”Миний нэрийг битгий хэлээрэй”

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

”Миний нэрийг битгий хэлээрэй”

Утас чичирхийлэн дуугарч, аян зам зуур дахь алжаал, нойроос сэрээлээ.

-Миний хүү сайн явж байна уу? Замдаа ядарч, зүдэрч байна уу? гэсэн эмээгийн зурвас байна. Алтай нутагтаа анх сурвалжлагчийн дүрээр очиж буй надад энэ үгс гэртээ нэгэнтээ ирсэн мэт санагдуулна.

Баянхонгор аймгаас Говь-Алтай аймгийн хооронд Мобикомын сүлжээ ганц барьдаг газар нь Дэлгэрийн тал. Эмээгийн зурвас мэт Дэлгэрийн тал сэтгэлд дотно байна. Шаргалтан халиурах өвстэй, цэлгэр уудам энэ тал үзэсгэлэнт Алтай нутгийн нэгээхэн хэсэг. Эндээс Говь-Алтай аймгийн төв хүртэл 80 гаруй км. Дахиад шороон замаар донсолгон давхих ядаргаатай мэт санагдана.

Удахгүй бид хар замаар давхисаар байгаад Алтай ордог болно. Шинээр засмал зам тавьж байгаа. Хэсэг яваад засч байгаа зам таарна гэж жолооч ярина. Тэгвэл мөн сайхан аа, хөрөөний ир мэт дэржигнүүртэй замаар бүтэн хоногийн турш сэгсчүүлж, ядрахгүй. Хар замаар зөөлөн бас хурдан давхиад л Алтай орох нь ээ хэмээн төсөөлөн, Монгол орныхоо бүтээн байгуулалтаар бахархан явлаа. Тун удалгүй зам тавьж буйн эхний дохио болж, шороо ачсан том ачааны машин зөрөв.

Цонхоо хаагаарай. Энэ хүнд даацын тэрэгнүүд газрыг хөрсийг “там” болгоод, хатуу байсан хөрсийг зөөллөөд нарийн ширхэгтэй тоосоор булчихдаг юм гэж манай машиныхан халаглав. Замын хажуугаар ухаж, сэндийлсэн хөрс, хүнд даацын машинууд урдах зам харагдахгүй болтол тоос татуулан өнгөрөв. Шаргал сайхан говь, бүтээн байгуулалтаар бахархах сэтгэгдэл харвасан од мэт сарнив аа. Замын хажуугаар газар хонхойтол ухаж буй экскаватор, тоос татуулан давхих хүнд даацын машинуудтай зөрсөөр Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ирлээ. XXI зууны хоёр харанхуй аймгийн нэг, хөгжил муутай хэмээн “адлагддаг” Алтай хот Тайширын усан цахилгаан станцын ачаар 24 цагийн тогтой болж, гэрэлтэй аймгуудын эгнээнд нэгджээ.

Нутагтаа ирж, амжилт, хөгжил дэвшлийн талаар сайхан сурвалжлага хийнэ дээ гэж төлөвлөсөн юм. Аймгийн албан байгууллагуудын хаалгыг тогшин, учир явдлаа ярилаа. Нутгийн хүүхэд гэж зочлон, угтаж аймгийн талаар яриа өрнүүллээ.  

Харин аймгийн хөгжил дэвшил, хариуцлагын талаар мэргэжилтнүүд ингэж ярив. Эндээс л “Миний нэрийг битгий хэлээрэй” гэж эхэлсэн дээ.

