шаардлагад саарал усны схемийн асуудлыг заавал оруулж байх. Ус сувгийн салбарт тулгамдаад байгаа асуудлууд тухайлбал өр, зээлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар салбарын яам санаачлагатай ажиллах гэсэн санал оруулсан байлаа. Мөн УИХ-ын гишүүн Р.Раш Мандалговийн цэвэр усны хангамжийн асуудлыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар санал оруулсан байв.

Анхны төслийг буцааж байсан чуулганы хуралдаан дээр хуулийн агуулгын талаар гишүүн Д.Зоригт “Төрийн байгууллагуудын эрх үүргийн зааг тодорхой болно. Ажлын уялдаа холбоо сайжирна. Энэ харилцаанд оролцогчдын эрх ашгийн тэнцвэртэй хамгаалах ийм боломж бүрдэнэ. Одоо гарч байгаа олон төрлийн зөрчлүүдийг энэ хуулийн хүрээнд шийдвэрлэх ийм боломж олгоно” гэж дүгнэж байжээ. Хуулийг буцааж байсан шалтгаан нь тийм ч асуудалтай зүйл биш аж.

Хуулийн шинэчилсэн найруулгаар орж ирсэн энэ хуулийн төсөлд 33 төрлийн саналыг томьёолж өөрчлөхөөр ажлын хэсгээс Байнгын хороонд танилцуулжээ Ингээд маш олон өөрчлөлт ажлын хэсгээс боловсруулагдсан учраас энэ хуулийн төсөлд ажлын хэсгийн саналыг тусгаад, дахин боловсруулсан нь илүү үр дүнтэй юм гэж үзжээ.

Уг өөрчлөлтүүдээс нь дурдвал, үнэ тарифтай холбоотой харилцааг урьд нь одоо мөрдөж байгаа хуулиар бол хангагч байгууллага, аймаг, нийслэл, тухайн сумын Засаг даргатай зөвшилцөж ингэж мөрдөж тогтоож ирснийг өнөөгийн шаардлагад нийцэхгүй гэж. Зөвхөн үүнээс болоод энэ үйлчилгээ үзүүлж байгаа, ханган нийлүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа нөхцөл бий болсон учраас энэ зохицуулах зөвлөл гэж тусдаа байгууллага байгуулж, түүний хүрээнд энэ асуудлаа шийдэж байх зохицуулалтыг тусгасан аж. 

Мөн эрчим хүчний болон харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааных нь журам дүрмүүдийг нь үг үсэггүй хуульд нэмж оруулж ирсэн аж. Ингэснээр усны эх үүсвэр дээр барилга барих ч юм уу, усны эх үүсвэрийг хамгаалах, тэр нь дээр хийгдэж байгаа үйл ажиллагаанууд дээр үйл ажиллагааг нь зогсоох, төлбөрийнх нь асуудлыг нь шийдэх, торгуулийн арга хэмжээ авах гэх мэтийн арга хэмжээнүүдийг нь нэлээн хариуцлагатай болгох гэнэ.

Б.Мандах

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж