Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

Та цахиур хагална

Юуны өмнө энэхүү өчүүхэн бичмэлийг уншихаар цахим хуудас дуудаж орсон танд баяр хүргэх гэсэн юм. Учир  таны тархи дэлхийн аль ч улсад байхгүй ховор эрдэнэ бөгөөд үүнээс гадна танд бас дахиад гурван хосгүй эрдэнэ буйн учир онцгойлон баяр хүргэлээ. Монгол хүний оюун ухааны задгай сэтгэлгээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн болохыг бид маш олон эх сурвалжаас мэдэх билээ. Тиймээс бусад нөөцийн талаар дэлгэрүүлэн санал бодлоо хуваалцая.

Мөрөөдлөөр дүүрэн Монгол хүн
Дэлхийн нийт улс орны хувь хүний хандлага нэг зүгт байдаг боловч зөвхөн Монголчуудын хандлага л эсрэг зүгт чиглэсэн байдаг ажээ. Тодруулж хэлбэл технологи, дэд бүтэц, эдийн засаг гэх мэт үзүүлэлтээрээ өндөр хөгжилтэй улс орныхон ихэвчлэн гутранги үзэлд автсан байдаг ба энэ нь эрх чөлөөтэй мөрөөдөх бодлын дасгалд чөдөр болдог байна. Үүнийг энгийн жишээгээр батлахад нэр алдарт хүрсэн хүмүүсийн намтар, амжилтын түүх, арга барил бүхий ном маш олон хэвлэгдэж худалдаанд гардагийг бид сайн мэднэ. Үүний уг шалтгааныг ухаж үзвэл мөрөөдөж, бүр хүссэнээсээ ихийг мөрөөдөж чадсан учраас амжилтанд хүрсэн гэх логик бүх номын гол агуулгыг хамардаг. Энэ нь нийт энгийн амьдралтай хүмүүс мөрөөдлөөр жигүүрлэж амьдардаггүйг илэрхийлж байна. Харин Монголчууд ямар билээ? Та мэднэ. Бид хүүхэд байхаасаа л мөрөөдөж, магадгүй хэн нэг нь шувуу шиг шууд нисдэг болохыг мөрөөдөж байсан байх. Гадны орны хүүхэд багаасаа л хүн хэзээ ч шууд шувуу шиг нисэж чадахгүйг мэддэг. Өөрөөр хэлбэл дэндүү хатуу, бодит үнэнээр хүмүүждэг. Та дүүгийнхээ, хүүгийнхээ, охиныхоо мөрөөдлийг сонсож байсан байх. Хэзээ ч бүтэшгүй зүйлийг хүртэл мөрөөддөг. Том болоод ч мөн ялгаагүй. Хэнд ч ярьдаггүй бүтэшгүй гэмээр мөрөөдлүүд бидний дотор нууц гэсэн хавтасны эхний хуудсанд байсаар л байдаг. Би хувьдаа одоог хүртэл бүтэшгүй гэмээр мөрөөдлөө тэр хавтсанд хадгалсаар л байна. Энэ тэгээд юу нь чухал юм бэ гэж үү? Буруу асуулт байна! Учир нь бид их мөрөөддөг мөрөөдөл минь чухамдаа юунд хэрэгтэй вэ гэдгийг хэн хэнээс илүүтэй өөрөө л мэддэг байх ёстой. Өөрөөр хэлбэл мөрөөдөл биднийг зогсолтгүй хөдөлгөж, хөшүүрэгдэж байх мөнхийн хөдөлгүүр юм. Та өөрийгөө их сонин гэдгийг мэдэх үү? Жаргалтай байсан ч, зовлонтой байсан ч, бүр мөрөөдөлдөө хэзээ ч хүрэхээргүй тийм нөхцөл байдалд орсон байлаа ч өөрөө ч мэдэлгүй мөрөөдсөөр л байдаг. Энэ нь таныг дахин оролдлого хийхэд хүргэдэг.  Ийм л учраас таны мөрөөдөл бол таны мөнхийн хөдөлгүүр. Тэмүүжин тухайн үед дэлхийг нэгэн дээвэр дор оруулан, ертөнцийн хязгаар хүртэл явах хүсэл мөрөөдөлгүй байсан бол өнөөдрийн түүхэнд хэн байх байсан бэ? Энэ мэтээс жишээ татахад бусад орны хүмүүст хүчээр суулгах гээд байгаа мөрөөдөх зуршил бидний хувьд төрөлхийх учир бидний бас нэгэн давуу тал мөнөөс мөн. Би энд ямар ч хийсвэр зүйлийн талаар яриагүй. Бодсоор бай, итгэ, итгэвэл ажил чинь өөрөө бүтнэ гэсэн шантрах эсвэл хойш суух үйлдлийн талаар ч яриагүй юм шүү. Зөвхөн бидэнд байгаа давуу талыг ухан ойлгуулахыг мөхөс би хичээж байна. Монголыг бусад орнуудтай харьцуулсан нэгэн судалгаа бидний мөрөөдөмтхий гэдгийг илэрхий батална. Энэ нь хүн амын жаргалтай байдлын судалгаа юм. Судалгааны зорилго нь аль орны иргэн хамгийн жаргалтай амьдарч байна вэ гэдгийг илрүүлэхэд оршжээ. Бодит байдал дээр Монголчуудын амьдрал хэцүү байгаа нь үнэн. Ядуугийн зовлон, улс төрийн тогтворгүй байдал, амьдрах орчин нөхцөл хүнд гээд…  Гэвч Монголчууд уг судалгааг бөглөхдөө “Сайхан амьдарна даа”, “Жаргалтай болно доо” гэсэн хариултаар судалгааг бөглөсөн байна. Нэг талаасаа бидний мөрөөдөх зуршил “Хэзээ ч бууж өгөхгүй” гэдэг байр сууринд биднийг бат зогсоох болжээ. Судалгааны үр дүнд Монгол улсын иргэд хамгийн аз жаргалтай гэсэн үзүүлэлт гарсан байна.