-Уг нь энэ өнгөрсөн жил 70 жилийн ойгоор тавьсан зам нь. Гэхдээ гүйцэд тавигдаагүй л дээ. Одоо түрүүчээсээ хагараад, бөөн нүх болсон. Чанартай сайн хийлгээд, чадаагүй бол хариуцлага тооцдог тогтолцоотойсон бол арай өөр байх биз. Манай аймаг чинь тоосон дотор л “таваргадаг” газар болсон. Гэхдээ миний нэрийг битгий хэлээрэй. Бөөн асуудал болно гэж нэгэн төрийн албан хаагч ярив.
-Манай аймгаас Дэлгэр сумыг холбосон засмал зам тавьж байгаа. Замдаа харсан байлгүй. Зам барихад хэрэгтэй шороо, ус тэргүүтнийг зөвшөөрсөн газраас авахгүй. Аль ойр байгаа газраасаа дураараа авдаг.  Нутгийн тахилгатай уул хүртэл өртөөд эхэлсэн. Энэ талаар нутгийн иргэд асуудал тавиад байгаа ч тодорхой хариу аваагүй л байгаа. Бас л миний нэрийг битгий хэлээрэй гэв. 
 
-Манай аймаг чинь нутаг дэвсгэр, байглийн баялгаараа Монгол Улсдаа Өмнөговийн дараа ордог. Уул уурхайг ашиглаж, эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүргэнэ гээд байгаль орчныг сүйтгэж байгааг ард иргэд минь харсаар одоо малаа бэлчээх газаргүй болох нь. Гэсэн ч хөрөнгө мөнгөтэй хүмүүс дээгүүр, доогуур нь зохицуулаад мань мэтэд хамааралгүй болгоод худалдаад авчихсан юм шиг байна лээ. Албан татвар, газрын төлбөр дээрээ “унжиж”, авах ёстой зүйлээ гуйж, араас нь цөхрөлтгүй гүйсээр хэдэн төгрөг авч, төсвөө бүрдүүлдэг. Гэхдээ дүү миний нэрийг битгий хэлээрэй. Сониндоо намайг ингэж ярьсан гээд биччихвэл хэрэг мандана.

-Усан оргилуур барьж, ус муутай аймгаа “тохижуулаад” байгаа эрхмүүд олширлоо. Одоо дахиад шинээр баригдаж байна. Аймгийн өнгө, үзэмж нэмсэн байдлыг нь шүүмжлээгүй шүү. Зүгээр бодит амьдрал дээр манай аймгийнхан литр усыг гурван төгрөгөөр худалдан авдаг. Тэр ус нь хатуулаг ихтэй, хүний хэрэглэх стандартад нийцэх тал дээр асуудалтай. Тэгээд өнжөөд, бүр хоёр, гурав хоногийн дараа ирэх нь бий. Худаг  гаргасан ч шаардлага хангах материал, технологи хэрэглэдэггүй. Төсвийн мөнгийг дэмий үрдэг. Гэхдээ миний нэрийг битгий хэлээрэй.

-Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орж Говь-Алтай аймаг “харанхуй” нэрээсээ саллаа. Харин Тайширын усан цахилгаан станц баригдахад байгалийн усны нөөцийг нь буруу тооцсоноос Завхан голын урсгал татарсан. Ингэснээр Завхан голоор тэтгэгддэг байсан Эрээн нуур, Алаг нуур ширгэж, хүн амьтан усны гачаалд нэрвэгдэхэд хүрээд байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас тогтоосон. Энэ мэт байгаль орчны асуудлууд манай аймагт бий. Тэр болгоныг дурдана гэвэл чиний томилолтын хугацаа дуусна биз. Харин миний нэрийг битгий хэлээрэй.

Нэрийг нь сониндоо эх сурвалж болговол “од” болчихно гэж айдаг болоо юу, Алтайнхан маань. Гэтэл үгүй бололтой. Харин дээд албан тушаалтнаас ирэх дарамт шахалт, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ажлаасаа халагдахаас болгоомжилдог гэнэ. Танил талын халаа сэлгээ үнэхээр байдаг талаар албаны хүмүүс, ард иргэд бүгд ярьж байна. Ш.Амгаланбаярыг хүртэл хамгийн өндөр үнээр буюу 200 сая гаруй төгрөгөөр Говь-Алтай аймгийн Засаг дарга болсон гэж ярих юм билээ. Гэхдээ намайг хэлсэн гэж битгий хэлээрэй…  

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Б.Ойнбилэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж