“Челси” шинэ цэнгэлдэхийн эрэлд

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

“Челси” шинэ цэнгэлдэхийн эрэлд

Орос тэрбумтны эзэмшилд байдаг “Челси” клуб шинэ цэнгэлдэх барьж байгуулах эхний алхмаа хийж буй бололтой. Клубын удирдлагын зүгээс 1990-ээд оны үед хөгжөөн дэмжигчдэдээ худалдаж байсан “Стэмфорд Бриж” цэнгэлдэхийн хувьцаагаа эргүүлэн авах хүсэлт тавьсан тухайгаа мэдэгдэв. Баруун Лондонгийн клуб хаашаа “нүүхээ” шийдээгүй, шинэ цэнгэлдэх барьж байгуулах тохиромжтой байрлалаа сонгоогүй байгаа ч Роман Абрамовичийн “Цэнхрүүд”-ийн хувьд дээрх алхам зөв шийдвэр гэгдэж байна.

“Челси” клубын удирдлага 1993 онд “Стэмфорд Бриж”-ийн тодорхой хувийг худалдахдаа үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдэд алдахгүйн тулд “Челсигийн талбайн эзэд” гэгчийг байгуулсан юм. Харин одоо клубыг Роман Абрамович эзэмшиж байгаа тул тэр аюул нэгэнт үгүй болсон хэмээн “Цэнхрүүд”-ийн захирал Брюс Бак ярьсан байна. Ноён Бак болон клубын гүйцэтгэх ерөнхий захирал Рон Гурлей нар цэнгэлдэхийн хувьцаа эзэмшигч 12 мянган хүнд хандан, тэдний эзэмшилд байгаа нийт 15 мянган хувьцаагаа клубын удирдлагад эргүүлэн худалдахыг уриалжээ. Ингэхдээ хувьцаа бүрийг 100 фунт стерлингээр үнэлсэн байна. Мөн клубын удирдлагын зүгээс ийнхүү хувьцаагаа эргүүлэн авах болсон нь санхүүгийн ашиг орлого олох ямар ч хүсэл зорилго байхгүй гэдгийг онцолжээ.

Хэрэв клуб 2020 оноос өмнө одоогийн цэнгэлдэхээс “нүүхээр” шийдвэл “Стэмфорд Бриж” цэнгэлдэхийн ойр орчимд таван км-ийн радиуст багтаж нүүнэ гэдгийг хөгжөөн дэмжигчдэдээ амласан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж