Чоно борооноор, уул уурхайн компани чөлөөнөөр

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Чоно борооноор, уул уурхайн компани чөлөөнөөр

Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Орхон, Хөтөл сумдаар цасан шуурга тавьж, өндөр хүчдэлийн шон унаж, нутгийнхан цахилгаангүй болсон тухай өмнө мэдээлж байсныг та сонссон л биз. Яг л тэр мэдээлэл гарсны дараахан тус аймгууд руу “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн зохион байгуулагчдын хамт сэтгүүлчдийн баг явцгаасан юм.

Дарханы хэлэлцүүлгийн талаар өмнөх дугаартаа дэлгэрэнгүй гаргасан тул энэ удаад Сэлэнгэ аймаг, тэр тусмаа Зүүнхараад болсон хэлэлцүүлгийн талаар онцлон хүргэж байна.

Үнэндээ би онцлоод байгаа зүйл биш, Ардчилсан намынхан Зүүн­хараа буюу Мандал сумыг онцлон хэлэлцүүлгээ зохион байгуулсан юм. Зүүнхараа нь хүн амаараа Говь­сүмбэрийн Чойр хотоос ч их буюу 26 мянга гаруй хүн амтай. Дэд бүтэц хөгжсөн, Улаанбаатараас 162 км зайд оршдог, сумаасаа ч том тосгонтой, Хүннүгийн түүхт Ноён уулын дэргэд оршдог гэх зэргээр онцлог зүйл олонтой аж.

Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг биднийг очиход хүйтэрч, ширүүссэн шинж үгүй болжээ. Унасан шонг босгож, цахилгаанаа холбосноор амьд­рал эргээд урьдын хэвээр үргэлжилж, тариа, ногооны талбайд орсон цас хайлсан тул түр зогсоогоод байсан ажилдаа шуурхайлан орж, алдсан хуга­цаагаа нөхөхөөр дор бүрнээ шамдах аж.

Сэлэнгийнхэн энэ их ажлынхаа хажуугаар иргэдийн хэлэлцүүлэгт орох зав гаргажээ. Тэд энд өнөөдрийнхөө ажлын цагаас хумслан байж ирсэн нь ирэх жилийн энэ өдрийн цагийг илүү үр ашигтай болгохын тулд цугласан байж ч болох. Ямартаа ч тэдэнд хэлэх үг бий тул ийн цугласан байлаа.  Энэ өдөр зохион байгуулсан боловсрол, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, аюулгүй орчны талаарх хэлэлцүүлэг бүр өөр өөрийн онцлог, асуудал, арга замтай байсан хэдий ч нэг ижил асуудалтай байв. Тэр асуудал нь “Бороо Гоулд”.  

Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хамгийн томоохон уул уурхайн компани тул олон зүйлд өртдөг бололтой. Өртөөд ч зогсохгүй сайн муу олон үр дагаврыг бий болгож байгаа аж.

Үйл ажиллагаа нь эхлээд нэлээд хугацаа өнгөрч, иргэдийн зүгээс ч санал гомдол их гаргадаг болсоор чамгүй хугацаа өнгөрсөн тул “асуудал” нь шинэ зүйл биш болжээ.  Гэсэн ч энэ “асуудалд” анхаарлаа хандуулах ёстойг сануулж, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ч хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ “Газар тариалан гэсэн халхавчин дор уул уурхайн хулгай явагддаг юм биш биз дээ гэсэн хардлага бий. Яагаад гэвэл энд 200 гаруй ашиглалтын лиценз байна. Үүний 128 нь орд эзэмшигч, түүн дотроо хамгийн том нь “Бороо Гоулд”.  Зөвхөн “Бороо Гоулд”-ын талаар олон удаа хөндөж байсан. Гэхдээ сүүлийн үед хөрөнгө оруулалт нэрээр хэдэн ажил хийж, Сэлэнгэчүүдийг чимээгүй болгож аваад хөдөлж байна. Үүнд би эмзэглэдэг. Энэ асуудал дээр Ардчилсан нам чимээгүй сууж болохгүй. Өнөөдөр манай иргэд ядуу байгаа нь үнэн ч гэлээ ядуугийн зовлон дээр гадныхан зоолж болохгүй” гэж онцлов.

