
Засгийн газар 350 төгрөгийн хураамж авч байх зөвшөөрлийг банкинд энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд өгсөн байхад банк зөвшөөрөл гараагүй байхад буюу оны эхнээс хураамж авч байсныг мөн шүүмжилсэн юм.
Иймд энэ аравдугаар сараас эхлэн иргэдээс 350 төгрөгийн хураамж авахгүй байхыг Засгийн газарт яаралтай мэдэгдэх, өмнө нь суутгаж авсан мөнгийг иргэдэд нөхөн олгох, байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж хүний хөгжлийн мөнгө олголтод шалгалт хийх зэрэг саналыг Д.Арвин гишүүн дэвшүүлсэн юм. Тэрбээр “Энэ бол нийт 2,6 сая хүний халаасыг тэмтэрсэн, урьд байгаагүй хулгай” гэж үзэж буйгаа мэдэгдлээ.
Гишүүн Г.Баярсайхан хүний хөгжлийн өнгө олгох гэрээг тендэргүйгээр ганц банкинд олгосныг буруу гээд нээлттэй тендэр зарлаж хямд үйлчилгээтэй банкинд энэ ажлыг даалгах ёстой. Төр иргэдийн мөнгөнд гараа дүрдэг байснаа шуугаа дүрдэг болсон байна гэлээ. Д.Арвин гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт асуулга тавьж яагаад хариуцлагагүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсныг асуухад тус газрынхан асуудлыг гурван удаа буцаагаад дөрөв дэх удаад дарга хүчээр шийдүүлсэн гэсэн хариу өгчээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд ийм шийдвэр гаргуулж Засгийн газарт оруулсан аж.
Гишүүн С.Бямбацогт “УИХ иргэддээ 1,5 сая төгрөг олгоно гэж амласнаас биш 1,4 сая төгрөг гээгүй. УИХ-ын шийдвэрийг Засгийн газар зөрчсөн байна. Сард иргэн бүрт 21 мянган төгрөг олгох ёстойгоос бус 20650 төгрөг олгох гээгүй” гэж байлаа.
Өмнө нь хүүхдийн мөнгө өгч байхад нэг удаа дэвтэр нээгээд л хадгаламжид нь шилжүүлээд өөр элдэв хураамж авдаггүй байсныг гишүүд жишээ болгож байв. Гишүүн Ц.Даваасүрэн нэг байгууллагын жилийн зардалд их бодоход гурван тэрбум төгрөг хангалттай, 11 тэрбум төгрөг арай хэтэрч байна гэж байсан юм. Зарим гишүүний амнаас нэг тэрбум төгрөг хангалттай гэсэн үг гарч байлаа.
Харин Ч.Улаан гишүүн арай өөр байр суурьтай байлаа. Орон даяар сүлжээтэй хоёрхон банк байдгийн нэг нь үйлчилгээнээс татгалзсан. Тэгэхээр ганц Хадгаламж банк үлдэж байгаа. Мөнгийг бэлэн бусаар, картаар олгох хэлбэрт шилжиж болно. Банк иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тодорхой зардал гарна. Төсөвт зардал суулгаагүй тул иргэдийн мөнгөнөөс хураамж авахаас аргагүй. 21 мянган төгрөгөөс хураамж авахгүй гэвэл төсвийн тодотгол хэлэлцэх үед зардлыг суулгаж өгье. Цалин, тэтгэврийг ч 100 хувь гар дээр өгдөггүй, татвар, шимтгэл хураадаг. Түэтэй адил гэлээ. Харин Д.Оюунхорол гишүүн хүний хөгжлийн мөнгө бол цалин биш гэдгийг тодотгож Ерөнхий сайдад асуулга тавих ёстой гэсэн юм. Тавантолгойн 536 ширхэг хувцааг иргэдэд өгөх нэрийн данс нээхдээ 5000 төгрөг хурааж буйг гишүүд мөн буруутгалаа
Байнгын хороо уг асуудлаар ажлын хэсэг гарган шалгаж, нэн даруй тогтоол гаргахаар боллоо.