
“Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-өөс “Сентера гоулд"-ыг байгаль орчинд 11 тэрбум, "Пураам” компанийг нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлтийг Үнэлгээний компаниар гаргуулсан ч нотлох баримт болж чадахгүй гэж үзжээ. Гэтэл сүүлийн үед зарим хэвлэлээр дээрх хоёр компани нь байгаль орчин, эдийн засагт хохирол учруулаагүй гэх дүгнэлт гарсан талаар мэдээлж байгаа. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын орлогч дарга Б.Сарангаас тодрууллаа.
-“Пураам”, “Сентерра гоулд” компаниудыг байгаль орчинд хохирол учруулаагүй гэсэн дүгнэлт гарсан тухай мэдээлэл байна. Хохирлын хэмжээг тогтоох шинжээчдийн багт БОАЖЯ-наас төлөөлөл оролцсон юм уу?
-“Пураам”, “Сентерра гоулд” компаниуд байгаль орчинд хохирол учруулаагүй гэх дүгнэлтийг яамнаас гаргаагүй. Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр БОАЖ-ын сайдын А204 тоот тушаал гарсан. Энэхүү тушаал нь Урт нэртэй хуулийн хүрээнд хамаарах уул уурхайн компаниудын байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох тухай юм. Тушаал гарсны дараа буюу долдугаар сард судалгаа хийх хөрөнгийн асуудал шийдэгдэж, үнэлгээний ажил наймдугаар сард эхэлсэн. Нийт 42 үнэлгээний компани 243 аж ахуйн нэгжид судалгаа хийж байгаа. Дээрх 243 аж ахуйн нэгжийн нэг нь “Пураам” компани. Одоогоор судалгааны ажил үргэлжилж байгаа. Хохирлын хэмжээ тодорхой болоогүй байна.
-Тэгэхээр 243 аж ахуй нэгжид “Сентерра гоулд” компани ороогүй гэсэн үг үү?
-Ороогүй. Хуулийн байгууллагаас энэ компанийн байгаль орчинд үзүүлсэн хохирлыг тогтоолгох, шинжээч томилуулах талаар санал, хүсэлт ирүүлсэн тохиолдолд хийж болно. Үнэлгээний компаниуд тогтоосон арга аргачлалаар үнэлгээг хийдэг.
-“Пураам”компанийн байгаль орчинд үзүүлсэн хохирлыг тогтоох ажлыг ямар компани хийж байгаа вэ. Хэзээ тодорхой болох вэ?
-“ 801-А лицензтэй Пураам” компанийн 132, 17 га талбайд хохирол тооцох ажлыг “Санни Трейд” компани хийж байгаа. Яамны зүгээс энэ сардаа багтаан дуусгахаар шаардаж байгаа гэв.
Бид “Санни Трейд” үнэлгээний компанийн албаны хүнээс хохирол тооцох ажил ямар шатандаа яваа талаар лавлахад “Хохирол тооцох ажил долдугаар сард эхэлсэн. Мэдээлэл цуглуулах, газар дээр нь очиж танилцах, мэдээллээ боловсруулах, анализ дүгнэлт хийх гэсэн үе шатаар явдаг. “Пураам” компанийн хувьд газар дээр нь очиж танилцсан. Одоогоор хохирлын хэмжээ тодорхой болоогүй” гэх хариулт өглөө.
Харин “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн “Сентерра гоулд” компанийг Урт нэртэй хуулийн хүрээнд хамаарах аж ахуйн нэгжээс зориуд санаатайгаар “сугалж” үлдсэн гэсэн тайлбар хэлж байна.