
Тэдний бүтээн байгуулсан, тусалсан, босгосон бүхэн ардаа сая ам.доллар гэх тодотголыг байнга дагуулна. Гэтэл нутгийн малчин ард шал өөрийг ярих. Тэднийг ганц худаг барихад ч туслаагүй гэдгийг нотлоод өгөх хүн малчдын дунд цөөнгүй. Харин ч эсэргээрээ уудаг уснаас нь хэдэн тонноор нь юүлээд суудаг гэх юм билээ. Хэнийх нь үнэн, хэнийх нь худлыг ялгахад бэрх ч жижигхэн гол горхи нь ширгээд эхэлчихсэн нь нэгийг бодогдуулна. Нутгийн иргэдийн ярьж буйгаар гол нь ширгээд дуусахаар “Алтайн хүдэр”-ийнхэн өөрсдөө худаг ухаад, нутгийн ард иргэдэд усыг нь “дамлах” юм байх аа. Тиймээс ч нутгийн иргэд усаа хамгаалах үүднээс тус компанийханд усаа хэрэглүүлэхгүй гэж үзжээ. Нэг удаа эсэргүүцэл зарлаж, тус компанид ус өгөхөө зогсоожээ. Хариуд нь “Алтайн хүдэр” компанийнхан хууль, дүрмээр далайлган 23,8 сая төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх, цагдаад хандахдаа тулж. Усаа хамгаалах гэсэн иргэд ингээд өрөнд унаж, шоронд орохоос наагуурхан өнгөрчээ. Ахиад ийм явдал болвол хаана очих нь тодорхой. Тэгсэн атлаа бүхэл бүтэн сарын турш 30 тоннын даацтай машинаар өдрийн хэд хэд зөөчихөөд жилдээ аравхан сая төгрөгийн татвар төлдөг гэхээр эгдүү хүрмээр. Энэ мэтээр “Алтайн Хүдэр” компани Говь-Алтайн аймгийн Цээл сумын дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол гэсэн гурван салбарт онцгой анхаарч хөрөнгө санхүүгээр туслаж, дэмжсээр “иржээ”.
Дэмжээд байгаа хэрнээ байрнаасаа ахиагүй нэгэн салбар нь эрүүл мэнд. Хүний эрүүл мэндийн төлөө цаг нар, өдөр шөнийг үл хайхран нээлттэй ажилладаг эмнэлгийн хаалгыг нь томоос том хоёр цоожоор “гагнажээ”. Татан буугдсан, дампуурсан барилга байгууламж л хаа нэгтээ ингэж харагдах вий. Гэтэл сумын хүн эмнэлэг ийм байдалтай байгааг харж байсангүй. Харин гадаа нарлан суух эмнэлгийн өвчтнөөс амралтын өдрүүдэд арын хаалгаа цоожлоод урд хаалгаар үйлчилдгийг мэдэж авав. Сумын эмнэлэг таван ортой. Хэвтэж эмчлүүлэх өвчнүүдэд ор хүрэлцэхгүйгээс гадуур айлаар байрлан эмчилгээ тарилгаа хийлгэх нь байдаг гэнэ. Нарийн мэргэжлийн багажгүйгээс онош зөв гарахгүй нь энүүхэнд. Болохоо байвал аймаг явуулна. Талархууштай нь харин унааны хөлсний тал хувийг эмнэлэг даадаг юм байна. Үүнээс тусдаа шарын голомттой хэмээн тусгаарлах өрөөнд гурван хүүхэд эмчлүүлж байх. Шар өвчний улмаас энэ жилдээ сумын цэцэрлэг ажиллаагүй гэнэ.
Цээл сум шар өвчний голомттой гэдгийг мэдэх учраас аймаг руу суралцахаар явсан бүх сурагчдыг очиход нь шарын шинжилгээ авна. Шинжилгээ өгөн сургуульдаа элсэн орсон бол нутаг буцах хориотой. Бага насны хүүхэд өртөх хамгийн магадлал өндөртэй В хэлбэрийн шарын голомттой нутаг гэнэ. Мэргэжилтнүүд халдварт өвчний голомт яагаад үүсдэг тухайд “Халдварт өвчин гэдэг дан ганц бохир гараар үүсдэггүй. Тухайн орон нутгийн агаар, ундны ус, хөрс бохирдлоос хамгийн их шалтгаалдаг” хэмээн ярина. Үүнийг батлах мэт Говь-Алтай аймгийн Цээл сум төмрийн хүдрийн уурхайтай, харин Бигэр сум нь алтын гэх уурхай одоо үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Энэ хоёр сум хоёулаа шар өвчний голомттой байна. Уул уурхайн компаниудын уршгаар хөрс нь бохирдож, ундны ус нь хомсдож хүн үндсэн хуулиараа заасан эрхээ эдэлж чадахгүйд хүрчээ. Тоосжилтын төвшин хэр байгаа, байх ёстой хэмжээнээс хэр хэтэрсэн, хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг мэдэх багаж өнөөдөр Говь-Алтай аймаг байх нь битгий хэл мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд харж, ажиллуулж ч үзээгүй байх шиг.
Мөн аймгийн эрүүл мэндийн газраас 2008 оноос хойш үйл ажиллагаа Алтайн Хүдэр компанид нэг ч удаа эрүүл мэндийн үзлэг хийгээгүй байна. Компаниас ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан хэдий ч үнэн зөв гарч байгаа эсэхэд ажилчид нь эргэлзэж байна. Хариу нь гараагүй гэсэн хариултыг уурхай өгөх ч тоос, шороонд дунд амны хаалт ч үгүй ажиллаж байгаа хүмүүс яавч эрүүл гарахгүй. Зарим нэг ажилчид хотод үзүүлэхэд Бронхит өвчтэй гарсан гэж ярьж байна. Учир мэдэх ажилчид нь ДОХ-той гадаад иргэн ажиллаж байсан хэмээн харддаг юм билээ. Харин энэ мэт мэдээллээ ажилчдаасаа нууцалчихдаг.
Харин “Алтайн хүдэр” компанийн веб сайтад “Идэр есийн хүйтэнтэй зэрэгцээд ханиад томуу ид дэгдэж байгаа энэ үед манай компани онцгой анхаарал хандуулж, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг бүр нь 35ам.долларын үнэтэй, Англид үйлдвэрлэсэн томуугийн вакцинд бүх ажилчдаа хамрууллаа. Өнгөрөгч онд 40 сая төгрөгийг эрүүл ажлын байр төслийн хүрээнд зарцуулсан байна” хэмээн бичжээ. Гэтэл үнэтэй цайтай, гадаад улсад үйлдвэрлэсэн тарилга тариуллаад байтал ажилчид нь шарласаар байгааг аймгийн эмч нар нь хэлж байсан.
Гэсэн ч “Алтайн Хүдэр” ХХК нь татварын гүйцэтгэлээр дамжуулан Говь-Алтай аймгийн 2010 оны төсвийн 93.4%-ийг бүрдүүлэхээр Засгийн газартай гэрээнд гарын үсэг зуржээ. Тус аймагт компаниас оруулж буй эдийн засгийн томоохон хандив нь төрийн албан хаагчид болон зохицуулагчидтай харилцах ажлын харьцааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ хэмээн бичиж. Гэтэл 2010 онд 175 сая төгрөг төлсөн нь аймгийн төсвийн дөрөв орчим хувь болжээ. Тэгээд томоохон хандив нь төрийн албан хаагчид байгаа нь ард иргэд чиглэсэн олигтой нэг ч ажил хийгээгүй байгаа харагадаж байна. Тэгсэн хэрнээ тэргүүний татвар төлөгч байгууллага болчихсон байна. Төрийн албан хаагчид шагналынх тушаал гаргадаг болоод тэр юм байлгүй. Гайхмаараа…