Юанийн эсрэг шинэ хууль батална

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Юанийн эсрэг шинэ хууль батална

Америк доллартой харьцах юанийн ханшийг дээшлүүлэхэд БНХАУ-ыг албадахын тулд Вашингтоны сенатаас шинэ хууль батална гэж өчигдөр мэдэгдлээ.

“Үүнийг Бээжин эрс эсэргүүцэж байна” гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Ма Чжаосюй өчигдөр мэдэгдсэн байна.

Үндэсний валютынхаа ханшийг санаатайгаар бууруулах замаар экспортоо тэтгэж байгаа орнуудын импортод нөхөн төлбөр ногдуулах боломжийг хангах шинэ хуулийн төслийг АНУ-ын сенат энэ долоо хоногт хэлэлцэж батлах ёстой гэж “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

Энэ алхам нь дэлхийн томоохон эдийн засагтай хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдээж мэднэ гэж БНХАУ мэдэгджээ.

Америкчууд даяарчлалыг хамарсан валютын асуудлыг улс төржүүлж байна гэж Хятадын Төв банк, Гадаад харилцааны яам, Арилжааны яам мэдэгдэв.

Ма Чжаосюйн мэдэгдэлдээ “АНУ валютын тэнцвэржүүлэлт нэрийн дор Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж байна. Гаалиар ивээх арга хэмжээ авахын тулд валютын ханшийн асуудлыг ашиглах гэж байна. Энэ байдал нь Хятад-Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааг ноцтой муутгаж мэднэ” гэжээ.

Харин АНУ-ын эрх баригчид “Ам. доллартой харьцах юанийн ханшийг дутуу үнэлснээс болж АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр алдагдал гарч мэднэ” гэв.

Д.Түвшин
“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж