Ардын намын бүлэг 48:28 гэсэн хувилбарыг санал болгосон

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Ардын намын бүлэг 48:28 гэсэн хувилбарыг санал болгосон

УИХ-ын гишүүн Д.Одхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /өчигд­рийн/ хуралдаанаар Эд хө­рөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүрт­гэлийн ту­хай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэ­лэлцсэн. Энэ үеэр та нэлээд бухимдах шиг боллоо?

-Бухимдсан. Шалтгаан нь ойлгомжтой байна. Засгийн газар болон Төрийн өмчийн хо­рооноос хувьчлалын жаг­­­саалт гаргахад түүн до­­тор нь Эрдэнэтийн ду­лаа­ны цахилгаан станц бод­ло­гын хувьд байгаагүй юм. Тэгсэн чинь тодорхой ашиг сонирхолтой хүмүүс олон­хиороо түрэмгийлж бай­гаад тэр жагсаалтад Эрдэнэ­тийн дулааны цахилгаан станцыг оруул­чихсан. Би үүнийг ихээ­хэн эсэргүүцэж байгаа. Ер нь хувьчлагдсан дулааны ца­хил­­гаан стан­цуу­даас Дарха­ны­хыг эс тооцвол бу­сад нь хөл­дөж, асуудал үүссэн. Жи­шээ нь Багануурын стан­цыг хувьчилсны дараа Бага­нуур хот хөлдөхдөө тулж, ул­саас хоёр тэрбум га­руй төг­рөг гаргаж байсан удаа­тай. Ихээ­хэн хөрөнгө оруу­лалт, на­рийн зохицуулалт шаард­сан дулааны цахилгаан стан­цыг шинэчлэх хэмжээний хө­рөн­гийг төр гаргахаас биш хувьчилж авсан компаниуд гар­гах чадамжгүй болох нь дээрх жишээнээс харагдаж байна.

Тэгэхээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг яг ийм маягаар хаявал яана гэсэн үг вэ. Хөлдөнө шүү дээ. Хамгийн гол нь Засгийн газраас санал авахгүйгээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад са­наархаж байна. Шунал байж болно. Гэхдээ ингэж даварч болохгүй. Үүний эсрэг би тогтоолын төслөөс хасуулах хуулийн төсөл санаачилсан. Засгийн газар нөхцөлийг сайн ойлгосон учир дэмжсэн байгаа.

-Ийм саналыг хэн гаргасан юм бэ?

-Тодорхой ашиг сонирхолтой хүмүүс бий. Тэд нийлээд олонх болж байгаа.

-УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын 57 дугаар тогтоолыг зөрчсөн тул өөрчил гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-УИХ-ын гишүүдийн яриад байгаа зүйл бол “Рио Тинто”-г хөөж гаргая гэж байгаа юм биш. Харин нөгөө талаас Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ынхан УИХ, Засгийн газрын байр суурийг ойлгож хандах хэрэгтэй. УИХ-ын гишүүд энгийн зөв шаардлага тавьж байгаа. Манай улс хуучин ЗХУ-ын далайсан газар нь далд ордог байсан түүх бий. ЗХУ Монголд ийм хүчтэй нөлөөтэй байсан хэрнээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг бидэнд өгсөн байдаг. Том улс жижиг улстай гэрээ хийхдээ эрх ашгийг нь үнэхээр ойлгодог жишээ энэ байна. Гэтэл одоо дэлхийн хүн төрөлхтөнд хэзээ ч тохиолдож байгаагүй зүйл шаардаад байгаа юм шиг царайлж болохгүй. УИХ-ын гишүүд “Та бүхэн оруулсан хөрөнгө оруулалтаа нэг нугалаад авчих. Харин маргаашаас нь эхлээд 51 хувь болгох” гэсэн шаардлагыг л тавьж байгаа юм. Гэтэл 30 жилийн дараа гэх юм. Уучлаарай, ийм зүйл байхгүй. Зэсийн үнэ өндөр байгаа үед 8-10 жилийн дотор л хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх бололцоотой байгаа шүү дээ. Энэ бол хамгийн эрүүл шаардлага.