Монголчлох дуртай Монголчууд
Монголчилно гэж зүгээр нэг хэлээгүй нэршил болохыг та бараг гадарлах болов уу. Хэний ч, яаж ч хийсэн бүтээлийг дуурайлган хийж бүр хялбарчилдаг арга ухаан Монголчуудын унаган авъяас. Дэлхийн хэмжээнд 2011 оны менежментийн гол зэвсэг бол сайжруулах менежмент буюу Release Management юм. Өөрөөр хэлбэл яг Монголчуудын арга барил энэ жилийн өрсөлдөөний гол зэвсэг болж байна гэсэн үг. Монголчлох нь Монголчуудын суралцах авъяас гойд сайныг төдийгүй илүү амархан болгон хөгжүүлэгч гэдгийг харуулж байна. Энгийн жишээг авахад бид аль ч орны хэлийг өөрийн унаган хэл мэт сурч чаддаг байдал. Гадаадын оронд суралцаж, ажиллаж буй Монголчууд тухайн орны сурагч, ажилчдаас илүү өндөр амжилт гаргадаг нь ч дуурайж хийх, суралцах авъяас, аргачлалд оршино. Ийм жишээг бид Apple, Microsoft, Yahoo, Сумогийн дэвжээ гээд бусад олон олон баримтаар нэгэнтээ мэднэ. Сумогийн жижиг талбайд олон улсын бөх барилддаг ч япон мэхийг монголчилсон нь мөн л Монгол аваргууд. Бид бусадтай адилхан аргаар суралцахаас гадна өөрийн онцлогийг ашигладаг нь харагдаж байна. Мөн ой тогтоолт, оюуны өндөр төвшин ч нөлөөлж буй нь гарцаагүй болов уу.  Та маш хурдан, чанартай, хөнгөхөн суралцдаг нь таны бас нэгэн зэвсэг болохыг үргэлж санах хэрэгтэй. Шууд утгаараа суралцахаас бүү ай, бүү шантар! Танд нэгэнтээ заяасан суралцах авъяас байхад юу сурахыг хүснэ түүнийгээ сур Хятадууд нэг жилийн дотор сурах зүйлийг та лав 3-4 сарын дотор хангалттай сайн сурч чадна гэдгийг бат хэлэх байна.

Зодолдоно гэхээр зориг орно

Ширүүн тэмцэл хийх тусам улам оргил өөд улайрч, улам төгс төгөлдөр болдог бидний гайхаад барахгүй араншин. Бид өвөг дээдсийнхээ үүх түүхийг он цаг дарааллаар нь биш юмаа гэхэд хэрхэн яаж тэмцэж, цойлон гарч ирж байсныг сайн мэднэ. Одоо ч гэсэн аавыгаа хуулсан юм шиг адилхан гэгчээр энгийн харилцаандаа ч өвөг дээдсийнхээ араншинг гаргадаг хүмүүс. Зодолдоно гэхээр зориг орж уралдана гэхээр бяр амтагддаг. Энэ гайхам араншинг бид зөв ашиглаж суралцах нь туйлын чухал алхам юм.  Энэ нь мөрөөдлийнхөө өөд тэмцэж эхлэхийг хэлж байна. Одоогоор Microsoft-д ажилладаг Монгол бүсгүй М.Сувдмаа-н жишээг саная. Тэрээр 4-р ангиасаа эхлэн хүсэл мөрөөдлийнхөө төлөөх тэмцлийг эхлүүлсэн байх юм. Өөрийнхөө хүссэн амжилтад хүрэх хангалттай мэдлэгийг суралцаж байсан орос сургууль нь өгч чадахгүй байсан тул гэрийнхнээсээ зөвшөөрөл ч авалгүй дур мэдэн сургуулиа сольж байжээ. Энэ жишээнээс дүгнэлт хийхэд хүүхдийг багаас нь тэмцэгч болгох хэрэгтэйг харуулж байна. Багаасаа л ялагч болгох тэмцэлд оруул. М.Сувдмаа өөрийн хийсэн багахан ялалтад урамшсан өдгөө тэрээр Yahoo,  Microsoft гэсэн дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад өндөр боловсон хүчин болж чадсан байна.  Энэ мэт жишээг спорт, урлаг, бизнес гээд олон олон эх сурвалжаас татах нь илүүц бизээ. 13-р зууны үед хүмүүн дайнд гавъя байгуулж алдрын тавцанд гардаг байсан бол 21-р зуунд мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, тэр тэмцэлдээ ялалт байгуулж байж аз жаргалын тавцанд гарах болжээ.
Ингээд бид өөрсдийн энэ их нөөц бололцоогоо бүрэн дайчлаж амжилт өөд, аз жаргал өөр хүрхэд ямар ч Монгол хүний хувьд боломжгүй зүйл биш юм. Бид нэг нэгээрээ дэлхийд нэрээ цуурайтуулж байна. Харин хамтдаа дахин дэлхийн чихийг дэлдийлгэх цаг ирсэн байна.
Та , та, та, бас та цахиур хагалж мөрөөдсөнөөсөө ч илүү амьдрах болно.

http://budgerel.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж