Хамтарсан Засгийн газрын хос багана болсон Ардчилсан нам болоод Ардын намынхан эдийн засгийн хувьсгалын “өлгий, живх”-ийг өөр хоорондоо булаацалдаж эхэлжээ. Тэртээх өдрүүдэд ардчилсан хувьсгалыг “өлгийдсөн” гэдгээрээ өнөөдрийг хүртэл Монголын улс төрд амьдарч чадсан Ардчилсан намынхны хувьд хувьсгалыг өмчлөх нь гэм бус зан. Ингэхдээ зэргэлдээ намынхаа гайг нь дурсаж, гавьяаг нь мартах нь бий. Харин Ардын намынхан “Хувьсгалыг бид дэмжихгүй бол бусад нь дангаараа чадахгүй” хэмээн бардамнах нь олонтаа. Ийм ч учраас өнөөдөр Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газрын хувь заяан дээрээс “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” хэмээн зарлав. Үүнийг зарласан нь Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болохоос бус Ерөнхий сайд С.Батболд ч энэ тухай өмнө нь олонтаа онцолж байсныг бид мэднэ. Гагцхүү “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” хэмээн тусгайлан залсан индрийн өмнө тусгайлан бэлтгэсэн илтгэл тавьснаараа Н.Алтанхуяг сайд онцгой харагдаж байж болох. Иймээс ч хувьсгалыг “өмчлөх” зуршилтай Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг танаас “Эдийн засгийн хувьсгал тань их алдагдлаар эхлэв үү” хэмээн асуумаар байна. Мөн “22 жилийн өмнө бидний эхлүүлсэн ардчилсан хувьсгал ард түмэнд асар их эрх чөлөөг олгосон ч эдийн засгийн эрх чөлөөг орхигдуулсан байж. Иймд бид өнөөдрөөс эхлэн монгол хүн рүү чиглэсэн эдийн засгийн шинэ хувьсгалыг эхлүүлж байна” хэмээсэн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн “хундаганы үг”-ийг уншигч танд онцолж хүргэе.
Үнэхээр ч хүн рүү чиглэсэн эдийн засгийн бодлого Монголд хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Эдийн засгийн хөдөлгөгч гол хүчийг цөөхөн гэр бүл гартаа зангидаж, олонхи иргэн нь хуримтлуулагч гэхээс илүүтэй өдөр хоногийг өнгөрөөх маягаар амьдарч буй энэ үед бид төр засгийн бодлогоос шинэчлэлийг нэхэх нь зүйн хэрэг. Гэхдээ тэр нь “Эдийн засгийн хувьсгал” гэсэн хөөстэй тунхаглал дунд замхарч орхивол яах вэ. Цаашлаад Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Ирэх онд хүн рүүгээ чиглэсэн төсвийн бодлого баримтална” хэмээсэн. Тэргүүн шадар сайд үүнээс урьтаад “Хүн рүү чиглэсэн эдийн засгийн бодлого” гэж тодорхойлсон. Тэгэхээр нэг утга санааг хоёр талаас нь тайлбарлаж буй гүйцэтгэх засаглалын удирдагчдын сэдсэн эдийн засгийн хувьсгалын үр дүнд итгэхэд хэцүү болчихоод байгаа юм.
Наад зах нь Тэргүүн шадар сайдын эдийн засгийн хувьсгалын үр дүнг зөгнөсөн илтгэлд ”Монгол Улс өндөр хөгжилтэй улс орны энд хүрэх тэр үед хүн амын дундаж наслалт 20 насаар нэмэгдэж, өрхийн орлого найм дахин нэмэгдэж, боловсролын үзүүлэлт гурав дахин өсөх болно” гэсэн өгүүлбэр байсан. Хугацааны хувьд тэр үе тун ойрхон буюу 2020 оноор тодорхойлогдож буй. Цаашлаад “Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй стратегийн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орсноор Монгол Улс дэлхийд эрчим хүч, түүхий эд экспортлогч тэргүүн зэргийн улс болно. Ингэснээр хүн бүр эдийн засгийн өсөлтөөс хувь хүртэгчид болох сайхан ирээдүй та биднийг угтаж байгаа” гэх.Ерөнхийдөө уран зөгнөл гэмээр түүний дээрх тунхаглалуудад эдийн засгийн хувьсгалын үндсэн зорилт нуугдаж буй.
Гэтэл өнөөдөр бодит байдал Н.Алтанхуяг сайдын хэлж буйтай адил сайхан байна уу. Цаашлаад “Сайхан болно” гэсэн ирээдүй харагдах нь уу. Үүнд улсын төсвийн алдагдал өнөөдөртөө 4.7 хувиар хэмжигдэж буй ч оны төгсгөл гэхэд арван хувьд хүрэх эдийн засагчдын тооцоо бодит хариултыг өгөх нь гарцаагүй. Наад зах нь Хүний хөгжил сан нь Засгийн газрыг хангалттай хэмжээний өрөнд оруулчихсан байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр маягаар авсан 250 сая ам.доллар, “Эрдэнэс МГЛ” компанийн нэр дээр арилжааны банкнаас зээлсэн төлбөр, Тавантолгойн ирээдүйн хөрөнгө оруулагчаас зээлэх тэрбум ам.долларын урьдчилгаа зээл гэх мэтээр Засгийн газрын дээрх өрийг жагсааж болно. Үүн дээр инфляцийн өсөлтөөс үүдэж гарах алдагдлууд. Хэдийгээр Засгийн газар нэг оронтой тоогоор инфляцийн өсөлтийг илэрхийлж буй ч бодит тооцоо нь өөр гэдгийг эдийн засагчид хэлсээр байгаа. Ядаж л өнөөдрөөс эхлэж арга хэмжээ авахгүй бол энэ оны төгсгөлд 20 хувьд хүрэх тооцоо бий. Тэгээд ч инфляцийн бодит өсөлтийг “Нэг жилийн өмнө 10 мянган төгрөгөөр юу авч болдог байсан бэ” хэмээн арилжаанд гүйцэтгэх чадвартай нь харьцуулаад үзэхэд л бодит тоон үзүүлэлт гараад ирнэ. Нэг ёсны өдрөөс өдөрт мөнгөний үнэ цэнэ унаж буй нь улстөрчид хийгээд эдийн засагчид зөв тооцоон дээр саналаа нэгтгэж чадахгүй байгааг илэрхийлж байгаа хэрэг. Тэдний саналын зөрүүг яг л тэмээ, ямаа хоёр шиг гэж хэлж болох юм.
Ядахдаа эдийн засгийн хөгжлийг түлхэж өгөх үүрэгтэй Тавантолгойн нүүрсийг экспортлох зорилт нь бүрэн утгаараа зогсчихсон. Энэ оноос эхлэн Тавантолгойн экспортын орлого болон стратегийн хөрөнгө оруулагчаас “Тотаци авах замаар төсвөө санхүүжүүлнэ” гэж төлөвлөсөн төлөвлөгөө нь тасалдсан. Энд сул зарлагын цөөхөн хэдэн тооцоог дэлгэхэд л ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 334.2 тэрбум төгрөг, 170 мянган оюутны төлбөрт 83.6 тэрбум, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт таван тэрбум гэх мэтээр Хүний хөгжил сангийн нэр дор улсаас өгөх бэлэн мөнгөний жагсаалт хөвөрнө. Гол нь энэ бол орлого бус зарлага. Нэг гараараа тэд эдийн засгийг дэмжлээ гэхэд нөгөө гараараа ийнхүү татаж унагаах бодлого хэрэгжүүлж байна гэсэн үг. Энэ талаар Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Стивен Барнетт “Монгол Улсын хувьд баялгийн хараал хүртэх эрсдэл байна. Олон улсын туршлагаас харахад баялгийн хараал туссан орон ямар байдалтай байдаг вэ гэхээр улсын төсвийн зарлага маш их хэмжээгээр нэмэгддэг” хэмээн өнгөрсөн долоо хоногт анхааруулж байсан.
Гэтэл манайхан тэр үгийг сонссон ч сонсоогүй мэт царайлж, төсвийн зарлагыг өсөн нэмэгдүүлэх уралдаан зарласан мэт амлалтаа биелүүлэхээр чармайж байна. Тэргүүн шадар сайдын манлайлан оролцож буй эдийн засгийн хувьсгал бидэнд сайныг бус харин саарыг “бэлэглэх” цаг тун ойрхон байна. “1990 оноос хойш эдийн засаг болоод нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн тасралтгүй өссөн ч энэ нь хүндээ хүрч чадаагүй юм” гэж хэлсэн өөрийнхөө энэ үгийг 2020 онд ч тэр давтан хэлсээр байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь эдийн засгийн хувьсгал ч бай, өсөлт ч бай, ер нь аль нь ч гэсэн улстөрчдийн хэтийдсэн амлалтын золиос болж дуусдаг жишгийг Монгол Улсын өнгөрсөн 22 жилийн түүх нотолж байгаад шалтгаан нь орших ажээ.
"Улс төрийн тойм" сонин