-Сонгууль дөхөж байгаа болохоор шаардлага тавьж буй гишүүд улс төр хийж байна. Өмнө нь яагаад ярьж болоогүй юм гэж шүүмжлэх хүмүүс байдаг?

-Оюутолгойн хэлэлцээр эхлэхээс өмнө энэ талаар шаардлага тавьж байгаа гишүүд ярьж байсан. Сонгууль дөхөөд байгаад учир нь байгаа юм биш. Мөн 2010 онд “Оюутолгойн гэрээг сайжруулж, УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу хий” гэх шаардлагыг нэр бүхий 13 гишүүн хүргүүлсэн удаатай.

-Тэгвэл УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлдэг Засгийн газрыг яах ёстой вэ. Таныхаар?

-Хариуцлага тооцох тухай нэр бүхий 20 гишүүний яриад байгаа зүйл чинь тэр шүү дээ.

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарч сөрөг хүчний байр сууринаас асуудлыг харах болсон гэж бодож байгаа гэсэн үг үү?

-Гарах ёстой. Сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг, олонхи нь олонхи шиг байх цаг нь болсон. Төрд тодорхой хийх зүйл байсан болоод хамтарсныг ойлгож байгаа. Хяналтгүй зүйл гэдэг чинь л буруу замаар будаа тээхийн эхлэл болдог. Бие биеэ эрүүл шүүмжлэх нь ажлыг хөдөлгөдөг. Гэтэл одоо үүний үнэ цэнэ алдагдчихаад байна.

-Тэгэхээр хамтраад үр дүн гарсангүй гэх гээд байна уу?

-Үгүй ээ. Огт үр дүнгүй байлаа гэхгүй. Зарим тал дээр үр дүн гарсан зүйл бий. Харин хамтарсан Засгийн газрын гэрээн дээр байгаа зүйлүүдийн тал нь хэрэгжээгүй. Ер нь хийсэн юмтай, алдсан ч юмтай Засгийн газар.

-Засгаас Ардчилсан нам гарах нь зөв гэдэг дээр намын гишүүд хэрхэн хандаж байгаа бол?

-Орхон аймгийн намын хорооны бараг 100 хувь гарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Засгийн газрын гэрээнээс биелэхгүй байгаа нэг зүйл бол Сонгуулийн тухай хуулийн ши­нэчилсэн найруулгын төсөл. Хоёр намын бүлэг одоо хүртэл тогтолцоон дээрээ тохиролцож чадахгүй байсаар л байна?

-Манай нам завсарлагаа үргэлжлүүлж байгаа. Бид сонгуулийн системээ өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг 2008 оны долоодугаар сарын 1 харуулсан. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулахдаа хамгийн эхэнд л Сонгуулийн тухай хуулийг өөрчлөнө гэсэн. Учир нь мажоритари тогтолцоонд иргэдийн санал бүрэн утгаараа тусдаггүй. Жишээ нь 10, 10 хүн өрсөлдөөд 10 хүн нь тав, таван хүний саналаар ялагдлаа гэж бодоход нэгийнх нь авсан санал нөгөөгийнх нь авсан саналаас 50 хүний саналаар дутуу байгаа мөртлөө УИХ-д төлөөлөл нь 100 хувь орчихдог. Энэ бол мажоритари системийн доголдолтой тал. Харин бид холимог системийг сонгоё гээд байгаагийн шалтгаан нь нийт иргэдийн өгсөн саналыг сонгуульд тодорхой хэмжээгээр тусгадагт оршино. Нөгөө талаар системээс гадна луйвар хийдэг, санал засдаг гэх  үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.

-Ардын намын бүлэг 52:24 гэсэн хувилбар дээрээ бат зогсоод байна уу. Аль эсвэл танай намд өөр хувилбар санал болгосон уу?

-Өчигдөр /уржигдар/ бүлгийн хуралдаанаар Ардын намын бүлэг 48:28 гэсэн хувилбарыг санал болгосон тухай ярьсан. Нэг үгээр хэлбэл 48 нь мажоритари, 28 нь пропорциональ гэсэн үг. Хувь гишүүний хувьд бодоход пропорциональ хувилбар оруулаад үүнийхээ хажуугаар сонгууль шударга явуулах тал дээр нь илүү анхаарах хэрэгтэй.

-Ардчилсан нам Ардын намын санал болгосон 48:28 хувилбарыг хүлээж авахгүй учир завсарлага авсан гэж ойлгож болох уу?

-Бид хоёр намын бүлгийн ажлын хэсгийн түвшинд нөхцөл байдлуудаа ярилц гэдэг чиглэл өгсөн. Тэгэхээр тэр түвшиндээ ярилцаж, богино хугацаанд УИХ-д оруулж ир гэж ярьж байгаа. 

-Үндсэн хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэх талаар ярьж байна. Гэхдээ энэ нь санал авах түвшинд байгаа. Таны бодлоор гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй юү?

-Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүд байж болдог нь их буруу. Өөрөөр хэлбэл гишүүд сайд болчихоор өөрөө, өөрийгөө хянаж чадахгүй болдог. Иймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэ заалтыг өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байгаа. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэх санал нь нэг их буруу биш. Гэхдээ цаг нь мөн үү гэдэгт эргэлзэж байна. Төрийн аппаратын хэмжээг өөрчлөх нь чухал уу, бусад асуудлаа зөвшилцөж, шийдвэрлэсний дараа шийдэх нь зөв юм болов уу гэсэн бодолтой байна. Мөн Э.Бат-Үүл гишүүн парламентын хоёр танхимын талаар ярьж байсан. Энэ парламентын бас нэг гоё хувилбар л даа. Парламентад улс төр хийдэг гишүүд бий. Хэрэв хоёр танхимтай болбол төлөөллийнх нь танхим нь хоёр удаа цугларч, доод танхимынхаа гишүүдийн үүргийг гүйцэтгээд явж болно. Ингэвэл ажил үүргийнх нь хувиар нь илүү тодорхой болох юм болов уу. 

-“Цөмийн хаягдлыг Монголд булшлах гэж байна” гэх мэдээлэл нэг хэсэг шуугиан тарьсан. Хоёр жилийн өмнө Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг батлах үеэр дээрх мэдээлэлтэй утга нэг заалтууд орсон байсан. Тэгэхээр энэ яриа саяхных биш болж таарч байна гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Тухайн үед та энэ асуудлыг нэлээд эсэргүүцэж байсан байх аа?

-Миний хувьд бодлого, хууль аль, алинд нь хатуу байр суурьтай байсан. Тухайн үед би “Импортолж байгаа цөмийн хаягдлыг оруулахгүй байх ёстой. Харин дотоодын цацраг идэвхт бодисоос гарсан хаягдлыг булшлахаас яах вэ” гэж хэлсэн боловч бодлого дээр нь дэмжээгүй юм. Харин хуульд нь өөрчлөлт оруулсан. Гэвч хоёрдмол утгатайгаар буюу хаягдал булшилж болох ч юм шиг орчихсон. УИХ-ын гишүүд хуульдаа анхаарч, болохгүй заалт орсон хуулийг батлахгүй байх нь чухал. Тэр үед цөмийн хаягдлын талаар заалт оруулахгүй, хаачихсан бол өнөөдөр ийм зүйл ярихгүй байсан.

-Тухайн үед Ерөнхий сайд асан С.Баяр шахаж байж цөмийн энергийн талаар баримтлах бод­логыг батлуулсан гэх мэдээлэл бий?

-С.Баяр холбогдсон эс холбогдсон тухай мэдэхгүй. Харин УИХ-ын гишүүд хуульдаа хариуцлагатай хандах хэрэгтэй талаар л ярьж байгаа юм. Энэ бол ямар нэг улс төрийн асуудал биш. Эх орон, үндэсний аюулгүй байдлын тухай асуудал шүү дээ.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж