Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.10.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сэлэнгэ аймгийн иргэдтэй хийсэн уулзалтаа өндөрлүүлээд, Дархан-Уул аймагт ажиллахаар мордлоо. Дарханчуудтай 18.00 цагт уулзахаар “болзоо” тавиад байгаа юм. Харин Монгол Улсын төрийн тэргүүнийг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр иргэдээс хамгийн ихээр сонирхон тавьсан асуулт нь Хүний хөгжлийн сангийн 1.5 сая төгрөгийн хувь хишгийг хэзээ олгож дуусах, бэлнээр өгөх боломжтой эсэх талаар лавлалаа. Дээрх асуултад Сангийн сайд С.Баярцогт хариулт өгсөн юм. Тэрбээр тус аймгаас 2008 оны УИХ-ын сонгуулиар парламентад сонгогдсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сэлэнгэ аймагт ажиллах үед нь хамт дагалдаад буй юм.

Сангийн сайд хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар нь 2012 оны нэгдсэн төсвийг боловсруулахдаа Хүний хөгжлийн сангаас олгож байгаа хувь хишгээ ирэх онд үргэлжлүүлэн олгохоор тусгасан. Ингэхдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 334 мянга гаруй иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр шууд олгохоор тусгаад байна. Үүнд нийт 334 тэрбум гаруй  төгрөг зарцуулагдана. Мөн 170 мянган оюутанд сургалтын төлбөрт нь зориулж 500 мянган төгрөгийг Төрийн санд шилжүүлэхээр, “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган иргэнд орон сууцны төлбөрөө хийхэд нь зориулж, нэг сая төгрөгийг Хүний хөгжлийн сангаас шилжүүлэхээр тооцсон. Нэг үгээр хэлбэл, дээрх арга хэмжээний хүрээнд нийтдээ 600 мянган иргэн нэг сая төгрөгөө авах бололцоо бүрдэнэ. Үлдэж байгаа 2.2 сая иргэний хувьд Тавантолгойн орд дээр Засгийн газар хөрвөх бонд гаргаж, түүнийг мөнгө болгон хувиргаж, иргэд нэг сая төгрөгөө бэлнээр авах уу, үгүй юу гэдэг сонголтыг нь хийлгэх замаар шийдвэрлэхээр 2012 оны төсөвт суулгасан. Харин бэлнээр олгохоор тооцсон 500 мянган төгрөгийн тухайд 2012 оны эхний хагас жил хүртэл сар тутамд 21 мянган төгрөгийг нь олгох замаар өгч дуусна” гэсэн тайлбар хийлээ. УИХ-аас Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлахдаа 500 мянган төгрөгийг бэлнээр, нэг сая төгрөгийг бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн юм. Түүнд заасны дагуу Засгийн газраас 2010 онд иргэн бүрт 120 мянган төгрөг, 2011 онд сар тутамд 21 мянган төгрөг олгосон, нийт 225 мянган төгрөг гар дээрээ бэлнээр авах ёстой. Үлдэж байгааг нь ирэх онд үргэлжлүүлэн 21 мянган төгрөгөөр сар тутамд өгч дуусгахаар зохицуулалт хийж, төсөвт суулгасан. УИХ 2012 оны нэгдсэн төсвийг хэлэлцэн баталснаар энэ бүхэн шийдлээ олно гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сэлэнгэ аймагт ажиллах үед УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар мөн ажиллаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж