П.Сэрдамба хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба хүрэл медалийн болзол хангалаа

Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Дэлхийн аваргын рингэнд гарч тулалдсан Монголын найман тамирчнаас 49 кг-д П.Сэрдамба, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ нар медалийн төлөөх тоглолтод шалгаран үлдээд байгаа билээ. Улмаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба дөнгөж сая хүрэл медалийн төлөө  залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Кубын тамирчин Йосвани Вейта Сототой тоглож, илт давуу буулган авлаа. П.Сэрдамба тоглолтын эхний раундад илт илүүрхэж байсан тул шүүгч эхний үе өндөрлөхөөс 16 секундын өмнө тоглолтыг өндөрлүүлж, манай тамирчинд ялалт өглөө.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6 (2:1, 5:3, 4:2) харьцаатай, улмаар Колумбын боксчин Сейбер Авиллатай тоглож, 13:12 (3:3, 5:2, 5:7) харьцаатай ялалт байгуулснаар медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм.

П.Сэрдамба баасан гаригт мөнгөн медалийн төлөө Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Шин Жун-Хунтай тоглоно.

Харин У.Мөнх-Эрдэнэ тун удахгүй медалийн төлөө энэ жилийн Европын аваргын хүрэл медальт, Италийн тамирчин Винченцо Мангиакапретай тулалдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж