Барууны капитализм ялагдсан уу

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Барууны капитализм ялагдсан уу

                                       -Шинжээчдийн дүгнэлт-

Евро бүсийн орнуудад өрийн сүлжээ  үүсгэсэн санхүүгийн хямралын ээлжит давалгаа барууны иргэдийг өнөөгийн эдийн засгийн системийн найдвартай байдалд эргэлзэхэд хүргэж байна.

ВВС-гийн сэтгүүлчид энэ талаар эдийн засгийн салбартаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн таван эрхмээс тодруулжээ.

“Барууны капитализм мөхөж байна уу?” гэсэн ВВС агентлагийн сурвалжлагчийн  асуултад Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриа, Гана улсын “Databank Financial services” компанийн эзэмшигч Кен Офори-Атта, Хонконгийн “Global Institute for tomorrow” судалгааны төвийг үндэслэгч Чандран Нейр, Лондоны Эдийн засгийн сургуулийн хүндэт профессор Мегнад Десаи болон “Эдийн засгийн өсөлтгүй хөгжил” номын зохиогч, профессор Тим Жексон нар хариулжээ.

Анхель Гурриа /Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга/

“Барууны капитализм ялагдал хүлээсэн үү” гэсэн асуултад  би “үгүй” гэж хариулна. Ийм хурц “хардлага” байх эсэхэд эргэлзэж байна.  Харин зах зээлийн тухай, нээлттэй эдийн засгийн тухай яръя.

Бид тоглоомын  дүрмээ баримталж чадаагүй, үр дүнтэй хяналт, хамтын удирдлагыг хангаж чадаагүй байж магадгүй. Эрсдлийн удирдлагыг хэрэглэж, олон улсын эдийн засгийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг зохистой хуваарилж чадаагүйгээ бид хүлээн зөвшөөрөх ёстой. Санхүүгийн салбарын алдаанууд  эдийн засгийн бодит салбаруудад түргэн хугацаанд тархлаа. Санхүүгийн хямралаас бид эдийн засгийн доголдол, ажилгүйдлийн эрс өсөлт рүү шилжсэн.

Ажилгүйдлийн дундаж түвшин 9-10 хувьтай байгаа боловч залуучуудын дунд энэ үзүүлэлт 20-30, зарим газар 40 хувьд хүрлээ. Хямралын эмгэнэлт байдал ингэж илэрч байна. Олон улсын зарим байгууллага хямралыг урьдчилан харж чадсан, сануулж ч байсан. Гэвч тэд өөрсдийн прогнозыг нэгтгэж, тодорхой хамтарсан санал, шаардлага гаргаагүй. Бүх нийтийн хөгжил цэцэглэлтийн уур амьсгалд дээрх сануулгууд замхарч, мөнгө хүүдийлэгч тал нь давамгайлсан орчинд,  гол нь инноваци /шинэчлэл/ гэж хашгирцгааж байсан. Хэрэв хэн нэгэн нь ямар нэгэн юм буруугаар эргэж магадгүй шүү гэж сануулбал, түүнийг дэвшлийг /прогресс/ хойшлуулагч мэт хүлээж авч байв.

Зах зээлүүдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь асуудлыг шийдэх байтугай үүсэх эрсдлийг илрүүлж чадахааргүй байдалд очихыг хэн ч тооцоогүй.  Иймээс бид нийтийг хамарсан хямралаас асар их ажилгүйдэл, төсвийн том том цоорхой, хяналтаа алдсан гадаад өрийг  өвөлж авчихаад сууж байна.

Манай байгууллагын гишүүн орнуудын дундаж гадаад өр ДНБ-тэй нь тэнцчихсэн.
Эдийн засгийн уналт төсвийн орлогыг багасгаж, нийтийг хамарсан ажилгүйдэл нийгмийн зардлыг улам бүр нэмж буй нь улс орнуудын гадаад өрийг улам томруулж байгаа. Иймд өрийн асуудлаа  эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг золиослолгүйгээр тодорхой дохиог нийгэмд, гадаад орчиндоо өгөх нь чухал. Манай байгууллагаас эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхийг уриалж байгаа. Энэ бол бидний дохио.

Эдийн засгийн тогтвортой өсөлт сэргээх урт хугацааны стратеги төлөвлөгөөний багцад бидний гол зорилго бол бараа бүтээгдэхүүний, хөдөлмөрийн зах зээлийг бүтцээр нь өөрчлөх ажил орох ёстой. Үүнээс гадна боловсрол, шинэчлэл, өрсөлдөөн, татвар, эрүүлийг хамгаалах, экологид суурилсан өсөлт гээд бүгд багтана.

Иймд би барууны капитализм ялагдсан гэж үзэхгүй байна. Харин манай зах зээлийн эдийн засагт тэнцвэрт байдлын системийг яаж сайжруулах вэ гэдэг гол асуудал оршино. Би энд Германы Сангийн сайд Вольфганг Шойблегийн бичсэн өгүүллээс иш татмаар байна. “Хямралын нөлөөнд хамгийн бага автдаг найдвартай, тогтвортой зах зээл бол хамгийн хатуу дүрмээр зохицуулагдана” гэж. Үүнтэй би бүрэн санал нэг байна. Улс орнуудын эдийн засаг гэдэг бол зөвхөн зах зээлийн хүчин зүйлээс хамаардаг байхааргүй тийм чухал “зүйл”.  

Энэ нь глобаль түвшинд хатуу удирдлагаар зохицуулагдах, илүү хүчтэй олон улсын байгууллагуудын оролцоог шаардаж буй үйл явц. Ямар ч байсан одоогоор энэ бол цорын ганц гарц.

Кен Офори-Атта Гана улсын Databank Financial services компанийн эзэмшигч

Капитализмын бий болгосон баялаг манай тивийн боловсрол, шинэчлэл, үйлдвэрлэлд хэрхэн хөрөнгө оруулж байгааг бид ажигласаар ирсэн.

Гэвч энэ нь  удаан үргэлжилсэнгүй. Хямралаас үүссэн оч маш олон сөрөг үр дагаварыг авчирлаа. Сөрөг дагавар нь Хойд Америк, Европ, Азиар вирус шиг тархсан. Япон, Америк, Европын Санхүүгийн удирдлагууд улсын нөөцөөс санхүүгийн байгууллагуудад “цутгаж”, аврах алхмууд хийсэн. 2008 оны хагас гэхэд эдийн засгийн уналт /рецессия/ араасаа дагуулсан хямрал маань даяар шинжтэй болсон. Энэ үед Ганын эдийн засаг, технологийн хоцрогдлоос болж суларсан байсан эдийн засгийн “дархлаа” огт үгүй болсон. Жилийн дараа гэхэд бид Европын нөхдүүдтэй ижил зовлон туулж байгаа нь ойлгомжтой болж ирсэн. Гэхдээ том эдийн засаг, том зах зээлүүдийг бодвол Ганад хямралын далайц бага байлаа. Харин 2009 сүүлээс санхүүгийн томоохон зах зээлүүд өсөлтөө сэргээх гэж ядаж байхад, Ганын санхүүгийн зах зээл жилийн эцсийн тооцоогоор 40 хувь өссөн байв. Ийм юм яаж  болов оо?

Илүү хөгжилтэй зах зээлд ажиллаж буй мэргэжилтнүүд санхүүгийн илүү хэцүү арга хэрэгслүүдийг ашиглан, хүнд байдалд байгаа валютын зах зээлээс мөнгө босгох оролдлого хийн эрсдэлд орж байх зуур Гана үйлдвэрүүдийн өсөлтийн санхүүжилтэнд “бооцоо тавьсан” юм.

Иймд хэдийгээр Ганын ДНБ 2009 онд 4,7 хувиар буурсан ч /энэ нь Европ, Америкийн хямарсан зах зээлтэй хийсэн худалдаанаас болсон/, бид шуургыг амжилттай давж чадсан. Бид үүнийг Databank-ийг үндэслэгчдийн боловсруулсан аргаар л хийсэн. Харин барууны капитализмын нүүр царай болсон Wall Street-ийнхэн цагтаа тэднээс нүүр буруулж байсан юм шүү дээ.
Барууны капитализм ялагдсан уу гэж үү? Үгүй. Яагаад гэвэл Wall street-д хуримтлуулсан туршлагаараа бид Ганад бизнес хийх гэж эргэж ирсэн. Гана бол капитализм нь хувийн ашгаас гадна илүү их баялаг бий болгодгийн тод жишээ. Хөгжсөн зах зээлүүдийн хувьд яг юу  тохиолдсон бэ гэхээр жинхэнэ үнэт зүйлийн бүтээх тийм бизнес, зах зээлийг бүтээхийн тулд хэн нэгэн маш их хөдөлмөрлөх ёстойгоо мартсанд оршино.

Чандран Нейр, Хонконгийн “Global Institute for tomorrow” судалгааны төвийг үндэслэгч

Сүүлийн 30-40 жилд дэлхий нийтэд нэвт шингэсэн капитализмын туйлын хувилбар өдгөө аюулд ороод байна. Бид ч татгалзаж эхэллээ. Капитализмын үндсэн хоёр зарчим нь гайхалтай төгс гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол нэг талаас хүмүүс болон зах зээл тусдаа, тууштай үйлчилдэг, нөгөө талаас үнийг зөвхөн зах зээл тогтоодог гэж. Орчин үеийн капитализмын үндсийг ойлгох нь чухал.

Боолчлол нь нөөц, баялгийн үнийг бууруулах анхны оролдлого байсан. Дараа нь үргэлжлүүлээд колончлолын үед мөн хямд нөөц, баялагтай капиталист загвар бүтээхийг оролдсон. Харин энэ үе дуусч, колони газар, улс орон тусгаар тогтнож эхэлснээр эдийн засгийн өсөлтийг шаардсан даяаршлын эрин эхэлсэн. Энэ тухай намайг Европт ярихаар “бид 30 жил л өртэй амьдарсан” гэдэг. Харин бид энэ тоог 10-аар үржүүлэх хэрэгтэй. Европ сүүлийн 300 жил бусдын баялгаар эдийн засгаа өсгөсөн гэж үздэг. Гол нь бид дэлхий 100 жилийн өмнө нэг тэрбум хүнтэй байснаасаа огт өөр болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. 7 тэрбум хүн амтай дэлхийд өөрчлөгдөх шаардлага зайлшгүй байна.

Лорд Мегнад Десаи, Лондоны эдийн засгийн сургуулийн хүндэт профессор

Капитализм “амьд байна”, хөгжсөөр байна. Гэхдээ барууны орнуудад биш, дорно зүг “цагаачилчихсан”. Барууны капитализм “хөгшрөөд”, яаралтай нөхөн сэргээлт шаардлагатай болсон. Харин эрсдлийн даах чадвар, хөрөнгө оруулалт, хуримтлал, шаргуу хөдөлмөрт шингэсэн байдаг капитализмын “амин сүнс” нь Хятад, Энэтхэг, Индонези, Солонгос, Японд суурьшсан бололтой. Гэтэл эдгээр орнуудыг ядуурлаас гарч чадна гэдэгт итгэдэг хүн ховор байсан шүү дээ.

Барууны капитализм ХХ  зууны эхэн хагаст үнэхээр гайхалтай хөгжсөн. Цэцэглэлтийн урт хугацаа, ажил эрхлэлт дүүрэн, эдийн засгийн өсөлт баталгаажсан гээд л. Гэвч эдгээр нь бүтээх, боловсруулах үйлдвэрлэл гадагшаа “нүүж”,  үнэ өсч, санхүүгийн систем тийм ч найдвартай “нөхөр” байж чадахгүйн дохио байсан.  Бид өөрсдийн капитализмын загвар, үнэт зүйлсээ эргэн харахад хүрч байна. Хэрэв Азийн капитализм илүү эрч хүчтэй, шийдэмгий байж гэмээнэ бид хуучин загвараасаа залхаж, үр дүнд нь өөрсдийн баялгаа тэднийхээр солих болно.

Тим Жексон  /”Эдийн засгийн өсөлтгүй хөгжил” номын зохиогч, профессор/

Дэлхийн эдийн засаг 50 жилийн өмнө байснаасаа тав дахин өсөөд байна. Энэ хурдаараа өсвөл 2100 онд 80 дахин их тоо гарна. Даяар эдийн засгийн энэ хэт идэвхжилтэнд түүх өрсөлдөгч байхгүй.

Барууны капитализм нь өөрийн тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн өсөлтөөс шууд хамаардаг. Тэгээд өсөлт саарч эхлэнгүүт улс төрчид сандралдаж, бизнесийнхэн “амь гарах” гарц хайдаг. Хүмүүс ажлаа, эд хөрөнгөө алдаж эхэлдэг. Эдийн засгийн өсөлтийн зарчим үл итгэсэн хүнийг “гажиг, идеалист, хувьсгалч” гэж нэрлэж эхэлнэ. Тэгэхдээ л бид энэ домогтоо эргэлзэх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийн домог бидний найдварыг тасаллаа. Өдгөө хүртэл өдөр хоёр ам.доллараас бага мөнгөөр амьдарч байгаа 2 тэрбум хүний найдварыг тасаллаа. Бидний амьдралын үндэс болсон экологийн системийг сүйтгэлээ. Багахан хугацааны дотор амлаад байдаг эдийн засгийн тогтвортой байдлыг ганхуулж байна. Гэвч энэ эдийн засгийн хямрал бидэнд том сургамж болж, зөвхөн ойрын ирээдүйгээ хардаг хорт зуршлаасаа салахыг шаардаж байгаа. Үйлдвэрлэлийн зарчмууд үндсээрээ өөрчлөгдөх ёстой, татвар төлөгчдөд суурилсан “даатгал”-ын бодлогыг халах хэрэгтэй. Үл үзэгдэх гарын тухай домог мартагдах нь зүйтэй.

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж