В.Путины “гар”-аар нефтийн үнийг удирдана

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

В.Путины “гар”-аар нефтийн үнийг удирдана

Оросын Засгийн газар энэ оны эхнээс нефть, нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтоох шинэ томьёоны талаар хэлэлцэж эхэлсэн билээ. “60-66” хэмээн нэрлэгдсэн уг шинэчлэл олон сар хэлцэгдсэний эцэст нэлээд өөрчлөлттэйгөөр Ерөнхий сайд В.Путины “гараас гарч” аравдугаар сарын нэгнээс мөрдөгдөхөөр болжээ.

Оросын эдийн засаг экспортод түшиглэдэг бөгөөд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнээс ихээхэн хамааралтай. Нефтийн компаниуд ОХУ-ын төрд энгийн татвар, ашигт малтмал олборлосны татвар, дээр нь нефтийн экспортын онцгой татвар гэсэн гурван давхар татвар төлдөг. Оросын нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар хоёр сар тутамд нэг удаа өөрчлөн тогтоогддог уламжлалтай бөгөөд хямралын үед нефтийн компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор сард нэг удаа хэлэлцдэг байсан юм. Засгийн газрын хуучин бодлогоор, нефтийн компаниудын хувьд түүхий нефть бус хагас бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох нь илүү ашигтай байхад чиглэгдэж байв. Гэвч энэ систем амьдрал дээр өөрөөр хэрэгжиж, дотоодын зах зээлд нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүн эрс багасахад хүргэсэн нь хомсдлын хэмжээнд хүрч Засгийн газрыг цухалдуулжээ. Сүүлийн үед хойд хөршид онгоцны түлш, бензин, керосины хомсдол ээлж дараалан үүсч, Засгийн газар нефтийн компаниудад чиглэсэн сүрдүүлэх, торгох, хаалттай яриа хийх зэрэг үр дүн багатай аргаар “гал унтраах” төдий явж ирсэн юм.

Харин 2011 оны хоёрдугаар сараас нефтийн бүтээгдэхүүний экспортын бодлогыг шинэчлэх санаачилга гарч “60-66” гэх томьёо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яригдаж эхлэв. Сүүлийн жилүүдэд Оросын цөөнгүй компани хэтэрхий олон төрлийн татвар төлж байгаа, шинэ орд газарт нефть олборлолт эхлэх нь ашиггүй байгаа талаар гомдоллох болсон юм. Шинэ томьёоны ачаар Засгийн газар нефть олборлолт ашигтай байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

“60-66” гэх томьёог товчхон тайлбарлавал, түүхий нефтийн экспортын татвар нь нефтийн үнийн 60 хувь байх /одоо 65 хувь байгаа/, нефтийн бүтээгдэхүүний татвар түүхий нефтийн үнийн 66 хувь байхаар тэгшитгэснийг илэрхийлж байгаа юм. Энэ нь нефтийн компаниудын түүхийн нефть, бензины экспортын зардлыг багасгахад нөлөө үзүүлнэ гэж албаныхан мэдээлж байна. ОХУ-ын Сангийн яамны мэдээгээр, аравдугаар сарын нэгнээс нефтийн экспортын татвар 7,4 хувиар буурч, тонноос 411,4 ам.доллар, нефтийн бүтээгдэхүүнийх -271,5 ам.доллар, бензин -370,2 ам.доллар болж байна.

Үүнээс гадна, зарим хэвлэл, тухайлбал “Ведомости” сонинд нийтэлснээс үзвэл, В.Путин шинэ томьёог “60 /65/-66” болгон өөрчилсөн бөгөөд Ерөнхий сайд сар бүр өөрөө нефтийн үндсэн татвар 60 хувь эсвэл 65 хувь болохыг зарлаж байхаар тогтсон гэнэ. В.Путины энэхүү “гар удирдлага”-ын журам нь нефтийн компаниуд “биеэ хэр сайн авч явахаас” хамаарах ба дотоод дахь бензиний үнэ нэмэгдсэн тохиолдолд татвар өндөр хэвээр үлдэх зарчмаар хэрэгжих аж.

Гэхдээ Путин “гар удирдлага”-ыг албан ёсоор баталсан мэдэгдэл одоогоор гараагүй байгаа ч ирэх сарын сүүл гэхэд бүхэнд ил болох нь лавтай.

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж