
Ямартай ч Нэгдсэн Орос намаас нэр дэвших нь тодорхой болоод байгаа Ерөнхий сайд В.Путин хүчтэй өрсөлдөгч гэдгээ бусдад баталж чадсан юм. Харин түүний өрсөлдөгч болох Коммунист намын дарга Геннадий Андреевич Зюганов нэр дэвших гэж буйгаа Сонгуулийн хороонд мэдэгдэж, албан бичиг явуулсан. Хэдийгээр ОХУ-ын улс төрийн тавцанд томоохон байр суурь эзэлдэг ч В.Путинтэй эн зэрэгцэх сайн өрсөлдөгч биш гэдгийг олон хүн баталж байгаа нь ирэх гуравдугаар сард болох сонгуулийн дүнг урьдчилан харуулж байгаа болов уу. Геннадий Андреевич Зюганов 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан бөгөөд Д.Медведевт 17.76 хувийн саналаар ялагдаж байсан удаатай. Тухайн үед Д.Медведев 70.23 хувиар илт давамгай ялалт байгуулж байсан юм. Энэ удаагийн сонгуульд түүнийг ялалт байгуулна гэдэгт ард түмэн төдийлөн найдлага тавихгүй байгаа талаар “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлэв.
ОХУ-ын сонгуулийн эргэн тойронд олон талын таамаг бий болоод байгаа. Үүний нэг жишээ гэхэд Ерөнхийлөгч Д.Медведев дараа жилээс В.Путинтэй байраа сольж, Ерөнхий сайд болох. Магадгүй улс төрийн болон улс эх орны ирээдүйн чиг хандлага, зорилго энэ хоёр эрхмээс хамаарч ойрын хэдэн жил үргэлжлэх гэж буй нь илт байгаа аж. Өмнө нь В.Путин сонгуулийн тогтолцоог нэлээд шүүмжилж шинэчлэх хэрэгтэй байгааг удаа дараа уламжилсан. Уг асуудал дээр олон талын арга замыг хөндөж байсан нь ард иргэдээс багагүй үнэлгээ аваад байсан билээ. Уг нь ОХУ-ын Сонгуулийн тухай хуулинд зааснаар Ерөнхийлөгч нийт найман жил бүрэн эрхийн дагуу улиран сонгогдсоны дараа дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болдог тухай заасан. Харин энэ удаад энэхүү хуулийг Ерөнхийлөгч Д.Медведевтэй ярилцаж байгаад өөрчлөх гэж байгаа талаар хэвлэлүүд нэг хэсэг онцолж байсан. Тухайн үед В.Путин “Одоо сонгуулийн талаар тодорхой зүйл ярихад дэндүү эрт байна. Энэ талаар Д.Медведевтэй нухацтай ярилцах болно” гэж байсан. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрвөн жилийг зургаан жил болгон өөрчлөх санал гаргасан талаар ч Оросын хэвлэлүүдээр шуугиж байв. Хэрэв энэ бүхэн биеллээ олж В.Путин дахин зургаан жилийн хугацаатай сонгогдох юм бол жинхэнэ утгаараа дарангуйллын нийгэм рүү шилжих нь ойлгомжтой болов уу. Уг асуудал дээр ОХУ-ын сөрөг хүчнийхэн ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Гэхдээ “Батлагдаагүй хуулийн өмнө баахан сүр дуулиан болох нь утгагүй хэрэг” хэмээн думын зарим гишүүд үзэж буйгаа илэрхийлсэн.
Харин энэ хооронд Францын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртож, нэр дэвшигчийн эрэлд ард түмэн гарсан гэж хэлж болно. Учир нь францчуудын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн их найдлага тавьж байсан хүн нь ОУВС-ийн тэргүүн асан Доминик Штраус Кан. Гэвч түүний франц зан нь бүх зүйлийг үнэндээ баллаж орхисон хэмээн олон хүн дүгнэж байгаа нь нууц биш. Мэдээж энэ бүхэн ард хоцорсон ч тэрбээр “Ирэх жил Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшихгүй” гэдгээ олны өмнө амласан. Францын Сонгуулийн хорооноос Николя Саркозигоос гадна 1995-1997 онд Францын Ерөнхий сайдын албыг хашиж байсан, одоо Гадаад хэргийн сайдаар ажиллаж буй Элэйн Мари Юппи болон Францын Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн сайд Хавьер Бертранд нар өрсөлдөх магадлалтай гэжээ. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ирэх оны дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 6-ны хооронд үргэлжлэх юм. Францын хэвлэлүүдээр одоогийн Ерөнхийлөгчийг дэмжсэн утга бүхий нийтлэл, нэвтрүүлгүүд болон түүнийг дахин сонгогдох магадлалтай байгаа талаар онцолж байгаа. Ямартай ч Францын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд олон нийт ОХУ-ынхтай харьцуулбал төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь одоохондоо харагдаж байна. Тус улсын хувьд итгэл даах сайн улстөрч төдийлөн их байхгүй байгаа мэт сэтгэгдэл олон улсад төрүүлж байгаа талаар “De Monde” мэдээлэв.
Б.Баатар
"Улс төрийн тойм" сонин