Хүдэр сумынхны үс бууралтаж байна

Өмнө нь нутгийн иргэд уул уурхайн компаниудын эсрэг байгаль орчноо хамгаалахын төлөө “дайтдаг” байсан. Харин орон нутгийн захиргааныхан өнөөх компаниудын талд орж үйл ажиллагааг нь албан ёсных болгох болсон. Харин одоо Сэлэнгэд дахин шинэ томьёолол бий болжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь НУТГИЙН ИРГЭД < КОМПАНИ+ЗАХИРГАА гэж байсан бол, одоо НУТГИЙН ИРГЭД < КОМПАНИ+ЗАХИРГАА +ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА гэгдэх болж. Өөрөөр хэлбэл, энэ гурвалд эрүүл мэндийн байгууллагынхан нэмэгдэж, иргэдийн биш компанийн талд орсон гэсэн үг.

Хяналт тавих ч боломжгүй болсон тул зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй том жижиг олон уурхайн ам нээгдэж.

Бугант сум. Малчдын хүүхдүүд хичээл рүүгээ явахдаа таван километр гаруй туулдаг. Гэтэл замд нь өнөөх олон жижиг хяналтгүй уурхай, хар нүхнүүд байж байдаг. Газар газрын  нинжа нар ч цугласан гэнэ. Энэ бүхний  балгийг тоочно гэвэл барагдахгүй ч өнгөрсөн жилд л гэхэд гурван хүүхэд хичээл рүүгээ явах замдаа хүчирхийлэлд өртсөн аж. Үнэндээ “Эрүүл чийрэг монгол хүн” хэлэлцүүлгээр хөндсөн асуудал нь голчлон хяналтгүй тогтолцооны тухай гомдлууд байв. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нь зургаан жилийн турш нэгдсэн эмнэлгийнхээ даргаар ажиллажээ. Уг нь Эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгээ хянах ёстой боловч нэг хүн хоёр албан тушаалыг зэрэг хашдаг. Ядаж тэр дарга нь сайн ажиллаж байвал яах вэ дээ гэх санж. Гэтэл нарийн мэргэжлийн эмч хангалтгүй байхад суманд гурван эх барих эмчтэй. Гэсэн атлаа эхчүүд төрөх болоход нь өнөөх сумын эмнэлэг нь аймагтаа очиж төрөх ёстой гэж “хөөдөг”. Хүдэр сумынхны үс бууралтсаар байгааг хүртэл  Эрүүл мэндийн байгууллага нь үл тоох аж. Үл тоохоор барахгүй  Хүдэр сумынхны үс бууралтсан шалтгааныг  “олборлолттой холбоотой зүйл огтхон ч байхгүй” гээд дээд шатны байгууллагууд руугаа бичиг илгээж суудаг гэнэ.

Орон нутгийн иргэдэд эрх мэдэл олго

Илтгэгч хүн ярьж буй асуудлынхаа талаар сайн мэддэг байх шаардлагатай гэдэг. “Эрх чөлөөтэй монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр жирийн иргэд гэхээс илүүтэй мэргэжлийн уран илтгэгчид илтгэл тавьж буй мэт байв. Учир нь тэд ярьж буй асуудлаа үнэхээр сайн мэддэг болжээ. Нэг үеэ бодвол өөрсдийн эдлэх ёстой эрхийг мэдрэх болсноор ядаж гэрлийн байцаагчийн аманд багтаж, хэлсэн үнийг нь төлдөг байснаа өөрчилсөн талаараа ярилаа. Мөн Сэлэнгэ аймгийн удирдлага татвар төлөгчдийн мөнгөнд хэнэггүй ханддаг, аймаг бүх тендерээ мэддэг хэрнээ чанаргүй гүйцэтгэлийг сайн гэж хүлээж авах нь элбэг гэдгийг “ховлов”. Тэд ийн хэлэхийн учир нь захиалагч нь тендерт оролцохгүй хэрнээ чанаргүй баригдсан барилгад хариуцлага хүлээх эзэн нь аймгийн удирдлага биш, захиалагч болж хувирдагт байгаа аж. Тухайлбал, шинээр баригдсан цэцэрлэгийн хана хөлөрч, дээвэр нь хуурахад хариуцагч нь захиалагч байгууллага нь хариуцлага хүлээх болж, тендерийг зарлаж шалгаруулсан аймгийн удирдлагад ямар ч хамааралгүй болсон гэнэ. Мөн Сэлэнгэд “Бороо гоулд” компани сум хөгжүүлэх санд хэдэн жил 250 мянган ам.доллар хандивлаж, хэд хэдэн барилга барьжээ. Тэр мөнгөнд Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих ёстой ч үндсэндээ Засаг даргын хурууны үзүүрээр орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хөдөлдөг болсон гэдгийг ч хэллээ.

Ядаж сургуулийн захирлаа өөрсдөө сонгоё

“Эрдэм боловсролтой монгол хүн” салбар хэлэлцүүлэг илүү ажил хэрэгч боллоо. Боловсролын салбар нэгдсэн бодлоготой байх ёстой тухай хэдэнтээ давтагдаж байв. Сэлэнгэ аймагт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн дөрвөн төв байдаг аж. Уул уурхай хөгжөөд байгаа энэ үед эдгээр төвүүдэд суралцагчдыг нэгдсэн бодлоготой сургаж, ажлын байраар хангахгүй хэрнээ сар бүр төсвөөс 45 мянгыг сурагцагчдад нь олгодог. Өөрөөр хэлбэл, үр ашиггүй сургалт болж байна гэж ярих хүн олон байв. Мөн сургуулийн захирлыг тухайн сумын Засаг дарга томилдгийг өөрчилж, орон нутгийн удирдлага бус, сургуулийн ажилчид өөрсдөө томилдог байх хэрэгтэй байгаа болон орон нутгийн багш нарын чадавхийг дээшлүүлэх, багш нарыг компьютержуулах зэрэг олон асуудлыг хөндөж байв.

Ажилгүй иргэд, ажиллах хүч хайсан эзэд

“Төрөөс тариалан эрхлэлтийг дэмжинэ гээд зөвхөн будаа тарьсан хүмүүсийг дэмждэг, ногоо тарьсан хүмүүсээ дэмжих хэрэгтэй байна”. Энэ үгийг “Ажил орлоготой Монгол хүн” хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв. Хэдийгээр орон нутагт ажилгүй иргэд олон ч тариа хураалтын үеэр өдрийн 8000-10000 төгрөгийн хөлстэйгөөр ажиллах хүн олддоггүй тухай ажил олгогчид гомдоллов.
Дахиад л төрийн албаныхны талаар гомдол араас нь үргэлжилж “Аймгийн удирдлага аймгийн бүтцэд байхгүй “Аймгийн тохижилт үйлчилгээний газар” байгуулсан. Тэр нь аймгийн бүтцэд байх ёсгүй учраас саяхан хотын захиргаандаа шилжүүлсэн боловч төсвийг нь өөртөө авч үлдэн, мөнгө угаах газар болгосон, бүх мөнгө нь тэр газраар дамждаг” гэв. Ямартай ч иргэдийн ярьж буйгаар тухайн газрынх нь нягтлан өмнө нь Халамжийн байцаагч байхдаа 23 нас барсан хүний нэрээр мөнгө идэж, хэрэгт холбогдож байсан нэгэн гэнэ.

Ноён уулыг ухуулахгүй

Иргэдтэй хийх уулзалтыг ямар газраас зохион байгуулснаас шалт­гаалан ярианы өнцөг өөр өөр тийш эргэдэг бололтой. Зарим уулзалтад “Бороо Гоулд”-ыг ашиглалтад оруул. Ажлын байртай болго” гэдэг бол заримд нь “Алтыг маань ухаж, байгаль орчинг сүйдэлж байгаа улсыг хөөж явуул” гэх аж. “Аюулгүй орчинтой Монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр хоёр дахь байр суурь зонхилж байв. Гэвч хэн зохион байгуулснаас үл хамааран иргэд газар орныг маань ухаж төнхчихөөд эвдэрсэн газар орон үлдээчих вий гэж санаа зовинож байгаа аж.  “Бороо Гоулд” компани Ноён уулын ойролцоо Гачууртын уурхайг ашиглах гэж буйд иргэд нь дургүйцэж, харин орон нутгийн удирдлага нь уул уурхайн компаниас мөнгө авдаг учраас ашиглуулах сонирхолтой байгаа гэж ярих хүн ч цөөнгүй гарав. Орон нутагт хэдэн байшин бариад, хүмүүсийг хэсэг хэсгээр нь дайлан бэлэг тараасан ч бид байр сууриндаа хатуу зогсоно гэнэ. Байр суурь нь Ноён уулыг ухуулахгүй байх.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж