Хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд утаа, агаарын бохирдол нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү. Хүйтний улирал эхлэхэд нийслэлчүүдийн хамгийн том асуудал утаа гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Тэгвэл утаа, тоос шороо, хог хаягдал гээд агаарыг бохирдуулж байгаа бүх хүчин зүйлс нь хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд нөлөөлдөг юм байна. Үүнийг эрдэмтэд найман жилийн турш судалж нотолжээ. Нобелийн шагналт Кирк Смит нь орчны эрүүл мэндийн ухааны профессор. 1995 оноос хойш хөгжиж буй орнуудын агаарын бохирдол түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсны дүнд агаарын бохирдол, түүхий нүүрснээс ялгарч байгаа утаа нь хүний эрүүл мэндэд маш хортой гэдгийг тогтоожээ. Тэрээр Гватемалийн нэгэн тосгонд одоогоос найман жилийн өмнө жирэмсэн эмэгтэйд агаарын бохирдлыг хэмжих микросхемтэй чип гэх төхөөрөмжийг биед нь зүүлгэж байжээ. Ингэснээр найман жилийн дараа тэр хүүхдэд бүрэн шинжилгээ хийхэд агаарын бохирдол хүүхдийн оюун ухаанд нөлөөлсөн нь тогтоосон байна. Агаарын бохирдолттой газар амьдарч байсан эхээс төрсөн хүүхэд ой тогтоох чадвар нь бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгаа нь агаарын бохирдолгүй, нүүрс түлдэггүй нөхцөлд амьдарсан хүүхэдтэй харьцуулсан судалгаагаар тогтоогджээ. Нүүрсний утаа хүүхдийн оюун ухаанд нөлөөлдгийг саяхан нотолсон учраас цаашид дахин судалгаагаа үргэлжлүүлж байгаа гэлээ.
Улс орны хөгжлийн ирээдүй бол үр хүүхэд, бяцхан үрс. Гэтэл хүүхдүүд хөгжиж буй насандаа агаарын бохирдолттой газар амьдрах нь цаашид манай улсын ирээдүй болсон багачууд ямар хорт нөхцөлд амьдарч байгаа нь тодорхой мэт санагдах. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой хотуудын судалгаагаар манай улс хоёрдугаарт жагссан. Энэ нь үндэсний аюулгүй байдал зарлахаас аргагүйд хүргэж буй аймшиг гэмээр зүйл. Өнгөрсөн оны байдлаар агаарын бохирдоос үүдэлтэй өвчлөлийн улмаас нэг хүртэлх насандаа 505 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийхтэй харьцуулахад 25 хүүхэд буюу 5.2 хувиар өссөн, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 138 буюу 76 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Мөн ураг эндэх тохиолдлууд ч мөн адил нэмэгдэх хандлагатай байгааг эмч нар хэлж буй. Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь агаарын бохирдол. Жилд 505 хүүхэд эндэнэ гэдэг бага тоо биш. Зөвхөн хүүхдийн эндэгдлийг авч үзэхэд ийм тоо гарч байна. Агаарын бохирдол нь зүрх судас, уушиг, амьсгалын замаар халдаж болох бүх өвчлөлөөр дамжин нярай, ургийн эндэгдэл, хүүхдийн сэтгэхүй, оюун ухаанд нөлөөлдөг гэж бодохоор хүн амын нийт өвчлөлд нөлөөлж буй нь илт биз.
Профессор Кирк Смит хэлэхдээ “Агаарын бохирдолд хамгийн их хортой нь нүүрсний утаа. Хөгжиж буй орнууд нүүрсийг шатааж, түлшний зориулалтаар хэрэглэдэг учраас энэ нь агаарт маш их хэмжээний бохирдол үүсгэдэг. Агаарын бохирдол тэр дундаа нүүрсний утаанаас болж хүн амын дунд уушигны архаг өвчнүүд, зүрх судас, төрөхийн хүндрэл, дутуу төрөлт, эхийн эндэгдэлд шууд нөлөөлдөг. Хамгийн эмгэнэлтэй нь нүүрсийг эмзэг бүлгийн буюу амжиргааны төвшин доогуур орлоготой хүмүүс хэрэглэдэг. Эдгээр айл өрх өөрсдийгөө болон тухайн улс, хот, аймагт амьдарч байгаа хүмүүсийг нийтэд нь хордуулж байгаад гол учир байгаа юм. Хэрэв улсын хөгжил, эрүүл мэндээ бодож байгаа бол нүүрснээс татгалзах хэрэгтэй. Нөгөө талаар Улаанбаатар нь далайн төвшнөөс 600-700 метр өндөрт дөрвөн уулаар хүрээлүүлэн оршдог, салхины дундаж хурд бага учраас нэг өрөөнд амьдарч байгаа мэт байна. Тиймээс өрөөний цонхоо нээхгүй утаа гаргаад байвал ямар байх вэ тэрэн шиг л нөхцөлд улаанбаатарчууд амьдарч байна гэж ойлгож болно” гэлээ.
Сүүлийн жилүүдэд дутуу төрөлт, эхийн эндэгдлийн тоо өсч байгаа. Харин үүний бурууг дан ганц утаа руу чихэж болохгүй байсан нь манай улс агаарын бохирдол нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судлах тоног төхөөрөмж хангалтгүйтэй холбоотой байжээ. Профессор Кирк Смит БНХАУ, Энэтхэг, Непал, Мексик, Гватемалд судалгаа шинжилгээ, туршилтуудыг хийж байжээ. Түүний судалгаагаар нүүрс түлшинд хэрэглэдэг нь агаарын бохирдлын хамгийн том нөлөөлөл гэдгийг нотолсон. Манай улсын хувьд агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрсэн бөгөөд нөхцөл байдал ямар байна гэдгийг асуугаад ч нэмэргүй. Энд өвчлөл нь өндөр, агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа нь гамшгийн хэмжээнд хүрснийг би судлалтгүйгээр харж байна. Би олон оронд ажиллаж байсан болохоор шууд хараад л мэдэж байна гэж ноён Кирк Смит хэлж байсан. Үнэхээр түүний хэлдгээр агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж хашгичихаас өөрийг хийж чадахгүй байгаа биднийг гадныхан нэг иймэрхүү маягаар л дүгнэж байх жишээтэй. Ноён Кирк Смитийн хувьд өнөөдөр зохиогдох “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт салбар дундын уулзалтад оролцохоор ирсэн. Манай улсын эрүүл мэнд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг мэргэжилтэн холбогдох яамдын хувьд энэ уулзалтаас хэрэгтэй мэдээллээ авч, цаашид хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар номын дуу сонсох юм байна.
БНХАУ, Энэтхэг, Непал, Мексик, Гватемал зэрэг олон улс орон хөгжингүй үедээ нүүрс хэрэглэдэг байж. Зарим улс оронд одоо ч хэрэглэж буй. Гэвч алхам алхмаар нүүрснээс татгалзах боломж бий гэнэ. БНХАУ нүүрснээс татгалзахын тулд эхлээд утаа бага гаргаж, боловсруулан агаарт шингээдэг зуух хэрэглэж байж. Харин дараагийн алхам нь гэрэл цахилгаанаар хангаж, түлшний хэрэглээг багасгах, мөн боловсруулсан түлш хэрэглэх зэрэг арга байсан байна. Харин одоо Хятадын цөөхөн хэдэн хот, тосгон нүүрс хэрэглэж байгаа. Манай улс ч мөн адил энэ аргаар утаанаас салах талаар Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар энэ жилээс эхлэн утаатай тэмцэж эхэлсэн. Эхний ээлжинд Баянгол дүүргийн 11 мянган өрх боловсруулсан түлш хэрэглэхээр болсон. Энэ бол эхний алхам. Энэ нь хэдийгээр хожимдсон арга ч гэлээ дэлхийн олон улс орны туршлага дээр үндэслэн хийгдэж байгаа учраас үр дүнгээ өгөх биз. Утаанаас алхам алхмаар салах нь бид эрүүл мэнддээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон хэлж байсан. Түүний хэлдгээр яг одооноос эхлэн алхам алхмаар эрүүл мэндийнхээ төлөө нийслэлчүүд нэгдэх цаг болжээ.
"Ардын эрх" сонин
Холбоотой мэдээ