”Алдагдалтай төслүүдийг Хөгжлийн банкинд тулгаж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

”Алдагдалтай төслүүдийг Хөгжлийн банкинд тулгаж болохгүй”

Ч.ХАШЧУЛУУН:  АЛДАГДАЛТАЙ ТӨСЛҮҮДИЙГ ХӨГЖЛИЙН БАНКИНД ТУЛГАЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулууныг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Манай улсын эдийн засагт нэг их наяд төгрөгийн илүүдэл хөрөнгө бай­гаа талаар  албаны эх сурвалжууд хэлж бай­гаа. Гэтэл Хөгжлийн бан­кийг заавал гадаад эх үүс­вэрээс санхүүжүүлэх гээд байгаагийн учир юунд бай­на вэ?

-Манай зах зээлд байгаа илүү­дэл нэг  их наяд төг­рөг нь Монголбанкинд хад­галж байгаа арилжааны банкуудын заавал байлгах нөөц, Монголбанкны зүгээс гаргадаг Төв банкны үнэт цаас хэлбэрээр хадгалдаг хөрөнгө, арилжааны банкууд болон бусад тоглогч олон төрлийн үнэт цаас авахад зориулсан хэлбэрээр байгаа. Үүнийг ашиглахын тулд захиргааны болон  зах зээлийн аргуудыг ашиглах ёстой. Гэвч өнөөдөр манай улсын зах зээлийн нөхцөл Хөгжлийн банкны бондыг дотоодод борлуулахад тохиромжгүй байгаа юм. Энэ нь хэд, хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Тухайлбал, Мон­голбанкинд хадгалагдаж бай­гаа нөөцийг Хөгжлийн банк ашиглахын тулд хол­богдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай бол­но. Мөн Монголбанкны зү­гээс банкуудын нөөцийг Хөгжлийн банкны бондод оруулснаар энэ нь эргээд эдийн засагт инфляцийг хөөрөгдөх сөрөг нөлөөллийг үүсгэх магадлалтай хэмээн болгоомжтой хандаж байгаа. Тиймээс энэ талаар цаашид хууль, эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай.

Монголбанк үнэт цаасныхаа хүүг 11,75 хувиар тогтоосон учраас Хөгжлийн банкинд дотоодын зах зээл дэх үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж олгохын тулд Монголбанк бодлогын хүүгээ бууруулах, эсвэл ТБҮЦ /Төв банкны үнэт цаас/-ны гүйлгээг зохицуулах шаардлагатай болж байгаа юм.

-Хөгжлийн банкны бондыг худалдах талаар Засгийн газрын тогтоолд хоёр удаа өөрчлөлт орууллаа. Яагаад энэ тогтоолыг яаралтай өөрчлөх болов?

-Хөгжлийн банк эхний 150 тэрбум төгрөгийн  бондыг дотоодод гаргахаар энэ оны зургадугаар сард болсон ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэсэн. Ажлын бэлтгэл эхэлсэн үед буюу энэ оны долоодугаар сараас Сангийн яам, ОССК /Орон сууцны санхүүжилтийн корпораци/ болон аж үйлдвэрийг дэмжих бондыг зах зээлд гаргаж, хүүг нь нэлээд өндөр буюу 7-11 хувиар тогтоосон. Энэ нь Хөгжлийн банкны бондыг дотоодын зах зээлд борлуулах  боломжийг үлэмж багасгасан. Хуулиар бол Хөгжлийн банкны бондыг гаргахад зээлийн хүү нь зах зээлийн хүүгээс  доогуур байх ёстой. Гэтэл Хөгжлийн банкны бондын хүү Сангийн яамны бонд, Монголбанкны ТБҮЦ /Төв банкны үнэт цаас/-ны хүү өндөр байгаагаас болж хуультай харшлах нөхцөл үүссэн. Ийм учраас гадаадын зах зээлээс санхүүгийн хөрөнгө татах шаардлагатай болсон юм. Энгийн үгээр хэлбэл, дотоодын зах зээлд байгаа илүүдэл хөрөнгийн үнэ нь Хөгжлийн банкны зүгээс санал болгох бондын хүүгээс илүү өндөр байгаа учраас хөрөнгө дайчлахын тулд олон улсын зах зээлд илүү хямд өртөгөөр үйл ажиллагаагаа явуулах нь оновчтой арга зам болсон. Сангийн яамны бондын хэмжээ (300 тэрбум төгрөг), Хөгжлийн банкны гаргах 800 тэрбум бондын хэмжээ нийлээд манай дотоодын зах зээлийн санхүүгийн нөөц бололцооноос давж байгаа юм. Тийм учраас Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн долоодугаар сард  Засгийн газарт гадаадаас хөрөнгө босгох зөвшөөрөл авах  хүсэлтээ тавьсан.   Үүний дагуу  Засгийн газрын 2011 оны  долоодугаар сарын 20-ны тогтоолоор уг зөвшөөрлийг олгосон. Олон улсын зах зээлийн хүү нь дотоодын зах зээлийн хүүгээс доогуур тул энэ нь Хөгжлийн банкинд ч, татвар төлөгчдөд ч ашигтай шийдэл болсон юм.

-Яагаад заавал Засгийн газар, Хөгжлийн банкны удирдлагууд бондыг private placement аргаар буюу  хаалттай худалдаалах гээд байна вэ. Ил тод худалдаа хийхээр ямар бэрхшээлтэй тулгараад байна вэ?

-Санхүүгийн зах зээлд худалдаа хийх хоёр арга  байдаг. Үүний нэг нь IPO-тэй төстэй, нийтэд нээлттэй нэг хүүг зарлаж, түүнд үндэслэн бонд зарах арга. Нөгөө нь хүүг бууруулах боломжийг олгодог гол хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийдэг private placement гэдэг арга юм.  Эндээс хүүг бууруулах хэлэлцээр хийдэг private placement арга нь илүү хямд эх үүсвэрийг бий болгодог. Нийтэд зарлах хүү нь манай улсын зээлжих зэрэглэл, дэлхийн зах зээлийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан борлогдохын тулд нэлээд өндөр байх ёстой.  Нээлттэй худалдаа хийхийн тулд  боломжийн хөрөнгө оруулагчдад маш их хэмжээний мэдээллийг бэлтгэж өгөх, банкны ажилласан түүхийг танилцуулах, ашгийг нь өндөр байлгах шаардлагатай байдаг. Ийм худалдааны бэлтгэл 1-2 жилийн хугацааг шаарддаг. Хөгжлийн банк дөнгөж байгуулагдсан, манай тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх үүрэгтэй учраас арилжааны бан­куудтай адил өндөр ашигтай ажиллах боломжгүй. Мөн баримт бичгийг бүрдүүлэх хугацааны хувьд нэг жил биш, хэдхэн сарын дотор хийх шаардлагатай байгаа зэрэг онцлог бий. Иймээс нийтэд зарладаг өндөр хүүтэй, цаг хугацаа их шаарддаг эхний аргатай харьцуулахад гол хөрөнгө оруулагчидтай богино хугацаанд хэлэлцээр хийх, хүүгээ бууруулах бүхий л боломжоо ашиглахад хоёрдахь арга нь илүү оновчтой гэж үзсэн.  Ингэснээр Хөгжлийн банк зөвхөн өөрийн бондын хүүг бууруулах төдийгүй Монгол Улсаас дэлхийн зах зээлд худалдах аливаа үнэт цаасны хүүг багасгах боломжийг бүрдүүлж,  улсын болон хувийн хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөлийг бий болгоно. Гэхдээ Хөгжлийн банк хаалттай худалдааг цорын ганц оновчтой арга хэрэгсэл гэж үзэхгүй байгаа учраас Засгийн газрын тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвхөн  “хаалттай худалдааг” зөвшөөрсөн байсныг  “нээлттэй болон хаалттай” худалдаа болгож өргөжүүлэх албан ёсны хүсэлтээ Сангийн яаманд тавьсан.

-1990 оноос хойшхи Засгийн газрын бонд худалдсан түүхийг харахад  үр ашиг муутай байсан гэсэн нийтлэг дүгнэлтийг хийж болохоор байдаг. Энэ бүхэн ширээн доогуур наймаалцдаг байсантай холбоотой гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хөгжлийн банкны бонд анх удаа гарч байгаа учраас өмнөх бондын худалдаанаас арай өөрөөр, илүү үр ашигтайгаар ажиллахыг эрмэлзэж байгаа. Үр ашгийн хувьд Хөгжлийн банк өөрөө банк учраас аливаа санхүүжүүлэх гэж байгаа төсөл, зардалд маш хатуу хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Иймээс үр өгөөжтэй ажиллах, аливаа төсөлд хатуу хяналт тавих, үр ашиггүй зардлыг бууруулах талаар банкны ТУЗ, удирдлагуудтайгаа санал нэгтэй ажиллаж байгаа. Алдагдалтай, үнэ цэнэ муутай, үр өгөөжгүй төслүүдийг банкинд тулгаж хэрхэвч болохгүй. Учир нь уг төсөл манай хөгжлийн бодлоготой нийцэж байгаа ч өөрөө үр ашиггүй байж болно. Ийм тохиолдолд хөгжлийн бодлоготой нийцсэн, илүү үр ашигтай өөр хувилбарыг хайх шаардлагатай. Энэ тал дээр манай улсын Засгийн газар, салбар яамд хариуцсан Хөгжлийн банкнаас тавьж байгаа шаардлагад зөв ойлголттой, хүлээцтэй хандаж, хүлээж авах нь чухал.

-Монгол Улсын анхны Хөгж­лийн банкны үйл ажиллагааны алдаа оноог хэн хариуцах вэ. Хуу­лийг нь баталсан УИХ уу, Засгийн газар уу, эсвэл Ч.Хашчулуунтай хариуцлага тооцох уу?

-Хөгжлийн банк Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хуулийн дагуу байгуулсан тусгай санхүүгийн байгууллага. Хөгжлийн банкны тухай хуульд УИХ-ын бүрэн эрх, Засгийн газрын болон Сангийн яамны эрх үүргийг маш тодорхой заасан байгаа. Банкны чухал шийдвэрүүдийг Засгийн газар, Сангийн яам, ТУЗ-өөр хэлэлцэж байж гаргадаг. Иймээс банкны  үйл ажиллагаа, үр дүн болон хариуцах эзнийг уг хуульд тодорхой заасан байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-д банкны стратегийг тодорхойлох, бизнес төлөвлөгөөг батлах, эрсдэлийн бодлого, үр дүнгийн үзүүлэлтийг батлах,  зээлийн бодлогыг найдвартай, эргэн төлөгдөх зарчимд тулгуурлан батлах, Засгийн газарт бонд, зээлийн талаар банкны саналыг хүргүүлэх, банкны засаглалын зөв бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлыг хариуцуулсан.

-Энэ үүргээ хэр сайн биелүүлсэн гэж та үзэж байна вэ?

-Хөгжлийн банкны  ТУЗ өнгөрсөн саруудад банкны стратеги, төлөвлөгөөг гаргах, бизнесийн оновчтой төлөвлөгөө боловсруулан ажиллаж,  банкны дотоод хяналтыг бэхжүүлэх, голлох дү­рэм, журмыг боловсруулж бат­лах зэргээр идэвхтэй ажилласан. Мөн ТУЗ-өөс бондын гүйлгээг үр өгөөжтэй хэлбэрээр шуурхай зохион байгуулах, банкны бизнесийн төлөвлөгөө, хүний нөөцийг бэлтгэх төлөвлөгөөг аравдугаар сард багтаан боловсруулж, батлуулах үүргийг банкны удирдлагад үүрэг болгоод байна.

-Хөгжлийн банкинд төрийн мэдлийн мөнгө төвлөрч буй боловч ТӨХ-нд хамааралгүй болгосон. Бас арилжааны чиглэлийн үйл ажиллагаа явуулахгүй учраас Монголбанкинд  хамааралгүй гэ­сэн. Энэ хоёрт хамааралгүй байгаа нь бүр ч “но”-той санагдах юм. Яагаад ингэж зохион байгуулсан юм бол?

-Хуулийн дагуу Хөгжлийн банк­ны хувьд Засгийн газар, Сангийн яам тусгай эрх үүрэгтэй бөгөөд Хөгжлийн банк Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд байнга тай­лаг­наж байхаар заасан байгаа. Гэх­дээ энэ бол арилжааны банк биш учраас Монголбанкнаас тавих хяналт нь арилжааны банкнаас арай өөр хэлбэртэй байх нь зөв. Цаашид энэ талын хяналт, оролцоог нэмэгдүүлэх, боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагууд саналаа бо­ловсруулж бэлэн болгосон. Үүнийг цаг алдалгүй хэлэлцэж, хэрэгжүүлэх шаардлагатай.

-“Аливаа улс орны байтугай хувь хүний эрх чөлөөг нь гартаа оруулъя гэвэл эдийн засгийг нь атгахад хангалттай” гэж либераль үзэлтнүүдийн номлолд дурьдсан байдаг. Гэтэл манай банк санхүү, уул уурхай, аялал жуулчлал гээд өндөр ашиг шимтэй бүх салбарт өмнөд солонгосчууд зөвлөж,  хамтарч байна.   Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хөгжлийн банк бол шинэ бай­гууллага. Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Хятад улс өөр, өөрийн Хөгжлийн банкийг байгуулж, амжилттай ажиллаж байна. Бидэнд энэ талаар хуримтлуулсан туршлага байхгүй учраас эдгээр орны холбогдох байгууллагуудаас суралцах нь зөв. Иймээс тендерийн дагуу БНСУ-ын Хөгжлийн банкны туршлагатай цөөн менежер манай банкны хамтарсан удирдлагад ор­сон. Олон улсын туршлагыг су­далж, дотоодын боловсон хүчнийг бэлтгэхэд энэ хамтын ажиллагаа чухал гэж бодож байна. Удирдлагын гэрээний дагуу Монголын тал БНСУ-ын Хөгжлийн банкны багийг цөөн жилээр цөөн албан тушаалд ажиллуулах болсон. Хөгжлийн банк Монгол Улсын 100 хувийн өмчит, банкны бодлого боловсруулагчид, ажиллагсад нь монголчууд байгаа бөгөөд удирдлагын багт дотоодын чадалтай мэргэжилтнүүд ажиллаж байна.

-Хөгжлийн банкийг хувьчилбал хэн авах вэ гэдэг бүр ч сонин. Ямар хугацааны дараа хувьчлах бол гэдэг талаар та төсөөлж байна уу?

-Хөгжлийн банк хуулийн дагуу 100 хувь төрийн өмчийн мэдэлд байхаар заасан байгаа тул хувьчлалын талаар ямар ч санал байхгүй.

-Уучлаарай, та агентлагийг тэргүүлж байгаа төрийн албан хаагч. Танд Засгийн газар, намын даргын зүгээс эрхэлж буй ажилд тань нөлөөлбөл үүнийг олон нийтэд ил тод мэдээлж чадах уу. Ийм тохиолдолд та ажлаа өгөхөд бэлэн гэж ойлгож болох уу?

-Миний бие Төрийн албаны тухай, Агентлагийн эрх зүйн тухай хуулийн болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаа учраас аливаа асуудлыг хуулийн  хүрээнд л зохицуулах учиртай.

-Таныг Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын ажлаа өгч байгаа гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Үнэн. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт шийдсэн.

-Ярилцсанд баярлалаа.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж