“Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

“Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийлээ

Архангай аймгийн Аудитын газар тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрт аудитын шалгалт хийлээ. Эл шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд, үдийн цайны материалын үлдэгдэл нь зориулалт бус хэтрүүлэн зарцуулахад шууд нөлөөлсөн байна. Аудитаар нийт 36,001.2 мянган төгрөгийн төлбөр зөрчил илэрсний 78.7% буюу 28,343.7 мянган төгрөгт төлбөрийн акт тавигджээ. Илэрсэн нийт төлбөр зөрчил нь Засгийн газрын 45 дугаар тогтоолоор батлагдсан “Үдийн цай”-ны зардлын нормативыг баримтлалгүй хэтрүүлсэн эсвэл хэмнэлт гаргаж материал их хэмжээгээр нөөцөлсөн, зориулалт бус зарцуулсантай холбоотой байлаа. Үдийн цайны зарцуулагдаагүй мөнгөн үлдэгдлийг тусгай зориулалтын сангийн тухай хуулийн дагуу буцаан төвлөрүүлдэг бөгөөд үүнээс болж төсөв захирагч нар зарцуулагдаагүй мөнгөн үлдэгдэл гаргах сонирхолгүй болж материал хэлбэрээр зарцуулаагүй хөрөнгийг авч үлддэг аргатай болсон байна. Өнгөрсөн оны санхүүгийн жилийн эцэст аудитад хамрагдсан 23 сургуулиас 15 сургууль нь 72.5-8436.6 мянган төгрөг буюу нийт 22,693.7 мянган төгрөгийн бараа материал хэлбэрээр нөөцлөн авч үлдсэн ба үүнийг дараа жилийн санхүүжилтаас суутган тооцолгүй орхигдуулснаар хөтөлбөрийн хөрөн­гийг зориулалт бус хэтрүүлэн зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Аймгийн аудитын газраас боловсролын салбарын холбогдох өндөр албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж