Коркиний нэрэмжит тэмцээнээс хос алт хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Коркиний нэрэмжит тэмцээнээс хос алт хүртлээ

ОХУ-ын Саха улсын Якутск хотноо энэ сарын 1, 2-нд болсон ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд АНУ, Беларусь, Болгар, Иран, Казахстан, Киргизстан, Монгол, ОХУ, Тажикистан, Турк, Украин зэрэг 10 гаруй орны бөхчүүд зодоглосон. Монголын баг тамирчдын тухайд 55 кг-д Э.Бэхбаяр, Д.Цогтбаатар, 60 кг-д Б.Нэмэхбаяр, Э.Ням-Очир, 66 кг-д Б.Анхбаяр нарын таван тамирчнаа сойсон бөгөөд баг тамирчдыг ахалж Олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар хойд хөршийг зорьсон юм. Улмаар 55 кг-ын жинд Э.Бэхбаяр, 66 кг-д Б.Анхбаяр нар алт, 55 кг-д Д.Цогтбаатар мөнгө, харин 60 кг-ын жинд Э.Ням-Очир хүрэл медаль хүртжээ. Өмнө нь Монголын тамирчид Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэж байгаагүй бөгөөд энэ удаад аваргын алтан медалийг ихэрлүүлж, тус бүр 3000 ам.долларын мөнгөн шагнал хүртжээ. Харин мөнгө, хүрэл медалийг 2000 ба 1000 ам.доллар дагалдсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж