У.Мөнх-Эрдэнэ ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ ялагдлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтод шалгарч үлдсэн Монголын хоёр ширэн бээлийтнээс 49 кг-д П.Сэрдамба учраагаа буулган авснаар хүрэл медалийн болзол хангаж, улмаар мөнгөн медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон бол 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая медалийн төлөөх тоглолтоо хийж, харамсалтай нь ялагдлаа. Хөх булангаас гарч тоглосон манай тамирчин энэ жилийн Европын аваргын хүрэл медальт, Италийн тамирчин Винченцо Мангиакапред 11:16 (3:4, 3:2, 5:10) харьцаатай ялагдал хүлээв.

У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойрогт Камеруны боксчин Бабу Махаман Смайлаг 20:10 харьцаатай, дараа нь Сент-Люсия улсын тамирчин Линдель Марселлинийг 20:6 (6:2, 8:2, 6:2) харьцаатай, улмаар Ираны боксчин Мехди Толутибандпийг 24:9 (8:4, 9:2, 7:3) харьцаатай илт давуу ялснаар медалийн төлөөх тулаанд шалгарсан. Учраа болгоноо илт давуу буулган авч байсан тэрбээр хэдийгээр медалийн тавцанд гарах боломжгүй болсон ч Лондонгийн олимпийн эрхийн болзол хангаж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж