Apple iPhone 4S загвараа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Apple iPhone 4S загвараа танилцууллаа

Хэрэглэгчдийн дунд удаан хугацааны хүлээлт үүсгээд байсан Apple-ийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга Калифорнийн Купертино дахь компанийн удирдлагын байранд боллоо. Харамсалтай нь, олон таамаг, цуурхал дагуулж байсан iPhone 5 хувилбар энд огт яригдсангүй, зөвхөн iPhone 4S шинэчилсэн загвараа танилцууллаа.


iPhone 4S загвар нь iOS5 үйлдлийн системтэй, Sprint-ийн утасгүй сүлжээ болон AT&T, Verizon сүлжээнд ажиллах боломжтойгоороо онцлог.
16 GB багтаамж бүхий хувилбар нь 200 ам.доллар, харин 64 GB багтаамжтай загвар нь 400 ам.долларын үнэтэй байх юм. Урьдчилсан онлайн худалдаа энэ баасан гаригаас эхэлж, 14-ноос дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх юм байна.
iPhone 4S нь өмнөх загвар iPhone 4-тэйгээ адилхан боловч А5 процессоротой учраас график дүрс үзэхэд 7 дахин хурдан, өгөгдөл боловсруулах хурд нь 2 дахин их ажээ.


Мөн “Siri” нэртэй хувийн туслах үйлчилгээтэй ба таны дуун командаар үйлдэл гүйцэтгэх, мөн таны хэлсэн үгнүүдийг тектэн хэлбэрт буулгах, тантай харилцан ярилцаж, асуултад хариулж, календар дээр тэмдэглэгдсэн үйл явдлуудыг унших, шинээр төлөвлөх чадвартай юм.
Компанийнхан iPhone 4S-ыг “дэлхийн утас” хэмээн нэрлэж байна. Учир нь зөвхөн АНУ төдийгүй дэлхийн аль ч улсад утасгүй сүлжээгээр холбогдох боломжтой гэнэ.

iPhone 4S-ын онцлогууд
1.    Батерейгаа хадгалах чадвар гайхалтай. Табүтэн найман цагийн турш яриа хийсний эцэст л цэнэглэх шаардлага гарна.

2.    8 мегапиксель камертай.

3.    HD видео бичлэг хийх чадвартай

Наймдугаар сард эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаа орхисон Стив Жобсын эзгүй анхны танилцуулга, шинэхэн захирал Тим Кукийн гялалзах алтан боломж хэмээн олон янзаар тодотгож байсан энэ удаагийн танилцуулга хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдийг гонсойлголоо хэмээн зарим мэргэжилтнүүд дүгнэж байна.

WP Stewart компанийн дэд ерөнхийлөгч, үнэт цаас хариуцсан менежер Michael Walker “Apple шинэ загвараа iPhone 5 гэж  нэрлэн худалдаанд гаргасан бол ихээхэн хүлээлт үүсээд байсан зах зээлд жинхэнэ тэсрэлт хийж чадах байлаа. Харин iPhone 4S хэмээн нэрлэсэн нь ихэнх хэрэглэгчдийн урмыг хугалсан явдал боллоо. Магадгүй үүнтэй холбоотойгоор компанийн хувьцааны ханш унаж болох юм” хэмээн анхааруулжээ.

Шинэ бүтээгдэхүүний танилцуулга дээр Тим Кук “iPhone бол дэлхийн хамгийн их борлуулалттай утас” хэмээн тодотгосон. Гэхдээ түүний энэхүү бардамналыг шинэ бүтээгдэхүүн дээр батлагдах эсэхийг хүлээх л үлдлээ.

Ингээд та бүхэндээ шинэ загвартай нь харьцуулж харахад сонирхолтой байх үүднээс өмнөх загваруудынх нь тухай товч танилцуулгыг хүргэе.

Шинэлэг бүхнийг санаачлагч Apple өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө хамгийн анхны iPhone смартфоноо худалдаанд гаргаж, жинхэнэ тэсрэлт хийж байлаа.
Apple компанийн захирал, амьд домог Стив Жобс гартаа 2007 оны нэгдүгээр сарын 9-нд iPhone барин гарч ирж хэрэглэгчдийн нүдийг орой дээр гарган, мөрөөдөл бодит амьдрал болсныг батласан билээ. Албан ёсны танилцуулга хийгдсэнээс таван сарын буюу 2007 оны зургадугаар сарын 29-нд iPhone худалдаанд гарсан.
Утасны нүүрэнд өөрийн хүссэнээр цэсээ байрлуулж, мэдрэгч бүхий дэлгэц дээр ажиллах, дуртайдуухөгжмөө сонсох, интернэтийн орчинд ажиллах, электрон шуудан ашиглах, текстэн болон дуун мэссэж явуулах, хүлээн авах гээд iPhone-ийн боломжууд хэрэглэгчдэд үнэхээр жинхэнэ сюрприз болжчадсан юм.
Тиймдээ худалдаанд гарах өдрийг олон зуун хэрэглэгчид хүлээн Apple болон AT&T-ийн дэлгүүрийн гадаа дугаарлан хонож, цагдаа болон хамгаалалтын албанынхан өнлөржүүлсэн хамгаалалттайгаар дэлгүүрүүдэд ажиллаж байсан түүхтэй.
Худалдаанд гарснаас хойш ердөө таван улиралд 6,1 сая iPhone борлуулж, олсон ашгаараа дээд амжилт тогтоосон. Мөн 2010 он хүртэл нийт 73,5 саяыг худалдаалсан юм.

iPhone үзүүлэлтүүд

  • Дэлгэц: 89мм буюу 3,5 инчийн хэмжээтэй мэдрэгч бүхий LCD, 480*320 пиксельтэй
  • Багтаамж: 4, 8 болон 16GB багтаамж бүхий хувилбаруудтай
  • CPU Core: 620 MHz (underclocked to 412 MHz) ARM 1176JZ(F)-S
  • Санах ой: 128 MB DRAM
  • Оролт:  USB 2.0,
  • Холболт: Wi-Fi (802.11 b/g) Bluetooth 2.0
  • Камер: 2.0 мегапиксел, зөвхөн зураг авна
  • Үйлдлийн систем: iOS 3.1.3
  • Онлайн үйлчилгээ: App Store, iTunes Store, MobileMe, Safari (интернэт хөтөч)
  • Жин: 135 гр

iPhone-ийн хоёр дахь шинэчилсэн загвар iPhone 3G нэг жилийн дараа буюу 2008 оны зургадугаар сарын 9-нд танилцуулагдаж, зургадугаар сарын 11-нээс худалдаанд гарч эхэлсэн. Өмнөх загвраасаа ашиглахад илүү хялбар, хоёр дахин хурдан, хоёр дахин хямд гэсэн уриатай гарч байв.
Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 1 сая хувь борлогдож, өмнөх загварын амжилтаа эвдэж чадсан билээ.

iPhone 3G  үзүүлэлтүүд

  • Дэлгэц: 89мм буюу 3,5 инчийн хэмжээтэй мэдрэгч бүхий LCD, 480*320 пиксельтэй
  • Багтаамж: 8 болон 16GB багтаамж бүхий хувилбаруудтай
  • CPU Core: Samsung 32-bit RISC ARM 1176JZ(F)-S v1.0, 620 MHz-412 MHz
  • Санах ой: 128 MB DRAM
  • Холболт: Quad-band GSM/GPRS/EDGE (850 900 1800 1900 MHz),  Tri-band UMTS/HSDPA (850 1900 2100 MHz), Wi-Fi (802.11 b/g), Bluetooth 2.0 + EDR, USB 2.0/Dock connector
  • Камер: өмнөх загвартай ижил 2.0 мегапиксел, зөвхөн зураг авна
  • Үйлдлийн систем: iOS 4.2.1
  • Онлайн үйлчилгээ: App Store, iTunes Store, iBookstore, MobileMe
  • Жин: 133 гр

Гуравдах үе буюу iPhone 3GS мөн л өмнөх хувилбараа гарснаас жилийн дараа танилцуулагдав. 2009 оны зургадугаар сарын 8-нд танилцуулагдаж, АНУ, Канад болон Европын долоон улсад зургадугаар сарын 19-нд худалдаанд гарсан бол долоо хоногийн дараагаас Австрали болон Японд борлуулагдаж эхэлсэн.
Энэ загвараас эхлэн iPhone-ийн камераар зөвхөн зураг авах биш видео бичлэг хийх боломж бүрдсэн. “Илүү хурдан, илүү хүчирхэг” уриатай энэхүү смартфон нь мөн л эхний долоо хоногт 1 сая хувь борлогдсон.

iPhone 3GS  үзүүлэлтүүд

  • Дэлгэц: 89мм буюу 3,5 инчийн хэмжээтэй мэдрэгч бүхий LCD, 480*320 пиксельтэй
  • Багтаамж: 8 GB, 16 GB болон 32 GB-ын флаш меморитой
  • CPU Core: Samsung S5PC100 ARM Cortex-A8
  • Санах ой: 256 MB eDRAM
  • Холболт: Quad-band GSM/GPRS/EDGE (850 900 1800 1900 MHz), Tri-band UMTS/HSDPA (850 1900 2100 MHz), Wi-Fi (802.11 b/g), Bluetooth 2.1+EDR, USB 2.0/Dock connector
  • Камер: 3.0 мегапиксел, зураг авахаас гадна видео бичлэг хийх боломжтой.
  • Үйлдлийн систем: iOS 4.3.5
  • Онлайн үйлчилгээ: App Store, iTunes Store, iBooks Store, MobileMe
  • Жин: 135 гр

Дэлхийг гарт атгуулагч iPhone-ийн дөрөвдөгч үе iPhone 4 2010 оны зургадугаар сарын 7-нд танилцуулагдаж, мөн сарынхаа 24-нд худалдаанд гарсан.

iPhone 4 үзүүлэлтүүд

  • Дэлгэц: 89мм буюу 3,5 инчийн хэмжээтэй мэдрэгч бүхий LЕD шингэн кристал, 960×640 пиксельтэй
  • Багтаамж: 16 GB болон 32 GB
  • CPU Core:     Apple A4 (ARM Cortex-A8)[
  • Санах ой: 512 MB eDRAM
  • Холболт: Quad-band GSM/GPRS/EDGE (850 900 1800 1900 MHz), Tri-band UMTS/HSDPA (850 1900 2100 MHz), Wi-Fi (802.11 b/g), Bluetooth 2.1+EDR, USB 2.0/Dock connector
  • Камер: Дэлгэцэн талдаа болон хойд талдаа хоёр камертай. Видео дуудлага хийх зориулалтай урд камер нь 0,3 мегапиксель, хойд камер нь 5 мегапиксельтэй  
  • Үйлдлийн систем: iOS 4.3.5 (GSM-д зориулсан) 4.2.10 (CDMA-д зориулсан)
  • Онлайн үйлчилгээ: App Store, iTunes Store, iBooks Store, MobileMe
  • Жин: 137 гр
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж