Монгол, Оросын түүхэн харилцааг харуулсан үзэсгэлэнг нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын түүхэн харилцааг харуулсан үзэсгэлэнг нээлээ

Гадаад
харилцааны яамны “Номин” танхимд “Монгол-Оросын харилцаа ХХ зуун”
нэртэй үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Архивын салбарт хамтран ажиллах
Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан Улаанбаатар хотноо болж
буй. Комиссын хурлын үеэр зохион байгуулах арга хэмжээнүүдийн нэг нь
энэхүү үзэсгэлэн ажээ. Одоогоос есөн жилийн өмнө буюу 1992 оны
гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр
Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол-Оросын Засгийн газар
хоорондын хэлэлцээр байгуулж байсан. Үүний дараа 1992 оны аравдугаар
сард хамтарсан комисс анхны хуралдаанаа хийж байжээ. Хуралдааныг хоёр
жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. Харин энэ жилийн хуралдаан
Улаанбаатар хотноо болж буй нь энэ юм. Оросын талаас ОХУ-ын Архивын
агентлагийн орлогч дарга В.П.Тарасов тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн
ирсэн аж. Ямартай ч хамтарсан комисс байгуулагдсанаас одоог хүртэлх
хугацаанд Монгол, Оросын төрийн архивуудад хадгалагдаж байгаа урьд өмнө
далд, хаалттай байсан түүхийн чухал барим бичгүүдийг судлах, сурвалжлах,
солилцох, хамтарсан ном, эмхтгэл хийх, архивын ажлын туршлага солилцох,
хоёр орны харилцааны түүхийн чухал сэдвээр архивын баримт бичгийн
үзэсгэлэн гаргах зэргээр хамтарч ажиллаж байгаа юм байна. Одоогийн
байдлаар ОХУ-ын төрийн архивуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын
түүхэнд холбогдох 8000 хуудас архивын баримт бичгийг хуулбарлан Монголын
талд хүлээлгэн өгөөд байгаа ажээ.

Энэ онд ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, Монгол
Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож
байгаа. Ойн  хүрээнд  Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн
яам хамтран “Монгол-Оросын харилцаа ХХ зуун” үзэсгэлэнг нээсэн нь
хамгийн онцлог нь гэж хэлж болох ажээ. Үзэсгэлэнд  ХХ зуунд хоёр улсын
харилцаанд гарч байсан түүхэн үйл явдлуудыг гэрчлэх  архивын баримт
бичиг, гэрэл зургуудыг дэлгэн тавьсан байлаа. Нэг ёсондоо 1920 оноос
2000 оныг хүртэлх хоёр улсын хооронд болж байсан түүхэн үйл явдлуудыг
гэрчлэх баримтуудыг эндээс үзэж болно. Тухайлбал, үзэсгэлэнгийн танхимд
Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ, Монгол Улсын түр Засгийн газрыг
байгуулсан тогтоол, Бүгд Найрамдах засгаа тунхагласан явдалд баяр
хүргэж, улаан цэргээ татах болсноо мэдэгдэж ЗХУ-ын Гадаад харилцааны
ардын комиссар Г.В. Чечеринээс Ерөнхий сайд Б.Цэрэндоржид ирүүлсэн бичиг
гээд сонсож байснаас биш гар хүрч, үзэж байгаагүй баримт бичгүүдийг
дэлгэсэн байсан. Эдгээр түүхийн чухал баримт бичгүүдийг үзэхийг зорьсон
түүхч, судлаачид ч Гадаад харилцааны яаман дээр өчигдөр хүрэлцэн ирсэн
байсан юм. Үзэсгэлэнд зориулж ОХУ-ын Архивийн агентлагийнхан 230 гаруй
түүхийн баримт бичиг, зураг, бичлэгүүдийг авчирсан гэдгээ энэ үеэр хэлж
байв.

Үзэсгэлэнгийн нээлтийн дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Архивын
салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын талын
дарга В.Удвал, ОХУ-ын Архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов нар
мэдээлэл хийсэн юм. Дэд сайд В.Удвал “Энэ удаагийн үзэсгэлэнгээр манай
улсын таван яамны түүхэн баримтуудыг дэлгэж тавьсан байгаа. Тухайн үед
ямар бодит үйл явдал болж байсан талаар энэхүү баримтуудаас харж болох
юм. Мөн өмнө нь архивын  материалуудыг ийнхүү бүтэн зуунаар нь дэлгэж
тавьж байгаагүй. Тодорхой нэг  салбар, цаг үеэр хэсэгчилж байсан.
Тухайлбал, гадаад харилцаа, батлан хамгаалах, соёлын гээд салбараар нь
тавьдаг байсан гэсэн үг. Үзэсгэлэнг гаргахад ОХУ-ын тал өнгөрсөн оноос
дэмжлэг үзүүлж эхэлсэн” гэсэн юм.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж