Оюутанд зориулсан дамжаа хичээллүүлье

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Оюутанд зориулсан дамжаа хичээллүүлье

Хотод ирж оюутан болно гэдэг их ухаан шаардсан ажил шиг байгаа юм. Нэгэн улстөрч оюутнуудын талаар “Элсэж орохдоо оюутан, төгсөж га­рахдаа оюунтан болох ёстой” ч гэж хэлсэн байдаг. Харин оюунтан болохоор бэлтгэгдэж байгаа оюутнууд маань хэр соёлжиж, хэр нийгэмшиж байгаа бол гэдэг асуултанд хариу хэ­рэгтэй байна аа.

Нэгэн оюутан сонинд дараах яриаг өгснийг уншиж байлаа. Уг ярилцлагад тэр оюутан “Зам хөндлөн гарах л хэцүү. Машинууд тулж ирж зогсчихоод мэдрэл муу­тай юмнууд энэ тэр гээд загнаж өгнө шүү дээ. Гэхдээ би оюутан болж ирээд нэг их онигоонд ороогүй ээ. Харин манай өрөөний охин л том онигоонд орсон. Ариун цэврийн цаас хэрэглэж үзээгүй юм байна л даа.  Тэгээд тэр цааснаасаа худалдаж аваад ээждээ аваачиж өгнө гээд хадгалснаа яриад бид бөөн инээдэм болсон” гэсэн байсан юм. Дээрх ярианаас харахад оюутан болж ирэгсэд дөрвөн жилийн дотор оюунтан болж чадаж байгаа болов уу гэх асуулт үүсэж байгаа юм. Эхлээд ээж, аавыгаа “саа­даг” байсан сүүлдээ тө­рийг “саадаг” болсон, он га­раад бүр ч их “саах” сураг сонсогдох болов. Гэтэл тэд хотод  амьдрах талаар ямар ч мэд­лэггүйгээр барахгүй, зарим  нь бүр хотод байж чадахгүй малынхаа бэлчээрийг санадаг юм шиг ээ. Хараад байхад их сургуулиудын дотуур байрны эргэн тойронд бөөн хог, хаягдал овоорсон байдаг. Энэ асуудал мөн л оюунтантай холбоотой санагддаг. Ер нь энэ хөдөөнөөс хот руу орж ирж оюутан болж байгаа хүүхдүүдийн дунд зургаан сарын дамжаа хичээллүүлвэл яадаг юм бол. Хотод амьдрах арга, зам хөндлөн гарч сурах арга барил, явган хүний гарц гэж юу болох, ямар тохиолдолд түүгээр гарах, баар гэж ямархуу газар бо­лох, хэрхэн үйлчлүүлэх, хаа­на бие засаж болох, хаана болохгүй  вэ энэ тэр гээд олон талын мэдлэг олгодог дамжаа хичээллүүлвэл яасан юм бэ. Адаглаад л ариун цэврийн цаасны талаар хичээл орж, мэдлэг олгоно шүү дээ. Оюутан хүнд уг нь энэ мэт энгийн амьдралын мэдлэг их хэрэгтэй болов уу. Биеэ авч явах тал дээрээ ямар ч мэдлэггүй хүүхдүүдэд синус, косинус, маркетингийн үндэс, нягтлан бодох бүртгэл энэ тэрийг заагаад байгаа нь хэр зөв юм бол доо. 

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж