Монголын таван боксчин шөвгийн 16-д

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Монголын таван боксчин шөвгийн 16-д

Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байгаа боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтууд өнөөдөр болно. Олимпийн наадмын эрх олгох ДАШТ-д 113 орны 570 тамирчин AIBA-гийн албан ёсны 10 жингийн ангилалд өрсөлдөж байгаа юм. Харин Монголын баг тамирчдын тухайд хамгийн хүнд хоёр жин болох -91 ба +91 кг-аас бусад найман жинд тамирчдаа илгээсэн бөгөөд өнөөдөр болох шөвгийн 16-гийн шатанд манай таван тамирчин шалгараад байна.

49 кг-ын жинд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба Колумбын тамирчин Сейбер Авиллатай, 52 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт Азербайжаны Элвин Мамишзадетай, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Ирландын тамирчин Жон Жое Невинтэй тулалдана. Мөн 60 кг-ын жинд ОУХМ Б.Жавхлан Казахстаны боксчин Гани Жайалауовтой, 64 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Ираны тамирчин Мехди Толутибандпитай тус тус тоглох юм.

Дэлхийн аваргын хуваарийн дагуу шөвгийн 16-гийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 14.00 цагаас эхэлнэ. Олимпийн наадмын эрх олгох дүрмийн дагуу энэ удаагийн ДАШТ-ээс -91 ба +91 кг-ын жинд эхний зургаан байрт шалгарсан тамирчдад, харин бусад найман жингийн ангилалд эхний 10 байрт шалгарвал олимпийн эрх олгох юм. Тиймээс шөвгийн 16-д шалгарсан Монголын таван ширэн бээлийтэн өнөөдрийн учраагаа буулган авбал олимпийн эрхийн болзол хангаж, улмаар медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Дашрамд дуулгахад, AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо өнөөдрөөс эхлэн дэлхийн аваргын тоглолтуудыг Aiba.org сайтаараа шууд дамжуулан үзүүлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж