Хулгайлахдаа хүрвэл тэрбумыг хулгайлна аа

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Хулгайлахдаа хүрвэл тэрбумыг хулгайлна аа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш гэж нэг хулчгар эр байна аа. Бүхэл бүтэн Улсын нөөцийн санг атгаж байсан хэрнээ 250 орчим сая төгрөг л хувьдаа завшсан байх юм. Түүнээс өөр эр зоригтой, эрч хүчтэй, ичих нүүргүй хүн байсан бол юу яасан 250 сая төгрөг хулгайлах. Багадаа л тэрбум төгрөг туучихаад зогсож байхгүй юу. Тэгэхэд П.Даш даргыг ийм бага мөнгө хулгайлсан болохоор шүүх энэ тэр ч сүйдтэй авч хэлэлцсэнгүй. Ба­раг л “Та яасан бага мөн­­гө завшдаг юм. Ихийг зав­шихгүй” гэсэн шиг ял, зэм гээд байх гавьтай юм оноосонгүй.  Эгээтэй л “Та­ныг шийтгэе гэсэн чинь та маш бага мөнгө завшсан юм байна. Хоёрын хоо­ронд ийм хэрэг үйлдсэн учир өршөөхөөс өөр яалтай билээ. Төрийнхөө буяныг түм, түмээр нь хүртэж, төг­рөг мөнгийг ахиухан зав­шиж яваарай” хэмээн уучилж, өршөөсөн юм байх. Ямар ч байсан “Дөрвөн жи­лийн хорих ял оноолоо” гэснээ “Өршөөлийн хуульд хамрууллаа. Та сул чөлөөтэй” гэх шүүгчийн шийд гарсан дуулдсан. Арга ч үгүй дээ. Тэрбум, тэрбумаар нь идсэн нөхөд эрх чөлөөтэйгөөр барахгүй  Төрийн ордонд залраад байхад юу гэж 250-хан сая төгрөг завшсан П.Даш даргыг шийтгэж болох билээ дээ. Очиж, очиж 250-хан сая төгрөг шүү. Эндээс үүдээд би гэдэг хүн нэг зүйлийг ихэд сайн ухамсарлаж авлаа. Аз байгаад боломж нь олдвол төрийн их сан хөмрөгөөс 250-хан сая төгрөг бус багадаа л тэрбумыг халаасалчих хэрэг­тэй юм байна. Ер нь зөвхөн өөрөө өөртөө ч энэ тухай ам тангараг тавих бус өрөөл бус­дад ч сануулж хэлмээр са­нагдана. Яагаад гэхээр  эргэн тойрны маань хүмүүс П.Даш дарга шиг багаар сэтгэж, ба­гаар авах тухай бодсоор бай­хад бусад нь ихээр аваад, ихийг идчихээд адилхан л сул чөлөөтэй явааг анзаарч мэдээ­гүй ч юм билүү. Иймд одоо­ноос “Олзыг олуулаа” гэ­дэг шиг “Хулгайг хуйгаар нь” гэдэг уриа дэв­шүүлээрэй, нө­хөд өө. Бүр тодруулбал “Хул­гайлахдаа хүр­вэл тэр­бумыг хул­гайлна аа” гэсэн ч яах вэ дээ. 

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж