Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дархан-Уул аймгийн иргэдтэй Дархан хотын “Залуучууд” театрт аравдугаар сарын 1-нд уулзлаа. Ерөнхийлөгч өөрийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаандаа онцлон анхаарч байгаа зургаан чиглэлийн хүрээнд тайлбарлаж ярив. Эдгээр нь үндэсний аюулгүй байдал, иргэний эрх, иргэний оролцоо, орон нутгийн эрх мэдэл, шударга ёс, байгаль орчин, монгол уламжлал ёс заншил, гадаад бодлогын талаар хийсэн зүйлээ, баримталж байгаа байр сууриа илэрхийлж, хүмүүсийн бичгээр ирүүлсэн олон асуултад хариуллаа. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын бүх аймгаар орж, иргэдтэй уулзах бодолтой явдгаа бас хэлсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Дархан-Уул аймгийн иргэдтэй хийсэн уулзалтыг хүргэж байна.
“ Өнөөдөр Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаад ирлээ. Энэ жил сайхан зун болж хүмүүсээс амны билэгтэй үгс их сонсож байна. Би саяхан, наашаа гарахын өмнө Засгийн газраас зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” үйл ажиллагаан дээр очлоо. Сэлэнгэ, Дарханаас болон бусад аймгуудаас манай иргэд, ногоочид, тариаланчид их ирсэн байна. Урьд өмнө байгаагүй сайхан ургац авчээ, манай тариаланчид. “Тариа ногоо тариад, мал аж ахуйгаа хослуулаад үр шимий нь хүртээд сайхан амьдарч болж байна” гэж хүмүүс ярьж байна.
Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 6 чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллаж байна.
Аливаа орны төрийн тэргүүний хамгийн гол анхаарах чухал зүйл бол улс үндэсний аюулгүй байдал байдаг. Бид нэг үе эдийн засгийн байдал хүнд байхад мөнгө, санхүүгийн асуудал их ярьдаг байжээ. Одоо улс үндэсний аюулгүй байдлын асуудлыг чухалчлан ярьж байна. Ерөнхийлөгч болсныхоо дараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг баримт бичгийг шинэчлэн батлууллаа. Засгийн газар, Засаг дарга, нийт иргэд гээд бүх түвшиндээ энэ үзэл баримтлалд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын санаа тавих зүйл биш, нийт иргэдийн оролцоотой шийдэгдэж байх асуудал юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг бөгөөд тус зөвлөлийг тэргүүлж ажилладгийн хувьд олон асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлэж ирлээ.
Иргэний эрх, иргэний оролцоо орон нутгийн эрх мэдлийн асуудалд анхаарч байна. Удирдагч хүний хувьд аливаа асуудалд манлайлагч байх ёстой. Иймээс миний анхны гаргасан шийдвэрийн нэг бол “Иргэний танхим” байгуулах тухай шийдвэр байсан. Төрийн ордонд, үе үеийн удирдагчдын ажиллаж байсан өрөөг өргөтгөн “Иргэний танхим” байгуулсан. Бидэнд сэтгэхүйн том өөрчлөлт хэрэгтэй байна. Дарга нар шийдвэр гаргаад ард иргэд биелүүлдэг гэсэн ойлголт байгаад байна. Ардчилсан, иргэд нь эрхтэй улс оронд иргэдээрээ хэлэлцүүлэн шийдвэр гаргаад түүнийг нь төрийн байгууллага, удирдлага нь хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж, ардчилсан, жинхэнэ ард иргэд нь оролцдог нийгэм болно. Одоо намууд “Хүн бол хөгжлийн төв” гэж ярьдаг болсон байна. Эрхийг нь өгөөгүй байхад тэр хүн хэзээ ч хөгжлийн төв болж чадахгүй. Багийн, сумын, хорооны хуралд яагаад хүн ирдэггүй, хурал шийдвэр нь сайн болж чадахгүй болж байна вэ гэвэл тэнд шийдэж буй асуудал нь иргэдийн эрх ашгийг хөндөхгүй байна гэсэн үг. Уг нь үл хөдлөх хөрөнгийн татварын асуудлыг, хамгийн том байшингаас хамгийн их татвар авдаг, хамгийн жижиг байшингаас хэд гурван төгрөг авдаг болох ёстой гээд иргэд цуглаж хэлэлцээд, Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа уламжлан шийддэг, тэгээд цугласан мөнгөө ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулдаг ийм байх учиртай. Ийм эрх, хөрөнгө мөнгөний эрх мэдэл иргэдэд, тэр ч бүү хэл орон нутгийн албан тушаалтнуудад ирээгүй байна.
Ардчилсан хувьсгалын ачаар Кремльд шийддэг байсан улс төрийн эрх Монголд ирсэн. Тэр эрх Улаанбаатараас, тэгэхдээ бүр төрийн ордноос гарч өгөхгүй байна. Төрийн ордонд, Засаг даргын Тамгын газар хүн төрсөн гэж би сонсоогүй юм байна. Тэгэхээр хүний үндсэн эрх бол төрсөн, амьдарч байгаа газарт нь л байх ёстой. Түүнээс биш хотод асуудал шийдээд энд хэрэгжүүл гэж шахдаг юм биш, амьдарч байгаа газар нь албан тушаал, хариуцлага тооцдог эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Сум, аймгийн дарга нарыг харахаар төсвийн эрх мэдэл байдаггүй. Банкны касс шиг ирсэн хэдэн төгрөгийг л хүмүүст тарааж өгдөг. Гэтэл Дархан-Уул аймагт гэхэд баялгаа бүтээгээд, түүнээсээ хуримтлуулсан мөнгөний тодорхой хэсгийг зарцуулж чаддаг, татвар нь ихдээд байвал хасч чаддаг байх ёстой юм. “Манайд үл хөдлөх хөрөнгийн татвар их байна, машины, бууны хураамж өндөр байна гээд багасгаж чаддаг, гэрлийн хураамжийг боломжтойд нь нэмдэг, боломжгүйгээс нь хасдаг байя” гэх мэт асуудлыг эндээ яриад шийддэг болбол орон нутгийн эрх, иргэдийн эрх жинхэнээрээ хэрэгжихгүй юу. Үүнийг би байнга шаардаж байгаа.
Засаг дарга нар голдуу дээрээс томилгоотой ирж байна. Тэд яаж ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж үйлчлэх юм бэ? Хүнээ мэддэггүй, мөнгөө мэддэггүй төр орон нутагт ажиллавал төрийн үйл ажиллагаа ард иргэддээ хүртээмжтэй байж чадахгүй. Ард иргэд нь оролцдог бол тэд бас хяналтаа тавина. Хардалт сэрдэлт алга болно. Бас иргэдийг оролцуулаад асуудал шийдэх нь амар байдаг. Иймээс би “Иргэний танхим” байгуулсан. УИХ-д оруулах манай ихэнх асуудал энэ танхимд хэлэлцэгдэж байна. Ихэнх аймагт, мөн Улаанбаатарт дүүргүүд дээр “Иргэний танхим” байгуулж байна. Засаг дарга нар “Иргэний танхим”-аар та бүхэнд хамаатай ийм асуудал хэлэлцэх гэж байна гээд иргэддээ дуулгаад тэдэнтэйгээ яриад шийдчихвэл хүмүүс өөрсдөө биелүүлэх болно. Хууль яагаад хэрэгждэггүй вэ гэвэл дээр ярьж буй хэдэн хүн л мэддэг, иргэд нь сонсоогүй байдаг. Нэг үе иргэдийн оролцоо, орон нутгийн эрх мэдлийн тухай ярихад гайхдаг байсан. Одоо толгой дохидог болжээ. Төр гаргах гэж буй шийдвэрээ ард иргэддээ урьдчилж танилцуулдаг болсон байх ёстой. Ингэж иргэн нь оролцохгүй, тэр эрх, эрх мэдэл нь ард иргэд, орон нутагтаа ирэхгүй бол ардчилал, иргэний нийгмийн учир утга алдагдана. Өнөөдөр манайд архины зөвшөөрлийг Засгийн газар өгдөг мөртлөө ашигт малтмалынхыг тээр тэнд байдаг ашигт малтмалын газар, кадастрын газар олгох юм. Зүгээр нэг албан тушаалтан, дарга шийдэж байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийг бид өөрчлөхөөр ажиллаж байна.
Гурав дахь миний ярих сэдэв бол шударга ёс. Манай хүмүүс ойлгохдоо энэ ер нь Ерөнхийлөгч ярьдаг сэдэв гэж бодоод байх шиг санагддаг. Шударга ёс гэдэг бол нийгмийн баялаг. Шударга нийгэмд бид амьдарвал иргэн бүр хожно. Үүнийг хүмүүс ойлгодог болж байна. Энэ жил бид “Шүүх эрх мэдлийн шинэчлэл, шударга ёс” гэсэн маш өргөн оролцоотой нээлттэй зөвлөлгөөн хийсэн. Энэ зөвлөгөөнд шүүхийн хуулийн байгууллагаас гадна, ард иргэд ч ирсэн, бид тэнд нэлээн сайн ярилцсан.
Эхлээд бие биеэсээ дөлсөн байдалтай байсан бол одоо шүүх эрх мэдлийн шинэчлэл, шударга ёс гэдэг хийх ёстой, хэрэгтэй зүйл хэмээн хүмүүс ойлгох болжээ. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хийх хэрэгтэй юм байна гэж байгаа. Тухайлбал, ашигт малтмалаас их мөнгө орж ирнэ. Муу засаглал байвал, шударга бус ёс үргэлжилбэл тэр их мөнгө гай болно. Иргэд нь оролцдог, засаглал нь ил тод, шийдвэр нь хуулийн дагуу гардаг байвал тэр мөнгө буян болно. Хүн бүхэн хүртдэг болно.
Би “Албан тушаалтан, авлигатай хатуу тэмцэнэ. Жирийн иргэдэд шүүх эрх мэдлийн зүгээс ханддаг хандлагыг зөөлөн болгоно. Манайд байдал эсрэгээрээ байна. Өндөр албан тушаалтай, их мөнгөтэй хүний талд шүүх шийдвэр гаргадаг, хэргийг хэрэгсэхгүй болгодог, тэнсэн авдаг, чөлөөлдөг байна” гэж ярьж байсан. Эрүүгийн хуульд авлигатай холбоотой хэргийг чангаруулж оруулахаар хуулийн төсөл боловсруулж УИХ-д оруулсан. Хэлэлцэлгүй бараг хоёр жилийн нүүр үзэж байна. Үүнийг УИХ та бүхнийг шаардахаас өмнө шийдвэрлэх ёстой. Бид Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн 6 хууль боловсруулан УИХ-д өргөн барьсан. Эдгээр хууль шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад чиглэж байгаа. Аймгийн шүүх биш хүн ам, хэргийн тоог тэнцвэржүүлэх үүднээс тойргийн шүүх байгуулахаар заасан байгаа. Ингэснээр Засаг даргад үйлчилдэг биш, иргэддээ үйлчилдэг хэлбэр лүү орно. Иргэний төлөөлөгч таслах эрхтэй шүүх хуралд оролцдог болно. Танай аймаг дээр эвлэрүүлэн зуучлах гэж төсөл хэрэгжиж байгаа. Заавал шүүхийн шийдвэр гаргаад, нэгий нь яллаад байх хэрэггүй гэж байгаа. Иргэдийн санамсаргүй үйлдсэн, гэр бүлийн, өр зээлийн маргааныг нэг хоёр хоногийн дотор шийддэг байх ёстой. Энэ бол шүүх засаглалд хувьсгал болно гэсэн үг.
Энэ шүүх засаглал төрд биш, иргэнд үйлчилдэг байх ёстой. “Төрөөс хүн төрөөгүй ээ, хүнээс төр бий болсон. Ард түмэн байгаа учраас төр байгаа болохоос төр байгаа учраас ард түмэн бий болсон биш” гэж би хэлдэг дахин хэлмээр байна. Цаашид сонгуульд ямар хүнийг дэмжих вэ гэж хүмүүс надаас асууж байсан. Тэгэхээр нь би ингэж хэлсэн. “Мөнгө амласан хүнийг хардаж хар аа. Мөнгө амласан хүнийг биш орон нутагт, иргэн танд ийм эрх мэдлийг авчирна, тийм юм хийнэ гэсэн хүнийг л дэмж ээ. 2012 оноос мөнгө амлахыг хуулиар хориглоно” гэж. Энэ бол ирж яваа цагийн сайн мэдээ юм. Би Ерөнхийлөгчийн хувьд ч тийм хүмүүсийг дэмжинэ. Энэ мэт шударга ёсыг тогтооход хийх, шинэчлэх зүйл их байна. Дараачийн нэг зүйл бол байгаль орчны асуудал. Уур амьсгал их өөрчлөгдлөө. 2000 жил хүмүүс тайван амьдарсан бол сүүлийн 20 жилд эрс өөрчлөлт гарлаа. Далайн түвшин нэмэгдэж заримд нь живэх аюул нүүрлэж байна. Монгол шиг хуурай уур амьсгалтай газар нь цөлжиж байна. Гол мөрөн ширгэж, өвс ногоо ургахаа больж байна. Энэ маягаараа цааш үргэлжилбэл хүн тавтай тухтай амьдрах нөхцөлгүй болох нь. Хэрэв агаарын дундаж хэм 6-гаар нэмэгдвэл хүн амьдрах нөхцөлгүй болно гэсэн судалгаа байдаг. Одоо 2 хэмээр дулаарчаад байна. Энэ нь сүүлийн 200 жилийн аж үйлдвэрийн хувьсгалын сөрөг нөлөө юм. Аж үйлдвэрээс гарсан утаа униар дэлхийд бүрхэвч бий болгож, гаднаас нарны гэрлийг зүгээр нэвтрүүлсэн атлаа дотроо үүссэн хорт хийг гаргахгүй байна. Нэг үгээр буузны жигнүүр шиг юманд орчихлоо. Халдаг газраа хүйтэрч, хүйтэрдэг газраа халж байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч анхаарч ажиллах болно. Монгол Улс байгаль орчны олон асуудал дээр дэлхийн улс орны санаачилгаас хоцорсон. Копенагенд би “Том том дарга, эрдэмтэд маргаж суухаар манай малчдаас дэлхийн уур амьсгал сүүлийн 30, 15 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг асуу, тэд та нарт хэлээд өгнө. Бид ингэж маргалдсанаас хийх, хэрэгжүүлэх цаг болсон” гэж хэлсэн. Олон улсын хэмжээнд Монголын бодит байдлыг хүргэж чаддаг, энэ асуудлаар манлайлж чаддаг байх нь чухал юм. Байгаль орчин гэхээр том зүйл бодолгүй энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Гэрлээ унтраагаад сурчих, шүдээ угаахдаа усаа аяганд хийгээд хэрэглээд сурчих. Тэгснээр дэлхий хэдэн тэрбум литр ус хэмнэнэ. Түүнийг дамжуулдаг цахилгааныг хэмнэнэ. Тэр цахилгааныг гаргахаар шатааж буй нүүрсийг хэмнэнэ. Түүнээс ялгардаг хорт утаа багасна шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагаанаас болсон учир хүн өөрөө л засах ёстой гэж үзэж байна.
Хот гэдэг зүгээр нэг бөөгнөрөл биш, бөөгнөрсөн хүмүүсийн аятай, тухтай амьдрах орчинг бүрдүүлэх явдал шүү дээ. Хүн бүр, байгууллага бүр мод тарьдаг хөдөлгөөнийг дэмжье. Хойч үедээ тэнгэрийг нь хөхөөр нь, агаарыг нь цэврээр нь хүлээлгэж өгье л дөө. Аймгийн төв бүгд утаатай боллоо. Хүн амын нь бараг тал нь амьдардаг нийслэл Улаанбаатар утаатай байна. Хэвлийдээ байгаа хүүхдийн уушиг цоорч байна. Утааны хор цусанд орж, хорт хавдар үүсэх аюулыг бүрдүүлж байна. Дарханд нэг ч уурын зуухгүй болох хэрэгтэй. Ёс заншил, соёл уламжлалын асуудал гэж бий. Их Хурал, Засгийн газарт өөр өөрийн хийх ажил их байна. Иймээс Ерөнхийлөгч энэ асуудалд илүү анхаарах ёстой гэж боддог.
Зарлиг гаргаж ярьсаар байгаад өнөө жилээс иргэний боловсрол гэж хичээл үздэг болголоо. Сурах бичигтэй болголоо. Ерөөсөө эхлээд бид хүүхдээ монгол болгоё. Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг болгоё. Ахмад нь сургаал хайрладаггүй, аав ээж нь хүүхдээ анхаардаггүй байж болохгүй. Би найман хүүхэдтэй гэрт өссөн. Манай аав, ээж хүүхдийн дэргэд муу юм хийдэггүй, муу үг хэлдэггүй байсан. Ямар сайхан нөлөө үзүүлж, ямар сайхан халуун дотно уур амьсгал, хүмүүжил олгодог байсан юм бэ. Хүүхдийн хүмүүжилд ээж, аавын оролцоог их болгоё. Дээр үед Зөвлөлтөд сурч байхад монгол гэж хэлэхээсээ зарим нь ичдэг байсан. Одоо бол монгол гэж хэлж бахархах олон зүйлтэй боллоо. Тиймээс би өнгөрсөн жил “Монголын бахархал” гэж хичээл заалаа. Энэ жил “Монголын сайхан орноор” гэсэн хичээл заасан. Монгол бүх тивийг нийлүүлсэн юм шиг бүтэцтэй, хосгүй сайхан байгальтай орон. Говь цөл нь, алтай хангайн уулс нь, тал хээр нутаг нь бүгд байна. Хүүхэд солилцооны хөтөлбөрийг ах дүүсээрээ, сургуулиараа дамжуулаад хий л дээ. Дэлхийн соёлтой орнуудад ийм солилцооны хөтөлбөр их хэрэгжүүлдэг шүү дээ. Тэгэхэд хүүхэд ямар гайхамшигтай шинэ ертөнцийг өөртөө нээдэг гэж санана. Төрсөн нутгаараа, Монгол эх орноороо, энэ өсч бойжсон Дархан хотоороо бахархуулж сургая л даа. Монголоороо бахархдаггүй, бахархах тийм мэдрэмж төрөөгүй хүн яаж энэ улсын төлөө зүтгэх юм бэ. Монгол наадам гэдэг дэлхийн их гүрэн байсантай холбоотой гэж би боддог. Дэлхийд өөр ийм наадамтай орон байдаг билүү. Ерөнхийлөгч нь, Засаг дарга нь, аав ээж нь, үр хүүхэд нь, ер бүгдээрээ ингэж бодож, сэтгэж, ажиллаж сурмаар байна.
Аливаа орны тэргүүнийг тэргүүн дипломат гэж нэрлэдэг. Миний нэг анхаардаг асуудал бол гадаад бодлого. Би сая бахархаж л явлаа. НҮБ-ын чуулганы үеэр Ардчилсан орнуудын тэр том хамтын нийгэмлэгийг Монгол Улс даргалаад хуралдууллаа. Хорьхон жилийн өмнө Монгол таслагдсан, бөглүү, хоцрогдсоноороо дуудагдсан орон байсан. Тэгэхэд өнөөдөр Монгол Улс ардчиллын хамтын нийгэмлэгийг удирдаад явж байна. Ямар том дэвшил вэ. Тунис руу энэ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн төлөөлөгчдийг ахлаад очооч гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж байна. Бидэнд бусдад хичээл заахаар юм байхгүй. Зүгээр хуваалцах туршлага, сургамж л байна гэж би хэлдэг. Дээр нь одоо хошуураад байгаа Оюу толгой, Таван толгойгоос хүний эрх чөлөө, ардчилал үнэтэй юм гэдгийг хэлдэг. Өнөөдөр Финландын Ерөнхийлөгчтэй хамтраад ардчиллын боловсролын сургалт явуулъя гэж байгаа. Энэ бол зөвхөн Монголд биш дэлхий нийтэд заая гэж байгаа юм шүү. Азид ардчиллын санаачилга гэж байгууллага байгуулъя гэхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч шууд дэмжиж байна.
1974 оноос өрнөсөн дэлхийн ардчиллын гурав дахь давалгаанаас 56 орон буцаж унасан байна. Тэр юунаас болов гэхээр авлига, шударга бус явдлаас болсон байдаг. Тиймээс бид авлигыг үл тэвчих хандлагыг бий болгоё гэж байгаа юм. Олон улсад ингэж ярьчихаад Монголдоо авлигатай байж болохгүй шүү дээ. Үүнийг хэлмээр байна. Ингээд бичгээр ирүүлсэн асуултуудад хариулъя.
Төрийн хүнд суртлыг арилгамаар байна гэж асуужээ. Төр бол ашгийн байгууллага биш. Зарим нэг залуу улстөрчид төр лүү шунан дурлаж байна. Их эрх мэдлийг хүсч шунан дурлаж байгаа хүнд түүнийг нь олгож болохгүй гэсэн Чингис хааны үг байдаг юм. Үүний ард төрөөр дамжин баяжиж болно, төрөөр дамжиж бизнес хийж болно гэсэн сэтгэхүй монголд байна. Бид олон нийтийн буюу ард түмний үйлчилгээ гэдгийг төрийн алба гээд байгаа юм. Англиараа олон нийтийн үйлчилгээ л гэдэг . Төрийн албан хаагчийг ард түмний үйлчлэгч гээд нэрлэчих хэрэгтэй.
Албан хаагчидаас “Юу хийж байна?” гээд асуухаар төрд зүтгэж байна гэх юм. Юу гэж байгаа юм бэ! Уул хад уруу зүтгээд байгаа юм уу, хана руу зүтгээд байгаа юм уу. Нэр томъёоноос нь эхлээд өөрчилмөөр байна. Ноднин би УИХ дээр хэлж байсан. Энэ Төрийн албаны зөвлөл гэдгийг татан буулга гэж. Захиалгат хүнийг нь гаргаж, зөвхөн хэдэн хүнд л үйлчилж байгаа шүү дээ. Төрийн алба бол ах дүү, амраг садан, танил талаа хооллож, хувцасладаг газар биш. Төрийн алба бол иргэдэд үйлчилдэг мэргэжлийн байгууллага. Үйлчилгээний байгууллага шүү. Зөв хийвэл монголын ард түмний сонголт бол гайхамшигтай сонголт.
Ардчиллыг 3 хуваадаг. Эхнийх нь сонгуулийн ардчилал. Энэ нь зөв, шударга сонгуулийн замаар гарч ирж эрхээ хэрэгжүүлэх. Хоёр дахь нь чөлөөт ардчилал. Энэ нь зөвхөн сонгогдсон олонхийн эрх биш цөөнхийн эрх давхар хэрэгждэг гэсэн үг. Бүр дараачийнх нь шууд ардчилал. Швейцарь гэж улсад өнөөдөр манай УИХ-д шийдэж байгаа зүйлийн 70 хувийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэж байна. Бид уг нь чөлөөт ардчилалд шилжсэн байх учиртай. Гэтэл бид сонгуулиа ч хийж чадахгүй байна. Ард иргэдээс хамгийн түрүүнд юу хийх вэ гэхэд шударгаар сонгуулиа явуулъя гэж байна. Бүр ард түмний зүрхэнд хүрсэн байна. Сонгуулиа шударга хийвэл шударга улсууд төрд гарна, шударга төр тогтоно гэж ард түмэн мэдээд байна. Шударга төр надад хэрэгтэй бодлого хэрэгжүүлнэ гэж ард түмэн хэлээд байна. Шалгуур тавих хэрэгтэй . Үнэн зүйл, судалгаанд тулгуурлаж, шударгаар, ард түмний амьдралд ойртуулж асуудал шийддэг хүнийг л сонгох хэрэгтэй. Их мөнгөтэй, их юм өгнө гэснийг нь биш, ард түмэнд эрх мэдэл өгнө гэснийг нь, шударга ёсны төлөө явж байгааг нь сонгох хэрэгтэй.
“УИХ-ын сонгуулийн амлалтыг ирэх сонгуульд болиулж болох уу? Гэхдээ мөнгөө авмаар байна” гэж асуужээ. 2012 оны сонгуулиас эхлээд мөнгө амлахаа болино гэж ойлго. Одоо иргэдэд өгч байгаа 21 мянган төгрөг ирэх оны зургадугаар сараар дуусгавар болно. Хавар намайг аймгуудаар явж байхад ахмадууддаа нэг сая төгрөгийг нь өгчөөч гэж хүсч байсан. Тэр хүсэлтийг нь Засгийн газарт бичээд өгсөн. Энэ талаар УИХ, Засгийн газар нэлээд ярьсан. Засгийн газар хуралдаанаараа яриад 206 мянган ахмадад тэр сая төгрөгийг 2012 оны төсөвт тусгаж олгоё гэж байгаа. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй 130 мянган иргэндээ олгоё гэж байгаа. Ахмадууд гээд байгаа нь тэд оюутан биш учраас оюутны тэтгэлгээр, ажил хийдэггүй тэтгэвэрт гарсан тул нийгмийн даатгалаар мөнгөө авах боломжгүй юм. Нэгэнт амласан учраас 2012 ондоо олгоод 2013 оноос тэглэе. Энд УИХ-ын гишүүд байна. Та бүхэн янз бүрийн хувь, хувьцаа, мөнгө амладгаа сонгуулийнхаа хуульд хориглон зааж өгөөрэй. Ийм юм амлахаа болихоор шударга ёс ярина. Та ажлаа сайн хий, цалинг чинь нэмж өгье гэж ярина биз дээ. Тэр их амлалтаас төрд ажиллагсдын цалин, өндөр настан, бусад хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудал хүндрээд байна. Манай хүмүүс тэр бэлэн мөнгөний оронд түүгээрээ нэг үйлдвэр барь гэж байна.
Улс төр гэдэг туулдаг замаа туулж, загнуулдгаараа загнуулж байж ойлгодог юм байна. Одоо Улсын Их Хурлын гишүүдээс мөнгө амлах уу гэвэл үгүй л гэнэ. Энэ дөрвөн жилд “Хаана байна тэр сая төгрөг, чи амлаа биз дээ” хэмээн загнуулсаар сайн ойлгож авах шиг боллоо. Нэг нь нэг юм амлахаар нөгөө нь давуулж шиддэг. Нэг нам нь сая төгрөг гэвэл нөгөө нь сая таван зуун мянга гэж. Одоо үүнийг больё. Би ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгууль энэ тэр гээд явбал амлахгүй. Бид ийм сургамж авлаа. Монголын ардчилал ийм сургамж авч байгаагаараа мундаг юм.
Таны архины чиглэлийн бодлогыг бид дэмжиж байгаа шүү. Энэ бодлогоо цаашид үргэлжлүүлээрэй гэсэн байна. Би сонгуулиар архи, ашигт малтмалтай холбогдсон хүмүүс төрөөс хол бай гэж хэлж байсан. Архины бизнесийг албан тушаалтай, хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүс л хийж байсан. Одоо багасч байгаа. Архинаас хэн хожиж байна гэвэл албан тушаалтнууд. Архины дэлгүүрүүд голдуу дарга нарынх байдаг шүү дээ.
Нэг сайн мэдээ хэлье. Татварын газрын дарга ингэж хэллээ. Өнгөрсөн арван сард төсөвт 600 тэрбум төгрөг хэтрээд ороод ирлээ. Тэгсэн мөртлөө архины татвар гурван тэрбум төгрөгөөр тасарчээ гэлээ. Энэ бол архи худалддаг, худалдан авдаг явдал ийм хэмжээгээр багассан гэсэн үг.
Өмнө нь аймгуудад яваад очиход ширээгээр дүүрэн ууц, архи тавьсан байдаг. Түүнийгээ идээний дээж гэдэг. Би бол идээний доож гэдэг юм. Төрийн тэргүүн гээд хүндэтгэж байгаа юм бол идээний дээж сүү, цагаан идээгээ тавь л даа. Таны эрүүл мэндийн төлөө гэж архи тулгадаг. Ямар юмны эрүүл мэндийн төлөө байх вэ дээ. Таныг хорлохын төлөө л гэсэн үг биз дээ. Одоо ямар ч хүлээн авалтад миний ширээн дээр архи байхгүй. Миний очиж буй бүх газар архигүй болсон. Одоо танай сумын, аймгийн Засаг даргын очсон газар бүгд архигүй байх ёстой. Тийм биз дээ. Баяр, ёслол нь архигүй байг, тэгвэл би орно. Нэг тоо хэлэхэд төрийн байгууллагын хүлээн авалтын төсөв архи хэрэглээгүйгээс 50 хувь хэмнэгдсэн байна. Дээр нь хүлээн авалтад зарцуулдаг цаг 50 хувь хэмнэгдсэн байна. Үүгээрээ та бүхэн хожиж байгаа. Архи удаан уулгадаг идээ биш. Архи сайн уудаг хүн 10, 20 жилийн дараа нүд анидаг.
Архины хэрэглээний талаарх “толгойны эргээгээ” гаргах хэрэгтэй. Сэтгэлгээндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Архиар хүн шахдаг явдлыг гэмт хэрэг гэж үзнэ. Архи хэрэглэдэггүй хүн бол “муу санаатай хүн” гэсэн хуучин цагийн хачин сэтгэлгээнээсээ сал. Архиар бизнес хийдэг бол төрөөс хол явах хэрэгтэй. Манай сонгогчид бас ингэж хэлэх хэрэгтэй. Архины үйлдвэр дэлгүүрүүдийг цэгцлэх тийшээ явна.
Сая би НҮБ-д санал тавьсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад Монгол санаачлаад архины хор нөлөөний талаар конвенц гаргах тогтоол баталъя гээд. Дэлхийн хэмжээнд архитай тэмцэхээр шүү. Манайд архины чиглэлийн хуульд олон өөрчлөлт орно.
Үндсэн хуулийг өөрчлөх тухай яриад байх юм. Ингэж хурдан өөрчлөх хэрэг бий юу? гэж асуусан байна. Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөсөн хүний хувьд буруу гэж боддог. Урьд нь хүмүүс өөрчлөлт оруулна гээд гүйж байсан. Би ч гүйж байсан. Тэгээд дордсон долоон өөрчлөлт оруулсан. Чимид гуай дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлэж байсан юм. Би нэг зүйлийг хэлье. 2012 оны зургадугаар сараас өмнө Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Сонгуулийн хуулиа л өөрчил. Сонгуулиа л шударга хий. Үндсэн хуулиа өөрчлөхийн оронд Төрийн албаны зөвлөлөө өөрчил. Тэр Оюу толгой, Таван толгойд тавих шаардлагаа тавь. Төмөр замаа тавь. Ажилгүй байгаа хүнээ ажилтай болго. Дэд бүтцээ барь. Орон сууцны хөтөлбөрөө хэрэгжүүл. Хийх юм зөндөө байна. Улс төрийн намынхаа хуулийг аваад ярь. Орон нутагт эрх мэдэл өг. Энэ асуудлуудаа шийд л дээ. Юун Үндсэн хууль вэ? Ярих гээд байгаа бол дордуулсан долоогоо өөрчилчих. Ингэж ярина шүү. Хэрвээ оруулаад ирвэл би хориг тавина гэдгээ хэлж байгаа.
Гадаадад шинээр ардчиллын замыг сонгосон улсуудад эхлээд Үндсэн хуулиа сайн боловсруул, тэр нийгмийн үнэт зүйлүүдээ суулга гэж ярьж байж эргээд энд хоёр нүүр гаргаад зогсож болохгүй. Өөрчлөлтийн тухай ярьж болно. Манайх хоёр танхимтай болъё. 76-гаа 99 болгоё ч гэх шиг. Тэгэхээр сайжрах уу. Төрд илүү эрх мэдэл хэрэггүй. Дан дээлийг чинь нимгэлэх гээд байхад юун давхар дээл яриад байна аа. Илүүдсэн эрх мэдлээ ард түмэндээ өг. Бид ийм зам руу орж байгаа.
Хариуцлагын асуудал хэрэгжихгүй байна. Энэ талаар та юу бодож байна вэ? гэжээ. Энэ нь бидний хууль боловсруулж буй техниктэй холбоотой байна. Цагдаагийн хуулийг цагдаа боловсруулдаг. Яамны хуулийг яам нь боловсруулдаг. Сайдын тухай хуулийг сайд боловсруулдаг. Тэгэхээр тэр сайд ямар хууль оруулж ирдэг гэж бодож байна. Бүрэн эрх гэсэн юм оруулж ирдэг. Энэний бүрэн эрх, тэрний бүрэн эрх гээд л. Үүрэг байдаггүй. Манайд нэг даргад 17 эрх байхад хоёрхон үүрэг байдаг. Даргыг томилох механизм байдаг мөртлөө хариуцлага тооцох арга байдаггүй. Их Хурлын гишүүн, тэндээс томилогддог хүнтэй хариуцлага тооцох асуудал тавихад нөгөө Их хурал, байнгын хороо нь хангалттай нотлогдохгүй байна, итгэл үнэмшил төрөхгүй байна гэдэг. Юу яриад байгаа юм бэ. Нотолгоо олоод өг гээгүй, тэд бол нотолгоо олдог хүмүүс биш. Та нар томилсон баталсан учраас түдгэлзүүлээд өг л гэж хэлж байгаа шүү дээ. Нотлохыг нь тэр нотолдог газар нь нотолно биз. Шүүх, мөрдөн байцаах газар нь л нотолно биз дээ.
АТГ-ын дарга шүүхээс зохих шийтгэлээ сонсоод , эдлэх ялаа эдлээд явж байгаа. Гэтэл Ерөнхийлөгч хүнээ оруулж ирэхгүй байна гээд байгаа. Их Хурлын даргад би хэлсэн.” Ерөнхийлөгч тэр авлигатай тэмцэх газрын даргад хүнээ оруулж ирээгүй гээд юу яриад байна аа. Та томилж шийдвэр гаргасан. Ял эдлэх шийдвэр гарснаар Их Хурлын шийдвэр хүчингүй болно гээд хуульд заачихсан. Одоо тэр ялын шийдвэрийг үндэслээд албан тушаалаас нь халсан шийдвэрээ гаргаад өгчих. Тэрийг чинь үндэслээд би хүний нэр оруулъя” гэж. Нөгөөдөх нь шоронгоос “одоо халагдах өргөдлөө өгдөг юм билүү” гэж байна гэнэ. Халагдаагүй, ажлаа хийж байна гэж бодож буй юм байна л даа. Ийм марзан тогтолцоо манайд байна. Шударга ёс гэдэг бол хуулийн дагуу үйлдэл шаарддаг. Шийтгэхийг, хариуцлага тооцохыг шаарддаг юм.
НҮБ-д Та улсынхаа нэрийг гаргасанд баяр хүргэе. Иргэн Энхтуяа, Төмөрбат, Эрдэнэбат гэсэн байна. Бидний ажилласныг та бүхэн телевизээр харсан биз. Сая Сүхбаатар хотод иргэдтэй уулзахад монгол дээлтэйгээ үг хэлсэнд баяр хүргэе гэж байсан. Монгол Улс НҮБ-ын гишүүнээр 50 жил ажиллахад монгол дээлтэйгээ хүн үг хэлж байгаагүй юм билээ. Тэгээд энэ жил 50 жилийнх нь ойгоор нэг монгол дээлтэй гарч үг хэлье. Монгол чинь ийм хувцас, малгай, гутал өмсдөгийг хараг гэж бодсон юм.
Цахим Монгол хөтөлбөрийг Та эхлүүлсэн Дархан-Уул аймаг цахим аймаг болохоор ажиллаж байна. Монголын цахиурын хөндийг Дархан хотод байгуулж болох уу гэжээ. Гайхамшигтай санаа хэлж байна. Дарханыг Монголын технологийн бүс болгоё гэж хэлж байна хэмээн ойлголоо. Ийм боломжийг ашиглах хэрэгтэй. Судлаад боломжтой зүйлд хөрөнгө оруулах нь зөв. Сая Сүхбаатар хотод номын сан байгуулж өгөөч гэж байна лээ. Байгаа мөнгөө боломжтой ийм саналуудад хөрөнгө оруулалт хийж, бодит ажил болгууштай байна. Байгалийн баялгаас орж ирэх мөнгөөрөө “Зуун шинэ сургууль, зуун шинэ цэцэрлэг” гэсэн хөтөлбөр дэвшүүлж байгаад хэрэгжүүлье л дээ. Орж ирэх мөнгийг боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрт зориулъя гэдэгтэй бол би санал нэг байна.
Сонгуулийн хууль өөрчлөгдөх үү гэж асуужээ. 2012 оны сонгуулийн өмнө өөрчлөгдөх ёстой. Хамтарсан засаг байгуулаад хамгийн түрүүнд авсан амлалт энэ байгаа. Хоёр нам сайн санаж байгаа. Хуулийн ерөнхий юмаа тохирчихсон. Түүнийгээ хууль болгоод баталчих хэрэгтэй. Ямар зарчмаар явуулах дээрээ одоо маргаж байгаа. Их Хурал дээрээ санал хураагаад шийдчихэж болно. Нэг зүйлийг хэлэх ёстой байх. Орой болгон Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болохгүй байна гээд төрөө буруутгаад байх юм. Энэ бол шийдэх ёстой юмаа шийдэхгүй байгаатай холбоотой. Ард түмэн бол өөрчлөлт хийх цаг болсон гэж үзээд байна. Ардчилал гэдэг бол муу юмыг, болохгүй байгаа хүнийг сольж болно гэсэн үг гэдгийг ард иргэд ойлгож байгаа.
Хүн амын төвлөрлийг яаж сааруулах вэ гэсэн байна. Энэ бол шийдэх ёстой асуудал. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт зэрэг газруудаар одоо мэдрэгдээд эхэлчихсэн байна. Хүн бүр суугаа суурин газартаа иргэн хүн шиг амьдарч болох тэр эрхий нь өгөх хэрэгтэй. Тэндээ бий болж байгаа баялаг, татвараа захиран зарцуулдаг байвал асуудал шийдэгдэж эхэлнэ.
Ашигт малтмалын лицензийг та зогсоосон. Ашигт малтмалын тухай хууль хэзээ шинэчлэгдэн гарах вэ? Оюу толгойтой холбоотой тайлбар өгнө үү гэсэн байна. Хоёр жилийн өмнө та бүхэнтэй уулзахад олон хүн микрофоны ард жагсчихсан газар нутгийн 50 хувь нь гадаадынхны гарч орчихлоо, нэг мэдсэн эх орноо алдсан байна гэх мэтээр ярьж байсан шүү дээ. Үнэхээр үзсэн чинь газар нутгийн маань 46 хувь нь лиценз болчихсон байсан. Ашигт малтмал “цүнхний” бизнес болчихсон байсан. Хэдэн лиценз цүнхэндээ хийгээд наймаалцаад явдаг болчихсон байсан. Ард түмний үг оргүй үг биш байсан. Хайгуул бол байх ёстой. Гэхдээ хэмжээ хязгаар гэж бий. Тэгээд Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэйгээ яриад зогсооё, та бүхэн дэмж гэсэн юм. Зогсоосон. Одоо 16 хувь болсон шүү. Энэ бол том өөрчлөлт. Зарим нь та яах гэж тэгсэн юм гэдэг. Би хойч үедээ тавьж байгаа юм л гэдэг. Муу, олхиогүй хүн л хүүхдийнхээ хоолыг булааж иддэг. Бид хүүхдийнхээ хоолыг булааж идэхээ болье. Одоо байгаа Оюу толгой, Таван толгой дээрээ, тараасан хэдэн лиценз дээрээ учраа олъё. Үүд хаалга нь цоожгүй юм шиг гаргахаа болье. Ашигт малтмалын зөвшөөрлийг орон нутагт, ард иргэддээ өгье. Ашигт малтмалын хууль гээд зөвхөн ухаж авахаа оруулаад үй түмэн бусад харилцааг нь орхичихсон байдаг. Тэр байгаль орчныг сэргээхийг, баялгийг нь чулуу болгохыг, үйлдвэр байгуулахыг гээд. Хуулийн төсөл дээр хүмүүс ажиллаж байгаа. Нэг тийшээ шийдэгдэнэ.
Оюу толгойн тухай товчхон хэлье. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Өнөөдөр Эрдэнэтэд ажиллаж буй хүн 5600 байгаа харин Оюу толгойд 11 мянга гараад явлаа. Бодлого тодорхойлж байгаа хүмүүс Оюу толгойн тухай хамтарч байгаад ярих хэрэгтэй. Тив дамжуулж хэрүүл хийгээд байж болохгүй. Бид тавих ёстой шаардлагаа тавиад, зүгээр ширээ тойрч сууж байгаад ярих хэрэгтэй. Та нарт цахилгааныг нь, хувцсыг нь, хоолыг нь бид нийлүүлье. Монголд үйлдвэрлэсэн хувцас, хоол өгье. Монгол компани тээврийг чинь хариуцна. Монгол компани усыг чинь нийлүүлнэ. Монгол компани замыг чинь тавина. Ингэж шаардах хэрэгтэй. Тэгвэл бид бүгдээрээ ажилтай болно.
Өнөөдөр Өмнөговийн Ухаа худаг, нөгөө талд нь Оюу толгой дээр яваад очиход газар тэнгэр шиг зөрүүтэй байна гэдэг. Манай монголын компани тэнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ажилчдынхаа байрыг бариад гэр бүл нь хамт амьдрах боломжтой байна. Гэтэл Оюу толгойд хэдэн гэр, сандвичин хэдэн байшин байна. Оюу толгойд ажиллах гэж очсон хүн цэргийн албанд татагдсан юм шиг байж болохгүй биз дээ. Эмнэлэг, сургууль, орон сууц гээд шаардах юмаа хэлэх хэрэгтэй. Манай Засгийн газар нялцгай байна. Өмнө нь тохирчихсон, шийдчихсэн юман дээрээ хатуу зогсох ёстой. Нэг Ерөнхий сайд шийдсэн юмнаас нөгөө нь буцах гээд байгаа юм уу. За гэвэл ёогүй гэж ярьдаг. Цаг нь ирэхээр цаашаа шаардлагаа тавиад явна. Монголын 34 хувь багассан гэнэ гээд шуугисан. Хоёр талаас суугаад ярьсан. Энэ хувь хэзээ ч багасахгүй гээ биз дээ. Монголын хувь гадагшаа зарагдах гээд байна гээд бас шуугисан. Монголын хувь, ерөөс Оюу толгойгоос хувийг зарвал Монголын Засгийн газраас зөвшөөрөл авна гэж тохироо биз дээ.
Ийм маягаар сайжруулж болно. Гэрт ороод ирсэн эд шүү дээ. Ийм зүйлийг түлхээд унагаж болохгүй. Тэгвэл хэн орж ирэх юм гэдгийг бодох хэрэгтэй. Би хувьдаа хөгжилтэй улс орноос өндөр технологи, соёл орж ирэх юм бол монголын ард түмний тусгаар тогтнолын баталгаа болно гэж итгэж явдаг. Монголын улс төрийн эрх, ардчилал, тусгаар тогтнолыг эдийн засгийн хувьд баталгаажуулмаар байна. Ойрхон улсуудаас ямар их дарамт ирж байсан бол. Тэгэхэд манай Ерөнхийлөгч ямар алсын хараатай шийдээ вэ гэж бидний үр хүүхэд ярьж яваасай гэж боддог. Тийм өвийг би эх орондоо үлдээмээр байна.
Батлаад гаргачихсан хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хэрэгжихгүй байна. Таван толгойн гэрээний төслийг ийм л үндэслэлээр буцаасан. Таван толгойн гэрээний төслийг ороод ирэхэд хамгийн түрүүнд Монголын эрх ашиг хаана байна гэж асуусан. Монголын эрх ашгийг хараад олоогүй. Стратегийн орд гээд байгаа. Би түүнийг Монгол Улсад, монгол хүнд урт удаан хугацааны ашигтай гэж орчуулж ойлгож байгаа. Магадгүй намайг Ерөнхийлөгч байхад, энэ Засгийн газар, энэ Их Хурал ажиллаж байхад хөзөр хуваах эрх анх удаа бидний гарт орж ирсэн байж болох шүү. Энэ том ордоороо дамжуулаад үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа баталгаажуулах эрх, хувь ногдсон байж болох юм шүү. Тэнгэрийн хишгийг зүгээр алдаж болохгүй. Алдвал хойч үе хэзээ ч өршөөхгүй. Үнэхээр бүр болохгүй бол монголчууд өөрсдөө хийг.
Монголд хамгийн их татвар төлдөг компаниуд хамтраад консерциум байгуулаад илүү хувиа аваад бүтээгдэхүүнээ хаашаа зарах, төмөр замаа яаж шийдэхээ яриг. Монголчуудтайгаа ярья л даа. Гадаадынхантай яриад тохирч чаддаггүй юм бол монголчуудтайгаа яриад үндэсний компаниудаа өөд татъя. Зуун аж ахуй гэсэн жаазтай бичиг өгөхийн л төлөө байгаа биш биз дээ. Улс орнуудын хөгжсөн зам, брэнд компанийн түүх ингэж бий болсон байдаг. Гадаад улс орнуудтай биднийг муудалцуулах гэж байгаа юм шиг зүйл хийж болохгүй. Хэлэлцээг улс төрийн албан хаагчид, сайд очиж хийдэггүй юм. Мэргэжилтэн очиж хийдэг. Тэрийг нь улс төрчид хэлэлцээд шийддэг. Засгийн газар нь, Их Хурал нь гүйгээд орчихсон хэлэлцээ байвал түүнийг шүүн хэлэлцэх том газар Монголд өөр байна уу. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна гэж үзэх үү. ҮАБЗ-ийн зөвлөмжид улс төрийн нэг ч албан тушаалтан ийм хэлэлцээнд орж болохгүй гэж заасан байдаг.
Орон нутгийн эрхийн талаар асуусан байна. Би нэг зүйлээр зүйрлэж хэлье. Орон нутгийн дарга нар гэхээр бариу гуталтай, хөл нь холгосон хүмүүс шиг харагдах юм. Их Хурлыг харахаар шинэ баян юу гэдэг билээ, нэг тийм. Тэр эрхээ хуваалц л даа. Их Хуралд хэлэлцэх юм байлгүй яахав. Гэхдээ бүх юмыг битгий өөртөө тат. Муу үг чам руу ирээд байна гэж ноднин уг нь Их Хурал дээр би ярьсан даа.
Цөмийн хаягдлыг яах юм бэ гэж асуусан байна. Би ард иргэддээ, чөлөөт хэвлэлтэйдээ баяртай байгаа. Ардчилал гэдэг бол ард түмний нүд нээлттэй байгааг хэлж буй юм. Зургаан сар энэ асуудлыг ярилаа. Тэгсээр байгаад Ерөнхий сайд, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан. Гадны цөмийн хаягдлыг хадгалах, байрлуулах, тээвэрлэхийг хориглосон хуулиудаа сахь. Асуудал гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр эхэлж ярь. Тэнд эрх аваагүй бол ийм юмны тухай ярих эрх хэнд ч байхгүй. Ийм юм ярих эрхтэй хүн Монголд одоо нэг ч байхгүй гэж байж тасалж зогсоож авлаа. Үүнийг манлайлал, удирдлага гэдэг юм. Үүнийг ард түмэн хүсэн хүлээж байсан байх. Энэ дээр нэг цэг тавиад өгөөч. Төрд ер нь удирдлага байна уу, эзэн байна уу гээд байгаа шүү дээ. Тэгээд НҮБ-ын индэр дээрээс “Монголд цөмийн хог хаягдал булшлах тухай асуудал байхгүй. Ийм байдлаар бодлогоо Монголд тулгах гэж байгаа бол санасны гарз” хэмээн хэлсэн. Би энэ байр суурь дээрээ байнга байх болно.
Зарим хүн түүнийг булшлах хэрэгтэй. Их мөнгө олно гэж ярьдаг. Монгол байтугай Япон ямар хүнд байдалд оров доо. Фүкүшимагаас өмнө дэлхий ертөнц өөрөөр сэтгэж байсан байж болно. Одоо Фүкүшимагийн дараа гээд дэлхий ертөнцөд шал өөр байдал бий боллоо. Герман хүртэл цөмийн станцаасаа татгалзаж байна. Тэгэхээр Монгол яах вэ гэдгээ ярих л хэрэгтэй. Монгол уран гаргавал өөрийнхөө хог хаягдлыг буцааж авна гэж ярьж байна. Энэ худлаа. Уран гаргаад буцаад авдаг юм байхгүй. Том орнуудын бидэнд тулгах гэсэн хандлага байж болох. Гэхдээ тийм зүйл хэзээ ч болохгүй. Бид гаргасан ч буцааж авахгүй. Үүнийг хэлье гэж бодсон юм” гэж ярилаа.
Уулзалтын үеэр иргэд Ерөнхийлөгчийн санаачилж, батлуулсан Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийн талаар, Алдарт эхчүүдийн одонгийн талаар асууж хариулт авлаа.
Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга П.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр албаны бусад хүн оролцлоо.