
Тэрбээр иргэдтэй уулзах үеэр өөрийн хийж гүйцэтгэсэн ажил болон мөрийн аюулгүй байдал, төрд оролцох иргэдийн оролцоо, эрх чөлөө, нийгэмд шударга ёс тогтоох, байгаль орчин, монгол уламжлал ёс заншил, жинхэнэ монгол хүн, гадаад бодлого зэрэг мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилтуудынхаа талаар дурдсан юм. Иргэдийн төрд оролцох оролцоо, эрх чөлөөний талаар хэлэхдээ “Монгол хүний эрх чөлөө бол Монгол Улсын амжилт байх ёстой. Манай улсад иргэдийн эрхийн шилжилт сайн явагдахгүй байна. Тухайлбал, орон нутагт төсөв зарцуулах эрх дутмаг, боловсон хүчнээ мэддэггүй. Уг нь иргэд ярьж байж дарга нар нь хийх ёстой. Тэгтэл манайд эсрэгээрээ. Төр бол иргэний үргэлжлэл юм” гэлээ. Төрийн тэргүүн энэ үеэр иргэдэд тарааж буй бэлэн мөнгөний талаар онцолсон. “Өнгөрсөн сонгуулиар хавтгайруулан бэлэн мөнгө тарааж, алдаа гаргасан. Үүнээс болж эдийн засгаа чирч, ард өнөөх ядуурал, залхуурал гэгчийг дагуулсан. Энэ мөнгө тараалт 2012 оны зургаадугаар сард дуусгавар болно. Харин оюутанд олгож байгаа тэтгэмж бол нүдээ олсон зүйл. Гадны орнуудад дээд боловсролдоо маш их анхаардаг. Оюутны асуудал гэдэг бол нийгмийн асуудал. Өнөөдөр оюутангүй айл өрх гэж бараг үгүй болоод байна. Нийт айл өрхийн 60 гаруй хувь нь оюутан сургадаг гэсэн судалгаа гарсан. Оюутнуудын хичээл завсарддаг, нийгмийн сөрөг зүйлд татагддаг байдал эдийн засгийн асуудалдтай нь холбоотой. Харин тэдний амьдрал ахуйд нь тус нэмэр болж цалин өгөөд хариуцлага тооцдог болъё. Бас амжилттай суралцагсадад нь нэмэлт урамшуулал бий болгоё. Мөн цаашид хүүхдийн мөнгийг дахин олгоно. Үүнийг өөрсдийн санал хүсэлтээ гаргасан амьдралын боломж тааруу айл өрхөд өгөх юм. Бид “Эрүүл монгол хүүхэд” гэсэн төслийг хэрэгжүүлнэ. Ирээдүйн хөгжлийн гүүр болсон хүүхдүүд маань эрүүл байвал эх орны ирээдүйн өнгө төрх шинэ монгол бий болно” хэмээв.
Иргэдийн бас нэгэн тааламжтай хүлээж авсан зүйл нь “Архигүй монгол” гэсэн санаачилга юм. НҮБ-ын конвенцид хүртэл тамхины тухай заалт байдгаас биш архины тухай заалт байдаггүй аж. Ерөнхийлөгч энэ талаар НҮБ-д санал тавьжээ. Түүний төрийн аливаа ёслол, хүлээн авалтад архи хэрэглэхгүй байх зарлиг биеллээ олж байгаа бололтой. Энэ жил төрийн албаныханы хүлээн авалтын зардалд 50 хувийн хэмнэлт гарсан гэнэ. Ерөнхийлөгчийн ярианд “Архи гэдэг бол удаан уулгадаггүй ундаа” гэсэн үг хэлэхэд цугласан олон алга ташиж байсан нь нэгийг бодогдуулахаар үг юм. Цаашдаа архины тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж бие биенээ архиар шахахыг гэмт хэрэг гэж үзэх гэнэ. Мөн архины градусыг буулгаж үйлдвэрлэсэн компаниудыг урамшуулах юм байна. Тэрбээр “архины градусыг бүр 25 хувь болгох хэрэгтэй” гэсэн.
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн талаар жинтэйхэн үг хэлсэн. “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэх хоёр давхар ажил хийдэг байдлыг цаашид болиулах хэрэгтэй. Нэг ажлаа олигтой хийж чадахгүй байж нөгөөдөхийг нь хийнэ гэхэд дэндүү харьцангуй зүйл болж байна. Бас танхим дотор хэт их найзархдаг болж байна. Энэ бол улс эх оронд эргээд сөргөөр нөлөөлж, төрийн ажил цалгардахад хүрч байна” гэсэн юм.
Тэрбээр мөн хотын агаарын бохирдлын талаар онцолсон. Дархан хотод зочлох үеэр “Бид “Хүүхдийг бураа байхад нь мат” гэдэг шиг утааг бага, үүсэж эхэлж байгаа дээр нь арилгах хэрэгтэй. Улаанбаатар хот одоо дэлхийн хамгийн их утаатай, хамгийн бохир заваан хот болж байна. Гэтэл зарим аймагт утаа тогтдог болж. Цаашдаа Дархан хотын утаа гаргагч станцуудыг багасгаж утаагүй хот болгох дээр анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм. Гол санаа нь Дархан хотыг аймгуудын жишиг хот болох тал дээр анхаарах саналыг тавьж байлаа. Үнэндээ манай зарим аймаг, Баян-Өлгий аймаг гэхэд өвөлд өглөөгүүр бараг Улаанбаатар хотоос ялгагдахааргүй болдог.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахаар ирсэн иргэд танхим дүүргэсэн байлаа. Улаанбаатар хотоос хөдөлсөн Ерөнхийлөгчийн галт тэрэгний цуваа 11:30 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод хүрэлцэн ирэхэд аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга Ж.Эрдэнэбат болон бусад удирдлага, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэргийн хүндэт харуул угтан авав. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд 12:10-14:00 цаг хүртэл “Сэлэнгийн долгио” чуулгын байранд нутгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.
Нутгийн иргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид биш тус аймгаас сонгогдсон Сангийн сайд С.Баярцогтод нэлээд олон асуулт тавьж байв. Харин сайд хатуухан хариулт өгсөн юм. “Надад асуулт тавих нь яахав ээ. Энэ бол Ерөнхийлөгчийн уулзалт. Тийм учраас та бүхэн түүнд хандаж асуултаа тавьбал арай дээр байх.”гэлээ. Харин Э.Бат-Үүл гишүүн хурлын үеэр 2011.01.01-2011.10.01 хүртэл хийсэн ажлын тайлангаа өнгөт хуудсаар тарааж байсан. С.Баярцогт сайдад асрамжийн газрын байр шинээр барьж өгөх, 36 дугаар цэцэрлэгийн хана цуурсан, подваль байхгүй, номын сан шинээр барих гэхмэтчилэн бүтээн байгуулалтын холбогдолтой саналууд ихэнх хувийг эзэлж байв.
Энэ үеэр тус аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжавтай ургац хураалтын талаар товч ярилцсан юм.
-Нийтдээ 150 мянган га-аас үр тариа хурааж байгаа. Одоогоор ургац хураалт 90 орчим хувьтай явж байна. Манай аймаг энэ жил түүхэндээ анх удаа хамгийн их ургац хураан авч байгаа. Ургацын талбай талбайн хэмжээгээр багассан. Тэгэхдээ чанарт нэг их өөрчлөлт ороогүй. Ер нь урд жилүүдээс ахиу ургац хураана. Төмсний хувьд урдчилсан байдлаар 40 орчим мянган тонныг хураан авсан. Урдчилсан тооцоогоор нийтдээ 50 гаруй мянган тонныг хурааж авна” гэв.
Ерөнхийлөгч уржигдар орой 17:00 цагт Дархан-Уул аймагт хүрэлцэн очив. Ерөнхийлөнчийг тус аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын дарга Л.Гүнчин болон бусад удирдлагууд, цэргийн хүндэт харуул угтан авав.
Ерөнхийлөгч эхлээд тус аймгийн шүүхээр зочилж ажил байдалтай нь танилцсаны дараа “Дархан 50 цогцолбор”-той танилцсан юм. Тус цогцолбор хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд хамгийн их ач холбогдолтой байгаа талаар Засаг дарга нь онцолсон.
Дараа нь Дархан хотын “Залуус” театрт иргэдтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр мөнөөх л бэлэн мөнгөний амлалтын талаар асууж байв.
"Улс төрийн тойм" сонин