Боксчид олимпийн хоёр эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Боксчид олимпийн хоёр эрхтэй боллоо

Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байгаа боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтууд өнөөдөр болж байна. Олимпийн наадмын эрх олгох ДАШТ-д 113 орны 570 тамирчин AIBA-гийн албан ёсны 10 жингийн ангилалд өрсөлдөж байгаа юм. Харин Монголын баг тамирчдын тухайд хамгийн хүнд хоёр жин болох -91 ба +91 кг-аас бусад найман жинд тамирчдаа илгээсэн бөгөөд өнөөдөр болж буй шөвгийн 16-гийн шатанд манай таван тамирчин шалгарснаас У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар тус тусын учраагаа ялсан бол өнөөдөр орой Д.Отгондалай, Н.Төгсцогт, Б.Жавхлан нар тоглоно. Тодруулбал, 52 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт Азербайжаны Элвин Мамишзадетай, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Ирландын тамирчин Жон Жое Невинтэй тулалдана. Мөн 60 кг-ын жинд ОУХМ Б.Жавхлан Казахстаны боксчин Гани Жайалауовтой тоглох юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6 (2:1, 5:3, 4:2) харьцаатай ялсан бөгөөд өнөөдөр Колумбын боксчин Сейбер Авиллатай тоглож, 13:12 (3:3, 5:2, 5:7) харьцаатай ялалт байгуулжээ. Ийнхүү тэрбээр шөвгийн наймд шалгарч, олимпийн эрхийн болзол хангаад зогсохгүй медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Кубын тамирчин Йосвани Вейта Сото.

Харин У.Мөнх-Эрдэнийн тухайд Ираны тамирчинг илт давуу буулган авсан. Өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын Инчён хотноо болсон боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын рингэнд ч одтой байж, учраа болгоноо илт илүүрхэн буулган аваад байгаа билээ. Эхний тойрогт Камеруны боксчин Бабу Махаман Смайлаг 20:10 харьцаатай, дараа нь Сент-Люсия улсын тамирчин Линдель Марселлинийг 20:6 (6:2, 8:2, 6:2) харьцаатай илт давуу буулган авсан тэрбээр шөвгийн 16-гийн шатанд Ираны боксчин Мехди Толутибандпитай тулалдаж, 24:9 (8:4, 9:2, 7:3) харьцаатай ялснаар ирэх жил Лондонг зорих баг тамирчдын тоог нэмсэн. Тэрбээр маргааш хүрэл медалийн төлөө Италийн тамирчин Винченцо Мангиакарпетай тоглоно.

Ийнхүү дэлхийн аваргад наймуулаа оролцсон Монголын ширэн бээлийтнүүдээс одоогийн байдлаар У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар олимпийн эрхийн болзол хангаад зогсохгүй, маргааш хүрэл медалийн төлөө, цаашлаад мөнгө, аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болоод байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж