
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжавын хэлснээр ирэх жилийн сонгууль онцлогтой. Жишээ нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг шинэчилсэн бүртгэлийн бааз дээр үндэслэж гаргана. Гаргахдаа зүгээр нэг цаасаар гаргах биш, цахим файлаар гаргах аж. Мөн саналын хуудсыг автомат машинаар уншуулна. Ийм том ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалт байрлуулах ёстой болж буй. Сонгогчдын хувьд гуравдугаар сарын 15-н гэхэд бүртгэлийн байгууллагын хаяг руу орж өөрийнхөө нэр хаяг, харьяалал, хэсгийг тодруулах боломжийг олгох ёстой юм байна. Тиймээс хоёрдугаар сарын 15-наас өмнө хэсгийг байгуулж өгөх хүсэлтийг ажлын хэсэгт оруулжээ.
Ажлын хэсгээс оруулж ирсэн хоёр дахь анхаарал татсан асуудал нь гадаад улсад амьдарч буй монгол иргэдийнхээ саналыг сонгууль болохоос 15 хоногийн өмнө авах тухай байлаа. Зарим гишүүний хувьд хуралдаанаа тасалснаас тэр үү, хаврын чуулганаар Сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гадаад дахь монголчуудаа сонгуульд оролцуулахаар болж, дэмжсэнийг мэдээгүй байх юм. Бүр “Гадаад дахь монгол иргэдийн саналыг авах хууль эрх зүйн боломж бүрдсэн юм уу” гэж хүртэл асуугаад авлаа. Үүнд ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд: -Гадаад улсад суугаа монгол иргэдээс санал авна, сонгуульд оролцуулна гэдэг асуудлыг УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр баталчихсан. Тодруулж байгаа юм нь, холимог тогтолцоогоор явахад, нэг мандаттай тойргуудад санал өгөх бололцоо байхгүй. Улсын хэмжээгээр буюу пропорцианаль явж байгаа хэсэгт саналаа өгнө. Үүнийг тодруулж зааж өгч байгаа. Хоёрдугаарт, хуульд өөрөө мэдэгдэж бүртгүүлэх ёстой гэдгийг тодотгож өгсөн. Өнгөрсөн жил гадаад дахь монголчуудаа тухайн улс дахь Элчин сайдын яамдууд, дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж нэлээн сайн бүртгэлд хамруулсан. Сонгууль явуулахад Элчин сайдын яамдууд нь санал хураах хэсэг байгуулж ажиллах боломжгүй учраас сонгууль өгөх хүмүүс өөрсдөө Элчин сайдын яамандаа ирж, саналаа өгөх ёстой шүү гэдгийг зааж өгсөн юм. Бусад улсын туршлагыг харвал гадаадад оронд суугаа иргэдээсээ саналыг нь урьдчилж авч, битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хорооонд ирүүлж, Сонгуулийн ерөнхий хороо нь бусад саналтай хамт гаргаж ирж, дүнгээ гаргадаг байх жишээтэй. Тухайлбал, Япон улс сонгууль болохоос нэг сарын өмнө гадаад улс дахь иргэдийнхээ саналыг авдаг. Энэ мэт туршлагуудыг харгалзан үзэн, ажлын хэсгийн төвшинд ярилцаад 15 хоног гэсэн заалтыг оруулж, дэмжсэн” гэсэн юм.
Уг заалт гишүүдийн олонхийн дэмжлэг мөн хүлээлээ.
Дашрамд сануулахад, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр Ардчилсан намын бүлэг завсарлага авахаа мэдэгдээд байсан ч энэ удаагийн хуралдаанд оролцлоо.