Дасгалжуулагчдыг өнөөдөр сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагчдыг өнөөдөр сонгон шалгаруулна

Монголын жүдо бөхийн холбооны тамирчид Францын Парис хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таагүй үр дүн үзүүлсний дараа холбооны удирдлагын зүгээс шигшээ багийн багш, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг бүрмөсөн өөрчлөхөөр шийдэж, сонгон шалгаруулалт явуулах тухай зар түгээж эхэлсэн билээ. Улмаар шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, өнгөрсөн хэсэг хугацаанд Х.Болдбаатар ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байв.

Тэгвэл, Биеийн тамир, спортын газраас жүдо бөхийн шигшээ багийн багш, дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтыг өнөөдөр 14.00 цагаас явуулахаар болсон байна. Эхний ээлжинд 40 орчим дасгалжуулагч шигшээ багт ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, материалаа Монголын жүдо бөхийн холбоонд хүргүүлсэн аж. Улмаар холбооны удирдлага хоёр үе шаттайгаар шалгаруулалт явуулж, тэдгээр 40 хүний материалтай танилцсаны дараа БТСГ-т найман хүний материалыг хүргүүлсэн байна. Тэдгээр найман хүнээс БТСГ жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болоод багш, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах учиртай. Холбооны зүгээс шигшээ багийн багш, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг гурван дасгалжуулагчтай байх саналтай байгаа тухай Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат дуулгав. Гэхдээ шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон хүний санал, нөөц бололцоог багш, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд тусгаж ажиллах гэнэ.

Олимпийн наадам хаяанд ирсэн энэ үед жүдочид тэмцээн алгасалгүй оролцож, чансааны оноогоо цуглуулах шаардлагатай. IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны тэмцээн, уралдааны календарчилсан төлөвлөгөөнд багтсан гран-при ангилалд багтах тэмцээн энэ сарын 16-18-нд Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо болно. Түрүүлсэн тамирчин чансаагаа 200 оноогоор ахиулах боломжтой тус тэмцээнд оролцохоор Монголын жүдочид бэлтгэлээ базааж байгаа юм. Тэгэхээр шинэ дасгалжуулагчдын удирдлага дор оролцох анхны тэмцээн нь Абу Дабигийн гран-при болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж