Н.Төгсцогт дэлхийн аваргыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт дэлхийн аваргыг орхилоо

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын ДАШТ-ий 52 кг-ын жинд эх орноо төлөөлсөн дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая дэлхийн аваргын рингэнд гурав дахь тулаанаа хийж, Азербайжаны Элвин Мамишзадед ялагдсанаар энэ жилийн дэлхийн аваргыг орхилоо. Эхний тулаандаа Болгарын тамирчин Стефан Ивановыг, улмаар Энэтхэгийн боксчин Суранжоу Сингх Маейнбамыг 17:14 (5:4, 7:9, 5:1) харьцаатай ялснаар шөвгийн 16-д шалгарсан тэрбээр энэ удаад улаан булангаас гарч тоглон, 14:17 (5:6, 2:6, 7:5) харьцаатай ялагдлаа.

Түүнчлэн 60 кг-ын жингийн өрсөлдөгч Б.Жавхлан Казахстаны боксчин Гани Жайалауовт 15:19 (3:7, 7:6, 5:6) харьцаатай ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

Мөн өнөөдөр дэлхийн аваргын рингэнд гарч тоглосон Монголын тамирчдаас 49 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөгчөө ялснаар олимпийн эрхийн болзол хангаж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон бол 56 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай Ирландын тамирчинтай оноо тэнцэж, туслах оноогоор ялагдсанаар дэлхийн аваргыг орхисон.

ДАШТ-ий хуваарийн дагуу маргааш медалийн төлөөх тоглолтууд болох ба П.Сэрдамба Кубын тамирчин Йосвани Вейта Сототой, харин У.Мөнх-Эрдэнэ Италийн тамирчин Винченцо Мангиакарпетай тоглоно.

Тоглолтууд Монголын цагаар 18.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж