
Энэ сарын 28-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Түвшинчулуунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж ажиллан Дархан болон Сэлэнгэ аймгийн төвүүдийг эрчим хүчээр шуурхай хангах ажлыг зохион байгуулжээ. Ослын газар дээр ажиллаж байгаа Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ компанийнхан өчигдөр 20 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хөтөл сумыг эрчим хүчтэй холбосноор уг гэмтлийн улмаас цахилгаангүй болоод байсан хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангасан байна.
Томоохон ослоос үүдэж базаад хаясан ундааны лааз шиг унасан тулгуурыг шинээр босгож, хэвийн байдалд оруулахад наад зах нь 10 хоногийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан ч ийнхүү газар дээр нь шуурхай ажилласнаар Улсын онцгой комиссийн өгсөн хугацаанаас өмнө Дархан, Сэлэнгийн бүс нутгийн бүх сум эрчим хүчтэй болсон байна. Гэмтлийг засах ажилд хүн хүч, машин механизм нэмэлтээр дайчлан ажиллаж байгаа бөгөөд одоогоор газар дээр нь 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бригад сэргээн босгохоор ажиллаж байгаа гэнэ.
Б.ГАЛ